Б.ДОЛЖИН
"Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ. Энэ чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Монголд төдийгүй Ази, Америк тивийг хамарсан байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж буй шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Өнөөдрийн чуулганы гол зорилго бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулахад чиглэж байна. “Ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын санхүүгийн салбарын оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа нэн чухал” гэв.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хөгжлийг төдийгүй амьдралыг хязгаарлагч хүчин зүйл болж байгаа нь бодит үнэн юм. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган, эдийн засгаа тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-д Ногоон хөгжлийн сэргэлтийг дэвшүүлсэн” гэсэн юм.
Улс орнууд, аж ахуйн нэгжүүд ногоон хөгжлийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлүүдийн нэг гэсэн хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Эх сурвалж:www.polit.mn