Б.ОД
Монголын эдийн засгийн чуулган 2022 үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр “Боомтын сэргэлт” сэдвээр үргэлжилж байна. Энэ үеэр “Эдийн засгийн чөлөөт бүс хуурай боомтын хөгжлийн бодлогын асуудал” сэдэвт панель хэлэлцүүлэг боллоо.
Замын-Үүд чөлөөт бүсийн тухайд одоогийн байдлаар 88 аж ахуйн нэгж 113 га газрыг эзэмшдэг. Эдгээр ААН-үүд чөлөөт бүсэд нийт 680 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төслөө ирүүлсэн байна.
Энэ талаар Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч А.Энхзул “Засгийн газрын тогтоолоор наймдугаар сарын 14-нөөс бид байнгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын талаас буюу дотоодын талаас иргэд орж үйлчлүүлэх боломжоор хангагдсан. Одоогийн байдлаар Замын-Үүд чөлөөт бүсэд 88 аж ахуйн нэгж газар эзэмшдэг боловч гурван дэлгүүр байнгын үйл ажиллагаатай явж байна. Цаашлаад 24 ААН энэ жил барилгын ажлаа эхлүүлнэ гээд зөвшөөрлөө авсан. Энэ тоо зургаадугаар сарын үед нэмэгдсэн үзүүлэлттэй байх болов уу. Замын-Үүд чөлөөт бүс нь хоёр улсын анхны хамтарсан, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болж байгаагаараа онцлог” гэсэн юм.
88 ААН-ийг чиглэлээр нь харвал 41 хувь нь үйлдвэрлэлийн чиглэлээр, 34 хувь нь тээвэр ложистикийн чиглэлээр, үлдсэн хувь нь аялал жуулчлал, худалдааны чиглэлээр газар авчээ. Замын-Үүд Чөлөөт бүс үйлдвэр тээвэр ложистикийн чиглэлээр түлхүү хөгжих эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болно хэмээн төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn