Ч.ГАНТУЛГА
Эх орны дархан хил тайван байгааг илтгэж, цас, бороо, шуургатай ямар ч үед өргөсөн тангарагтаа үнэнчээр цэх зогсдог хүн бол цэрэг, армийнхан билээ. Монгол Улсын тусгаар тогтнол бат бөх байж, эх орон руу минь халдах дайсангүй байгаа цагт монголчууд бид санаа зовох зүйлгүй, сэтгэл амар амьдрах боломжтой. Тэгвэл бидний энх амьдралын төлөө өглөөнөөс орой хүртэл халуунд халж, хүйтэнд хөрч, дуудсан цагт эргэлзээгүй очих чин сэтгэлтэй зэвсэгт хүчний алдартнуудыг Зэвсэгт хүчний 101 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-өөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган алдаршуулсан билээ. Тэдний дунд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн багш-шалгагч, нисгэгч, хурандаа Н.Баясгалан Монгол Улсын гавьяат нисгэгч гэсэн эрхэм цолоор шагнуулсан юм. 1980 оноос хойш Монголын Зэвсэгт хүчинтэй хувь заяагаа холбож, тэр дундаа байлдааны онгоцны нисгэгчээр гаршсан түүнийг энэ удаад бид “Амьдралын тойрог” буландаа зочноор урилаа.
Сурагчийн хувцсаа цэргийн дүрэмтээр солив
Хажууханд минь дайн дэгдэж байна. Дайны хор уршиг ямар болохыг бид өдөр бүр сонсч, элэг эмтрэм дүр зургийг харсан өр өвтгөм өдрүүд үргэлжилсээр. Хоёр орны дайн энх тайвнаар төгсч, хэл, зүс ондоо ч энэ дэлхийн долоон тэрбум хүн бүгд дайн дажингүй амьдрах цаг удахгүй ирэх болтугай гэж бүгд залбирсаар байна. Монголчууд бид энх оронд амьдардаг нэгэн бодлын азтай улс. Хамгийн амар амгалан, нам гүм, сэтгэл түгшүүргүй байх боломж миний эх оронд бий гэж бид хаана ч очсон омогшиж ярих дуртай. Хэдийгээр эх орон минь энх тайван байгаа ч тангараг өргөж, үүрэг авсан албан хаагчид маань нэг ч өдөр сонор сэрэмжээ алдаж, бэлтгэл сургуулилтаа цалгардуулах эрхгүй байдаг билээ. Үргэлж бэлэн байдалд байж, өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй биелүүлдэг учир өнөөдөр монгол дайчид дэлхийд үнэлэгдэж, алс холд энхийг сахиулж, дэлхийн энх тайвны төлөө тэмцэж байна. Хөвгүүд бүхэн багадаа цэрэг, армийн хүн болно гэсэн нууцхан мөрөөдлийг тээдэг. Үүний нэгэн адил шинэхэн гавьяат Н.Баясгалангийн хувьд ч хүүхэд байхдаа цэрэг болно гэсэн дэврүүн мөрөөдөлтэй байв. Мөрөөдлөө ч биелүүлсэн. Гэхдээ хүн бүхний хүсээд олддоггүй нисгэгч, тэр дундаа байлдааны онгоцны нисгэгч гэсэн эрхэм бөгөөд хариуцлагатай алба түүнийг 18 насанд нь алгаа тосон угтсан юм. Дөнгөж дунд сургуулиа төгсөх шалгалтаа өгөөд байсан Н.Баясгалан сурагчийн дүрэмт хувцсаа тайлсан тэр өдрөө цэргийн дүрэмт өмсөөд шалгалтын дүнгээ ч сонсч амжилгүй цэрэгт мордсон содон хувь тохиолтой нэгэн.
Бусдаас онцгойрсон оюутан нас
1980 онд Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийг төгссөн Н.Баясгалан одоогийн 337, тухайн үеийн 137 дугаар анги буюу Налайхын нисэх хороонд байлдагчаар хувиарлагджээ. Түүнийг очиход тухайн анги Сөнөөгч онгоцны хороо гэсэн статустай байсан гэнэ. Монгол офицеруудаас гадна ЗХУ-ын сургагч багш нар хичээл заадаг байж. Н.Баясгалан гурван жилийн цэргийн алба хаах хугацаандаа “Миг 21” сөнөөгч онгоцны радио электрон тоноглолын механикч гэсэн бага мэргэжил эзэмшив. Гурван жил мэргэжлээрээ ажилласан байлдагч маань цэргийн ангидаа улиран ахлагч болж, ахлах механикаар ажиллах болсноор цэргийн амьдралтай хувь тавилангаа нягт холбосон түүхтэй. Үүнээс өмнө нисгэгч гэдэг мэргэжил хүрч чадашгүй оргил, өөрөөс нь дэндүү хол мэт санагддаг байсан бол цэргийн ангид ажиллаж, онгоцоо өөрөө мэддэг болж, энэ мэргэжлийн сайхныг мэдрэх тусам “Эр хүн байна даа. Энэ онгоцыг жолоодоод, хөх тэнгэрт дүүлэн нисэхсэн” гэсэн бодол цаг минут бүрт өөрийг нь ээрэх болжээ. Түүний энэхүү нууцхан хүслийг бурхан сонссон юм шиг залуухан ахлагч маань азтай, одтой тохиолоор ЗХУ-ын нисэхийн сургуульд суралцах эрхийг өвөртөлснөөр хүсэл зорилгынхоо үзүүрээс лавхан атгаж авсан юм. 1983 онд нисгэгчээр суралцуулах оюутан сонгон шалгаруулахаар ЗХУ-аас тусгай комисс манай улсад ирж ажиллажээ. Тэд хамгийн эхэнд эрүүл мэндийн үзлэг хийдэг юм байна. Нисгэгч хүн агаарт олон цагаар өндөр ачаалал авч ажилладаг учир эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй байх ёстой гэсэн үндсэн шалгуур тавьдаг ажээ.
