Б.ОД
ОХУ гуравдугаар сарын 30-наас эхлэн Монголын хилээр нэвтрэх хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай мэдээллийг тус улсын Элчин сайдын яам цахим хуудсаараа мэдэгдсэн.
Гэвч өнөөдрийн байдлаар Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3-д заасны дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Тус яамнаас гаргасан мэдээлэлд "ОХУ-ын Элчин сайдын яамны фэйсбүүк хуудаст гарсан 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00:00 цагаас хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгдэх хүртэл тус улсад зорчих боломжгүй болохыг үүгээр анхааруулж байна. Оросын талтай дипломат шугамаар хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй иргэд зорчих нөхцөлийг тохиролцсон даруй олон нийтэд мэдээлэх болно" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn