Докторант Д.ОТГОНБАЯР
Нэг.
В.Шекспирийн бүтээл гэхээр сонгодог, түүнд ямар нэгэн өө сэв байхгүй, төгс төгөлдөр гэдэг ойлголт сэтгэлд шууд л буудаг. Хэдэн зуун дамжин цаг хугацааны өршөөлгүй шүүлтүүрийг даван гарч ирээд өчигдрийн, өнөөдрийн уншигчийн сэтгэлийг татаад байгаа болохоор яах аргагүй сонгодог бүтээл. Дэлхийн олон оронд Шекспирийн бүтээлүүд тайзнаа янз бүрийн хэлбэр хийцтэйгээр амилж, үзэгчдийг татсаар ирсэн. Монголд ч адилхан. Шекспирийн сонгодог бүтээлүүдээс УДЭТ-ын тайзнаа найруулагч нар янз бүрээр л найруулан тавьсан. Цаашдаа ч тавигдах нь мэдээж. Харин агуу зохиолчийн сонгодог бүтээлийг үзэгчдэд хүргэсэн гэдэг сурталчилгаа хийгээд магтаалаас гадна уг бүтээлээ хэрхэн судладаг, тэндээс чухам юуг нь, яаж шүүрдэж үзэгчдэд хүргэдэг бол гэдэг асуулт хуудсыг нь дөнгөж эргүүлэн буй энэ номноос гарч ирлээ. Учир нь “Шекспирийн жүжгүүд гэдэг юм бол холион бантан” гэж хэлж, бичиж байсныг өмнө нь уншиж байгаагүй болохоор тэр л дээ. Гэхдээ энд учир байна аа. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зохиолчийн сонгодог бүтээлийг “холион бантан” гэж хэлж чадна гэдэг судалж, учрыг нь олж хужрыг нь тунгаасан хүний үг аж.
“...бид Шекспирийн жүжгүүдийг нэлээд болгоомжтой авч үзсэний дараа нэгэн цагт бодит амьдралтай огт холбоогүй зүйлийг үзүүлж харуулдаг театр оршиж байж гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэжээ. Бас л яагаад гэдэг асуулт гарч ирнэ. Учир нь Шекспирийн жүжиг, мөн түүний театр амьдралын бодит үнэнийг элдэв хачиргүй шууд үзүүлэх боломжтой тийм хэлбэрийн театрт илүү дөхөм байсан гэдгийг тэрбээр онцлоод байгаа юм. Шекспир амьдралын гашуун үнэнийг олж харж, өөрийн театрт баримталж байсан эпос аргачлалаараа тайзны бүтээл болгон жүжгээ урлаж байсан. “Орчин үеийн театрт амьдралыг үнэн бодитой үзүүлэх цорын ганц зам бол Шекспирийн жүжгүүдэд нэвт шингээстэй байгаа, тэр ч утгаараа ойлгож ухааран тайзан дээр амьдруулахад бэрхшээлтэй болгодог илэрхийллийн гүн ухаан болох эпос хэв маягийг л баримтлах шийдэл л үлдээд байгааг хэлэх хэрэгтэй болжээ” хэмээн тунхагласан энэ хүн бол Бертольт Брехт /Bertolt Brecht/.
Хоёр.
Германы зохиолч, яруу найрагч, найруулагч, драматург, театрын онолч гээд Бертольт Брехт (1898-1956)-ийн нэрийн өмнөх тодотгол урт. Эндээс чухам алинаар нь, аль өнцгөөс нь Брехт гэж энэ эрхэмийг харах вэ гэдэг бас л асуулт. Хамгийн гол нь театр-урлагт өөрийн баримталж байсан байр сууриа онол болгон хүлээн зөвшөөрүүлж чадсан цөөхөн хүний нэг нь Бертольт Брехт гэдэг энэ эрхэм.
Дэлхийн урлаг судлаачид XX зууны Германы тайзны урлагийн ноён оргил болох хүн бол Бертольт Брехт гэж санал нэгтэй үнэлдэг бөгөөд Брехтийн эпос театр гэдэг нь дэлхий дахинаа соёл урлаг, театрын онол-судалгаанд хүлээн зөвшөөрөгдсөн нэр томьёо болсон нь үүний баталгаа.
“Бертольт Брехт. Шүлэг найраг, нийтлэл, ярилцлага, хэлсэн үг” номын гуравдугаар бүлэг “Эпос театрын онол”-ын тухай дэлгэрэнгүй өгүүлэх тул энд нурших нь илүүц биз ээ.
