Б.ОД
ОХУ-ын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тогтоолоороо элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспорт, мөн улаанбуудай, меслин, хөх тариа, арвай, эрдэнэ шишийн экспортод түр хугацаагаар хориг тавиад байна. Энэ хориг Монгол Улсад хэрхэн хамааралтай талаар Гадаад Харилцааны Яамнаас/ГХЯ/ дараах мэдээллийг өглөө.
Элсэн чихэр, үр тарианы тухайд хувийн хэрэгцээндээ зориулан хувь хүмүүсийн гаргаж байгаа бараанд хориг тавих эсэх талаар дурьдаагүй байна. Ингэснээр тус хориг нь ААН, хувь хүмүүст аль алинд нь хамаарна. Тодруулбал, Буриадын Гаалийн албаны орлогч дарга И.Бурлака гуравдугаар сарын 29-нд сахар, улаан буудайн экспортод хориг тавьсан ОХУ-ын Засгийн газрын №361 тогтоолыг мөрдөхийг Орос, Монгол болон гуравдагч орны иргэдэд анхааруулж, тус хориг нь хувь хүмүүсийн өөрийн хэрэгцээнд гаргаж буй бараанд хамаарах болохыг нотолжээ.
Гэхдээ дээрх тогтоол нь “ОХУ-ын нутаг дэвсгэрээс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус улс орнууд руу улаан буудай, меслин, арвай, хөх тариа, эрдэнэ шиш гаргах асуудлыг зохицуулах арга хэмжээний тухай” Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 2595 дугаар тогтоолын долоод заасны дагуу Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яамнаас олгосон нэг удаагийн экспортын лицензийн үндсэн дээр Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гаргаж буй үр тарианд хамаарахгүй байна.
Өөөр хэлбэл, ОХУ-аас жил бүр тогтоодог улаан буудай, меслин, арвай, хөх тариа, эрдэнэ шишийн экспортын квотод хамрагдсан ОХУ-ын ААН-ээс эдгээр төрлийн үр тариаг худалдан авч буй тохиолдолд дээрх экспортын хориг хамаарахгүй юм.
Эх сурвалж:www.polit.mn