Ц.МЯГМАРБАЯР
Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” гол зорилгоо хангасан үр дүнтэй хэлэлцүүлэг болсон гэж оролцогчид дүгнэж байна. Эхний өдөр Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж баталсан бол өчигдөр ногоон санхүүжилтийг дэмжих хүрээнд Санхүүгийн салбарынхан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг байгуулж, тус санд хоёр тэрбум төгрөг хандивласнаар манлайллыг бий болгож оролцсон нь сайшаалтай байлаа. Тус санд жил бүр 2-3 тэрбум төгрөг төвлөрүүлж сангийн дүрэм, зарцуулалт, хандив болон хөрөнгө оруулалт татах үндсэн ажлыг “Тогтвортой ногоон санхүүжилт" /ТоС/ Холбоо хэрэгжүүлж ажиллахаар болж байна. Тодруулбал, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн дөрвөн байгууллага болох Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламж даатгалын корпораци “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг санаачилж замын зургийг баталсан. Замын зургийн хүрээнд банкны салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 онд 10 хувьд хүргэх буюу 5.2 их наяд төгрөгийн зээлийг олгох зорилтыг тавьж байна. “Ногоон таксаноми” төслийг арилжааны банкууд, “ТоС” холбоо, Монголбанк санаачилж, 2019 онд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл баталсан байдаг. Өнгөрсөн хугацаанд банкны салбарын хэмжээнд 21 их наяд төгрөгийн зээлийг олгосон аж. Таксаноми шалгуураар 1.4 хувь нь ногоон зээл байна. Монгол Улс таксаномитой болсон дэлхийн хоёр дахь улсад тооцогдож энэ нь олон улсад сайн туршлага, жишиг болжээ. Түүнчлэн Монголын ногоон санхүүгийн корпорацийг байгуулж “Уур амьсгалын ногоон сан”-гаас 27 сая ам.долларын санхүүжилтийг байгуулсан нь Уур амьсгалын ногоон санхүүгийн хувьд дэлхийд анх удаа өөрийн хөрөнгийн санхүүжилт хийсэн тохиолдол болжээ. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Тогтвортой санхүүгийн замын зураг” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс дэмжин оролцож, 2030 он хүртэл Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд 88 сая 600 мянган мод тарьж ургуулах амлалтыг авч Монголын банкны холбооны ерөнхийлөгч Л.Амар "Тэрбум мод" сангийн нээлтийн үеэр баталгаажуулсан юм. Банкууд ногоон карт гаргаж 1000 төгрөг тутмын нэг төгрөгийг энэ санд хандивлах байдлаар санхүүгийн хэрэгслийг ногоон хөгжилд ашиглах шинэ бүтээгдэхүүнийг гаргах санаачилга өрнөж эхэлснийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байна. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ББСБ-ууд нийт гаргах зээлийнхээ тав хүртэл хувийг ногоон зээл болгох санал гаргасан. Тарьсан ой, модоо даатгалд хамруулах эрх зүйн орчинг бий болгох тухай ч хөндөгдсөн. Тогтмол орлоготой сан болгох. Ингэхийн тулд гүйлгээ бүрээс мөнгө татаж ногоон хөгжилд орж байх зохицуулалт хийх. Энэ мэтээр төлбөр тооцооны хэрэгсэлд цахим хандивлагч, цахимаар мод тарих захилга хийх, хандивыг цахимаар авах боломжийг бий болгох тухай ч ярьсан. Ногоон эдийн засаг, ногоон санхүүжилтийг авах тусам тухайн байгууллага, бизнес ногоон болох учиртай гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодотгосон. Тус сангаар дамжуулан шар түйрэн, цөлжилттэй тэмцэх, салбарын хэмжээнд нэгдсэн стандарт гаргах, мод тарих үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд судалгаа хийж, гадны туршлагыг нэвтрүүлэх, блокчэйн технологи дээр суурилсан санхүүжилтийн болон нийлүүлэлтийн шинэ арга хэлбэр, ил тод тогтолцоог бий болгох ажлыг хийж хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
“Тэр бум мод ”, “Хөх морь” ногоон хөгжлийн онцлох төсөл