“Брехтийн эпос театрын онол” гээд ярихаар магадгүй олон жүжигчинд, уран бүтээлчид хол мэт сонсогдож болох. Харин энэхүү онолын цаана сургалтын цогц гэж хэлж болох хөтөлбөр, гарын авлага байна. Өнөөдөр ч авч хэрэглэж, хэрэгжүүлж, үгүйдээ л туршиж үзэж болох санаа, “жор” байна гэсэн үг.
Дашрамд дурдахад, Б.Брехтийн “Галилейн амьдрал” жүжгийг найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж УДЭТ-ын тайзнаа 1988 онд найруулан тавьж байсан.
Харин Брехтийн эпос театрын хэв маягийг найруулгадаа ашигласан жишээ гэвэл урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулсан “Амьгүй албат” /2005/ жүжгийг нэрлэж болно. Н.В.Гоголийн “Амьгүй албат” найраглалаас сэдэвлэн Н.Пүрэвдагвын бичсэн “Амьгүй албат” драмын жүжгийн үзэл санаа, өвөрмөц хэв маяг, найруулгын шийдэл, жүжигчдийн тоглолт гээд олон талаараа онцлогтой. “Амьгүй албат” жүжиг нь дараа дараагийн уран бүтээлчдэд сургалт-судалгааны обьект болж үлдэж байгаа чанартай чансаатай бүтээлүүдийн нэг болсон билээ.
Гурав.
Брехтийн амьдарч, ажиллаж уран бүтээлээ туурвисан цаг хугацаа нь өнгөрсөн зууны эхний хагаст хамаарна. Харин түүний уран бүтээлийг, театрын тухай, урлагийн тухай, тайзнаа тавигдаж байгаа жүжгийн талаар, жүжигчдийн тоглолт арга барил, найруулагчийн үйл ажиллагааны тухай ярьж, бичиж туурвиж, хэлж байсан нь яг өнөөдрийн театрын тухай яриад байгаа юм шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ.
Брехтийн уран бүтээлээ туурвиж байсан түүхэн цаг үе нь буурал европ дэлхийн нэг, хоёрдугаар дайныг үзэж туулсан үе. Сая сая хүний амийг авч одсон дайн ард түмнийг цөхрөөж, залхааж, бас хэрсүүжүүлсэн. Дайныг үзэж туулсан үзэгч театрын суудалд ирж суухад түүнийг юугаар гайхшруулж, юуг бодуулж театраас гаргах вэ, дайныг, бас фашизмыг эсэргүүцэж байгаагаа уран бүтээлээрээ яаж харуулах вэ... гэдэг эрэл хайгуулын цаг үе.
Мөн хорьдугаар зууны эхэн үе гэдэг нь киноны хөгжлийн тэсрэлтийн үе. Техник технологийн ололтын гайхамшиг болсон дэлгэцийн урлаг нь эргээд театрт нөлөөгөө тусгаж эхэлсэн цаг. 1930-аад оны Германы театрт хэдхэн жилийн дотор шинэчлэл хийсэн гэж үнэлэгддэг Пискатор олон гайхалтай өөрчлөлт хийж чадсаны нэг нь театрт суурилуулсан экран болох талаар Брехт бичсэн байна. Ингэснээр жишээ нь тайзан дээр хөрөнгийн зах зээл дээр Албанийн нефтьтэй холбоотой улаан галзуу өрсөлдөөн болж байхад арын хөшиг дээр цэргийн усан онгоц нефть тээвэрлэлт, олборлолтыг таслан зогсоохоор далайд гарч байгааг харуулна гэдэг тэр цагтаа маш том дэвшил байсан аж.
Брехтийн цаг үед дайныг үзэж туулсан үзэгчдийг театр руу эргүүлэн авчрах эрэл хайгуул хийж, киноны технологийн гайхамшгаас театр яаж өөртөө тусгаж авч үлдэх вэ гэж эрж хайж байсан. Тэгвэл 21 дүгээр зууны эхэн үеийн үзэгчид гэдэг дэлхийг “хавтгай” болгосон технологийн “ид шид”-ээр цаг хугацаа, орон зайн хил хязгаарыг даван туулсан, хэр баргийн юмыг гайхан шогшроод байхгүй, мэдлэгтэй, мэдээлэлтэй болсон улс. Товчхондоо бол, тайзны урлагаас гайхамшиг хүлээж горьдсон үзэгчид биш, харин эсрэгээрээ театр урлаг намайг юугаар гайхшруулж чадах юм бол гэж өдсөн харцаар дээгүүр харсан үзэгчид. Энэ нь хорьдугаар зууны найруулах урлагийн шилдгүүдийн нэг болох Всеволод Эмильевич Мейерхольд /1874-1940/ “Жүжгийн зохиолч, үзэгчид гэсэн хоёр тал эрх мэдлийн хувьд цаг ямагт өрсөлддөг” хэмээн тодорхойлон бичиж байсантай яг дүйж байгаа юм.
