Б.ОД
Төрөөс эрчим хүчний салбарт баримталсан бодлогыг хэрэгжүүлэх хугацаа, хамаарлыг оновчтой тодорхойлоогүйн улмаас эрчим хүчний салбарт бодитой ахиц гараагүйг Үндэсний аудитын газар мэдээллээ.
Ялангуяа эрчим хүчний тарифыг өртгөөс багаар тооцсонтой холбоотойгоор тарифт ноогдох зардал нэмэгдсэн байна. 2018 онд 11.7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд нийт эрчим хүчний тарифт ногдох зардал 50.6 тэрбум болж өсжээ. Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Төрийн өмчит компаниудын алдагдал жилд дунджаар 35.7 хувиар нэмэгдсэнийг тайланд мөн онцолжээ.
Мөн 2020 он гэхэд эрчим хүчний хэрэгцээний 85 хувийг дотоодын эх үүсвэрээр хангах зорилт тавьсан юм. 2016 оны байдлаар нийт хэрэгцээний 80.3 хувийг дотоодын эх үүсвэрээр хангадаг байсан бол 2020 онд энэ үзүүлэлт 80.7 хувь болсон байна.
Нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд 20 хувьд хүргэхээр заасан юм. 2020 онд 18.3 хувь байсан энэ үзүүлэлт 2021 оны байдлаар 17.8 хувь болж буурсан байна.
Түүнчлэн Төрөөс эрчим хүчний салбарт зориулж 2015 оноос хойш 993.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ нь нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын 8.8 хувьтай тэнцэж байгаа юм. Цаашид хөрөнгө оруулалт буурах нь салбарын аюулгүй байдлыг хангаж чадахгүйд хүргэж, цахилгаан, дулааны хангамжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болохыг Үндэсний аудитын газар мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn