Б.ОД
Монгол орны ихэнх гол мөрөнд хаврын мөсний үзэгдэл гуравдугаар сарын сүүлийн 10 хоногт эхэлж усан зах үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах зэрэг үзэгдэл ажиглагдан урин дулаан цаг ирж агаарын температур дулаарсантай холбоотой тус үзэгдлүүд идэвхжсээр гол мөрөн дөрөвдүгээр сарын сүүлийн 10 хоногт мөс бүрэн хайлдаг.
Харин энэ жилийн хувьд гол мөрний мөс хайлах хугацаа олон жилийн дунджаас 5-10 хоногоор эрт ажиглагдах ба хаврын мөсний үзэгдэл ихэнх газраар олон жилийн дунджаас 15-25 хоногоор эрт ажиглагдах төлөвтэй байна.
Гол мөрний эхээр мөсний үзэгдэл гуравдугаар сарын сүүлээр, голын дунд ба адгаар гуравдугаар сарын дунд арав хоногт эхэлж, дөрөвдүгээр сарын 10-20 хооронд ихэнх гол мөрний мөс бүрэн хайлж, чөлөөлөгдөнө.
Дөрөвдүгээр сарын урьдчилсан мэдээнээс харвал ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Үүнээс үүдэн голын мөсөн бүрхүүл задрах, цөн түрэх, хайлсан цасны ус мөсөн дээгүүр урсах зэрэг үзэгдэл нэгэн зэрэг хүчтэй явагдаж улмаар цөнгийн хахаа үүсэн, ус эргээсээ хальж эрэг орчмын газар нутаг усанд автах эрсдэл үүснэ. Иймд голуудын сав газар нутаглаж буй ард иргэд, үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Эх сурвалж:www.polit.mn