Алганд багтсан технологи болох гар утаснаасаа дэлхийн томоохон театрын шинэ жүжгийг, Холливудын шинэ киноны нээлтийг шууд үзэж болж байгаа даяаршсан, технологи энгийн хэрэглээ болсон цаг үеийн үзэгчдийг театр урлаг яаж татах вэ гэдэг эрэл хайгуул өнөөдөр яг л Брехтийн цаг үетэй адилхан байна. Дэлхий даяараа цар тахалд нэрвэгдсэн 2020, 2021 он нь театр урлагийг технологийн боломжуудыг ашиглах эрэл хайгуулыг түргэсгэж, энэ чиглэл рүү том алхам хийлгэсэн. Дэлхий даяараа урлагийн олон салбар тэр дундаа театр нь дижитал шилжилтэд бэлэн байгаагүйгээ ч хүлээн зөвшөөрч, гарц гаргалгаа хайж эхэлсэн. Тухайлбал, 2020 онд тохиосон агуу их эх орны дайны ялалтын ойд зориулсан Оросын “Дайны үеийн тэмдэглэл, захидлууд” нэртэй радио-цахим театрын формат. Оросын драмын их театрынхан ялалтын ойд зориулан ялалтын баярын өдөр бүтэн 12 цагийн турш эх орны агуу их дайны үеийн тэмдэглэлийг жүжигчдээр уншуулж, радио-цахимаар сонсогчдод хүргэсэн нь бас л нэг сонирхолтой шийдэл байсан. Энэ мэт олон жишээ дурдаж болно.
Брехт ба өнөөдрийн цаг үеийн холбоосыг Оросын утга зохиол судлаач-онолч Михаил Бахтины “Орчин үе гэдэг бол өнгөрсөн явдлыг шинээр харах туршлага учир үйл явдлыг илүү гүнзгий, хурц, өргөн, амьдруулж харах боломж болохоос биш өнгөрсөн явдалд хутгалдан засаж шинэчлэх хүч биш” гэж бичсэнээр ойлгож болно.
Дөрөв.
Жүжигчин хүн насан туршдаа дүрээс дүрд суралцаж байдаг гэж ярих нь олонтаа. Бас гайхалтай төрмөл авьяасын тухай ярьдаг. Энэ нь нөгөө өндөг тахиа хоёрын аль нь анхдагч вэ гэдэг шиг л цаашдаа ч үргэлжлэн яригдсаар байх сэдэв. Чухам аль нь анхдагч байлаа ч гэлээ жүжигчин гэдэг мэргэжил нь сургууль төгссөн дипломоор бус, харин аливаа дүрийг яаж бүтээв ээ гэдгээрээ үнэлэгдэж, цаашдын ажил амьдралынх нь хувь заяа шалтгаалж байдаг. Жүжигчний бүтээж байгаа дүр гэдэг зохиолчийн санаа, найруулагчийн шийдэл, жүжигчний хөдөлмөр гээд тал талаас цуглаж, эцэстээ үзэгчдийн өмнө гарч ирж байгаа “шинэ хүн”. Энэ “шинэ хүн”-ийг бүтээх үйл явцын талаар сургалтын шууд гарын авлага бол “Бертольт Брехт. Театр: Шүлэг найраг, нийтлэл, ярилцлага, хэлсэн үг” ном.
Яаж, яагаад, ямар учраас... гээд гарч ирж байгаа олон асуултын хариуг өгөхдөө жүжгийн үзэгдэл, жүжигчний ажиллагааны нарийн чимхлүүр жишээн дээр тайлбарлажээ. “Алдартай жишээ авъя. “Лир ван”-д хааны үнэнч зарц шударга бус нэгнийг занчдаг. Энд бид нэг дэх хүний нөгөөдөө хилэгнэж байгааг хуваалцах ёстой юу? Театрт бид тоглолтын арга барилаараа сэтгэлийн энэ хөөрөлд татагдан орж, бусдыг ч татан оруулж чадна. Гэхдээ яах ёстой вэ гэдгийг нарийн бодох хэрэгтэй” хэмээн Брехт бичжээ...