Ногоон хөгжлийн сэргэлтийн онцлох хоёр төсөл нь ойн сан бүрдүүлэн ойжуулж уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулахад "Тэрбум мод” нийгмийн сайн сайхны төлөөх болон эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл. “Хөх морь” нь усны нөөц бүрдүүлэх, аж үйлдвэрийг сэргээх, тариалангийн талбайн зурвасыг өргөжүүлж усжуулах, гадаргын усыг сэргээх эдийн засгийн ач холбогдолтой төсөл аж. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засгийн, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт хэлэхдээ “ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг тайлагч 90 гаруй төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Тодруулбал, 20 багц төслийг 94 төсөл болгож санхүүгийн схемийг хийсэн. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг, гадаргын усыг сэргээх “Хөх морь” төсөл нь таван аймгийг дамнасан говийн бүсэд аж үйлдвэрийг сэргээх нийгмийн болоод эдийн засгийн өндөр ач холбогдолтой. ТЭЗҮ-ийг нь улсын төсвийн хөрөнгөөр хийсэн. Нийгмийн ач холбогдол нь илүү учраас эрсдэлтэй төсөл. Зогсох магадлалтай. Тухайлбал, Хэрлэн-Тооно нь “Тавантолгой”-н бүлэг ордуудад усны эх үүсвэр татах учраас эдийн засгийн ач холбогдолтой хэдий ч олон улсын байгууллагуудаас санхүүжилт татах тухайд хүндрэлтэй. Гэхдээ эдийн засгийн хувьд өгөөжтэй. Үүнд 1.2-4 их наяд төрөгийн санхүүжилт хэрэгтэй. Харин “Орхон-Онги” төсөл нь Улааннуур хүртэл нийгмийн ач холбогдолтой төсөл. Үүнд нэг их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Харамсалтай нь Онги гол ширгэж экологийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэлтэй. Нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Тиймээс гадаргын усыг сэргээх ач холбогдолтой талаас нь хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудад тайлбарлаж хөрөнгө татах шалгуурт нь нийцэлтэй байх болов уу” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, төслийнхөө агуулгыг зөв тодорхойлж, эрсдэлээ эхэлж тооцож танилцуулах нь амжилттай хэмээн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, хөрөнгө санхүүжилт олж ирэх байгууллагынханд зөвлөсөн юм. Мөн Усны хэлэлцээрүүд нь хөрш зэргэлдээ орнуудад харилцан хамааралтай байдаг учраас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэж буй хэмээн асуудлыг танилцуулах нь амжилттай байдаг тухай БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга онцолж байв.
Түүнчлэн Эрсдэлийн, Итгэлцлийн сангийн талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинжээч Э.Эрдэнбат "Эдгээр сан олон улсад 30 жил туршсан байдаг. Гол зорилго нь Монгол Улсад байгаль орчинд дутагдаж буй санхүүжилтийг бүрдүүлэхэд жендерийн тэгш байдлыг орхигдуулахгүйгээр хангах юм” гэж саналаа илэрхийлсэн бол “Дэ Нэйче Консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах “Алсын хараа 2050”-ын зорилтын хүрээнд газар нутгийн 30 хүртэл хувийг хамгаалахаар тусгасан. Тиймээс Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулахад 100 орчим төсөл хэрэгжүүлэх, 30 сая га талбайг хамруулан 30-40 мянган нутгийн иргэдийн оролцоог хангаж 10-15 жилийн хугацаатай хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр гадаад хандивлагчдаас хүсэхээр төлөвлөж байна. Мөн үрийг байгаль орчныг хамгаалах хэрэгсэл болгож солилцдог загварыг олон улсад хэрэгжүүлж байна” гэсэн юм. 2021 онд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс улсын төсөвт 141 тэрбум төгрөг төвлөрсөн. Үүний 23 хувийг Байгаль орчны хамгалалтад ашигласан нь хангалтгүй гэж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэмдэглэн хэлсэн. Тэрбээр Байгаль орчны хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг ч шүүмжилсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 65 (6797)