Б.ОД
Монгол хэл бичгийн шалгалт энэ долоо хоногийн бямба гарагт Улаанбаатарын цагаар 10:00-11:40 цагт болно.
Үүнтэй холбогдуулан шалгалт өгөхөөр хэдэн сурагч бүртгүүлснийг Боловсролын Үнэлгээний Төвийн хэлтсийн дарга М.Болдсайханаас тодрууллаа. Тэрбээр "Энэ онд ерөнхий боловсролын сургуулийг 33053 сурагч төгсөнө. Төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ-д хамрагдах эсэх судалгаа авахад 2000 хүүхэд өгөхгүйгээ илэрхийлсэн. Ингэснээр 2022 онд сургуулиа төгсөх 31062 сурагч Монгол хэл,бичгийн шалгалтад бүртгүүллээ. Үүн дээр өмнөх оны төгсөгч 6152 хүн нэмэгдэж, нийт 37283 хүн Монгол хэл,бичгийн шалгалт өгнө” гэв. Монгол хэл бичгийн шалгалтад зориулж 49 байр бэлтгэжээ.
Шалгалтад ирэхдээ анхаарах зүйл:
- цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичигтэйгээ ирэх
- бүртгэлийн хуудас болон суудлын хуваариа хэвлэн авчрах
- шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх
- шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэхийг анхаарууллаа.
Эх сурвалж:www.polit.mn