Р.ОЮУН
Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Жил бүрийн гуравдугаар сарын 30-нд тохиодог дэлхийн эмч нарын өдрийг Монгол Улсад эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил “Алтан чагнуур”-ын эздийг нарийн мэргэжлийн 16 төрөлд тодруулахаар тогтжээ. Нийслэл, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшсэнээс 16 нь “Алтан чагнуур”-ын эзэн боллоо. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, “Алтан чагнуур”-ын эзэн болсон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, анагаах ухааны докторант Б.Одончимэг нарын сэтгэгдлийг сонслоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:“Алтан чагнуур” эмч хүний хувьд том шагнал
-Өнцөг булан бүрт ажиллаж байгаа болон дэлхийн бусад оронд ажиллаж, амьдарч буй Монголын эмч нартаа эмч нарын баярын халуун мэндийг дэвшүүлье. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг ялангуяа, ажил үйлсээрээ салбартаа манлайлж буй, ур чадвартай шилдэг эмч нарыг шалгаруулдаг. “Алтан чагнуур” нь эмч хүний хувьд том шагнал гэж ойлгож болно. Энэ шагнал цар тахлын үед хоёр жил завсардсан. Энэ жил 10 дахь удаагийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж 16 эмч шилдгээр шалгарч “Алтан чагнуур”, хүндэт өргөмжлөл авч байна.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа:Үе үеийн эмч нараараа бахархаж байна
-Эмч хэмээх эрхэм алдрыг хүлээсэн та бүхэндээ Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн олон гишүүний өмнөөс болон хувиасаа дэлхийн эмч нарын баярын өдрийн мэндийг дэвшүүлье. Үе үеийн эмч нараараа бид бахархдаг. Дэлхий нийтийг цочроож, хүн төрөлхтнийг хар дарсан зүүд мэт нөхцөлд оруулсан цар тахлыг эрдэм оюун, мэргэжлийн ур чадвар, ажлын өндөр хариуцлага хүлээж хайртай гэр бүлдээ гаргах цаг завгүй түмэн олныхоо амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах үйлст цагтай уралдан тэмцэж байгаа энэ цаг үеийг давсан эмч, эмнэлгийн ажилтнуудаараа ард түмэн нь хүндэтгэж, бахархаж байгааг сонсоход таатай байдаг та нартаа баярлалаа. Өнөөдөр эмч нар алжаал ядаргаагаа тайлж чадахгүй, цалингаа гололгүй цаг нартай уралдан ажиллаж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, анагаах ухааны докторант Б.Одончимэг: Хамт олондоо баярлалаа
-Хэцүү цаг үед ар гэр болон бүх юмаа хойш нь тавьж эрүүл мэндийн салбарт бие сэтгэлээ зориулсан та нартаа баярлалаа. Би Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 19 жил ажиллаж байна. Тиймээс надтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид, эмч, сувилагч, үйлчлэгч, жолооч та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Та нартаа эмч нарын баярын мэндийг хүргээд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
“Алтан чагнуур”-ын эзэд
♦ Дотрын анагаах судлалд: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушгины тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, анагаах ухааны докторант Б.Одончимэг
♦ Хүүхэд судлалд: “Хүрээ” амаржих газрын нярайн тэргүүлэх зэргийн их эмч, клиникийн профессор Д.Цэвэгсүрэн
♦ Эх барих эмэгтэйчүүд судлалд: “Амгалан” амаржих газрын Амбулаторийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Л.Долгоржав
♦ Сумын эрүүл мэнд төрөлд: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн дарга, гэмтэл согог заслын их эмч А.Батбаатар
♦ Уламжлалт анагаах ухаан, сэргээн засал судлалд: Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сэргээн засах төвийн эрхлэгч С.Дэлгэрмаа
♦ Өрхийн анагаах ухаан төрөлд: Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Л.Одончимэг
♦ Нийгмийн эрүүл мэнд судлалд: Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач Ш.Агиймаа
♦ Нүд судлал, чих хамар хоолой судлал, нүүр ам судлалд: Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар, хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн
♦ Мэдрэл судлал, сэтгэц судлалд: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал В.Баярмаа
♦ Мэс засал, гэмтэл судлалд: Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын зөвлөх эмч А.Цэнджав
♦ Эрчимт эмчилгээ судлал, мэдээгүйжүүлэг судлалд: Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн зөвлөх эмч Б.Батбаяр
♦ Хавдар судлал, арьс судлалд: Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Поликлиникийн тасгийн эрхлэгч Г.Цогзол
♦ Дүрс оношилгоо судлалд: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн оношилгооны эмч Л.Түмэнжаргал
♦ Эмнэлзүйн эмгэг судлал, анатомийн эмгэг судлалд: Улсын гуравдугаар төв эмнэлгийн Лабораторийн тасгийн эрхлэгч Ш.Өнөржаргал
♦ Халдвар судлалаар: ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн их эмч Н.Отгон
♦ Яаралтай тусламж судлалд: Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, их эмч Ж.Уламсайхан нар тодорлоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 64 (6796)