“Бертольт Брехт. Театр: Шүлэг найраг, нийтлэл, ярилцлага, хэлсэн үг” номын гуравдугаар бүлгийн 4-8 дахь хэсэг, “Театр дахь ажил амьдрал” хэмээн нэрлэсэн дөрөвдүгээр бүлэгт найруулагч хийгээд жүжигчний арга ажиллагаанд зориулагдсан онол, түүнийг хэрэгжүүлсэн туршилт, баримт нотолгоо багтжээ. Өөрөөр хэлбэл, тэгж хийдэг юм, тэгдэг юм гэж хөндлөнгөөс зааварлаж байгаа биш, харин ингэж хийдэг юм гэдгийн жишээ баримт нотолгоо нь энэ гэж харуулсан нь сурах бичиг, сургалтын гарын авлага болгон шууд ашиглах боломжтой болгожээ. Энэ бол Брехтийн бүтээлийн нэг үнэ цэнийн илэрхийлэл.
Тав.
Орчуулагч Норовын Пүрэвдагва нь Б.Захава, В.Мейерхольд, Питер Брук, Ежи Гротовски, Михаил Бахтин нарын бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдад хүргэсэн. /Энд зөвхөн театртай холбоотой бүтээлүүдийг дурдаж байгаа/ ХХ зууны театрын онолчдын бүтээлүүд нь олон монгол хүнд хүрсэн, олон хүн уншсан. Эдгээрийг залгаад Норовын Пүрэвдагва, Санждоржийн Туяа нар “Бертольт Брехт. Театр: Шүлэг найраг, нийтлэл, ярилцлага, хэлсэн үг” номыг уншигчдадаа толилуулж байна.
“Орчуулга хийнэ гэдэг бол тэвчээрийн шалгуур” хэмээн зохиолч, орчуулагч Норовын Пүрэвдагва нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Тэр тусмаа бичсэн, найруулж тавьсан жүжгүүд нь шинэ санаа, бүтээлч зоримог шийдэл дүүрэн байдаг, зуун дамжин хүлээн зөвшөөрөгдсөн онолчийн бүтээлийг орчуулна гэдэг амар хялбар байгаагүй аж. Орчуулагч энэ тухайгаа “...Түүний амжилтын үндэс Европын түүний дотор Германы тайзны урлагийн өмнөх үеийн ололт амжилтаар нөхцөлдөн буй болсон байх ёстой гэж театр судлаачид үзэн Брехтийн зохиол, бүтээл нэн эртний үетэй болон Шекспирийн зохиол бүтээлтэй хэрхэн холбогдох талаар судалгаа хийсэн байх ажээ. Тэрчлэн Хятадын театр, европын дундад зууны, Соён гэгээрлийн, Бюхнерийн, экспрессионистуудын, Ведекиндийн, Пискатор болон Шоугийн уран бүтээлтэй хэрхэн уялдаж байгааг мөшгөн хийсэн олон талт судалгаа ч цөөнгүй бололтой юм. Жаахан хөөж үзтэл...Аристотелийн номлол сургаальтай амин холбоотой болж таарав. Гэсэн ч ам гарвал барьж болдоггүй гэсэн нэгэн муйхар зарчим баримтлах аятай болохоор цаг алдсан ч зууралдсаар ийм зэрэгтэй болов” хэмээн бичжээ. Эндээс чухамдаа энэхүү номыг орчуулна гэдэг ямархуу өргөн цар хүрээг хамарсан, нөр их гэж хэлэхэд багадах хөдөлмөр байсныг нь харж болно.
Номын нэгдүгээр бүлэгт багтсан Брехтийн шүлэг найраглалууд өвөрмөц. Уран цэцэн үг, уянгын халил байхгүй ч, хүнд шууд хүрэх хурц санаа, тод дүрслэл, өвөрмөц хэллэгүүдтэй. Брехт нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 1955 онд “Шарил дээр минь самбар хэрэггүй” гэж шүлэг бичиж байжээ. Хэдийгээр тэрбээр ингэж шүлэглэж байсан ч, Германы зохиолч, яруу найрагч, найруулагч, драматург, театрын онолч Бертольт Брехт гэдэг энэ хүн уран бүтээлээрээ хүн төрөлхтний түүхэнд арилшгүй хөшөөгөө үлдээжээ.
Дэлхийн тайзны урлагт дэвшил хөгжил авчирсан онолч-найруулагч-зохиолчийн тухай одоо монголчууд тэр тусмаа теарт урлагийнхан сургаар таамаглаж ярих биш, уншаад тодорхой ярих боломжтой боллоо.
Үр дүнг нь хүлээе.
2021. 09.16
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 66 (6798)