Н.Баясгалангийн хувьд энэ шалгуурыг сайн давсан учир ийнхүү нисэхийн сургуульд сурах эрхтэй болж чадсан юм. 1980-аад оны энэ үед манай улсад Сөнөөгч онгоцны хороо нь байвч онгоц болон яг бэлтгэгдсэн нисгэгч ховор байсан учир ийнхүү жил бүр ЗХУ-руу оюутан явуулж, боловсон хүчин бэлтгэх бодлого баримталдаг байсан аж. 1983 онд 56 оюутан ЗХУ-ыг зорьсноос зургаа нь нисгэгч болохоор Фрунзе хотыг зорьсон гэдэг. Харин тэдгээр оюутнуудыг өнөөдрийн гавьяат Н.Баясгалан ахлах хариуцлагатай үүргийг хүлээлгэжээ. Учир нь насны хувьд арай ахмад, мөн ахлагч цолтой учир бусдаасаа илүү хариуцлагатай гэж түүнд энэхүү үүргийг хүлээлгэсэн байна. Хичээлийн явцад Н.Баясгалан бусдаас арай онцгойроод эхэлжээ. Учир нь гурван жил яг л энэ мэргэжлээр цэргийн ангидаа дадлага хийж, ажилчихсан туршлагатай байсан учир ялангуяа мэргэжлийн хэллэгүүд нь мэддэг зүйл олон байжээ. Н.Баясгалан ЗХУ-ын Нисэхийн сургуульд 3.5 жил суралцах хугацаандаа сүүлийн хоёр жилд нь бүтэн нислэг хийжээ. “Ми 8” нисдэг тэргэн дээр дадлага хийж эхлээд, төгсөх жилээ “Ми 24” гээд яг байлдааны нисдэг тэргэн дээр нисч, сургуулиа дүүргэхдээ “Ми 8”, “Ми 24” нисдэг тэрэгний нисэх багийн дарга гэсэн мэргэжлээр амжилттай төгссөн юм. Тухайн үед нисгэгч болохоор зургаан хүүхэд зорьсон ч эргэж ирэхдээ дөрвүүлээ ирсэн түүхтэй.
“Ми 24” байлдааны онгоцны анхны нисгэгч
1984 онд Зэвсэгт хүчний салбарт шинэчлэл болж, Байлдааны нисдэг тэрэгний ангийг дөнгөж үүсгэн байгуулаад байв. Тухайн үед нэг том гэр бариад хажуугаар нь майхан барьчихсан. Гэрт нь захирагч нар байрлаж, майханд нь шинэхэн боловсон хүчингүүд хичээлээ хийнэ. Энэ үед сургууль төгсөж ирсэн офицерууд бүгд л ангийнхаа бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцдог байж. Байрлах анги танхимаа өөрсдөө барьж, онгоц бууж, хөөрөх зуравсаа ч өөрсдөө хийж байв. Ийнхүү бүтээн байгуулалт хийсний хүчинд 1986 онд анхны 12 ширхэг “Ми 24” нисдэг тэргийг хүлээж авчээ. Яг энэ үед шинэхэн боловсон хүчин Н.Баясгалан нисгэгчийн дипломоо өвөртлөөд тус цэргийн ангид ирсэн юм. Дөнгөж шинэхэн байгуулагдаж байсан анги учир мэдэхгүй, чадахгүй зүйл их. Энэ үед ЗХУ-аас ирсэн гурван сургагч зааж, зөвлөж, чиглүүлж байв.
Ийнхүү орос сургагч хамт нисэх хамтран нисгэгчээрээ Н.Баясгаланг сонгожээ. Ийнхүү тэрбээр “Ми 24” байлдааны онгоцны анхны нисгэгч болсон түүхтэй. Харин ажил үүргээ сайн гүйцэтгэж, нэг жилийн дараа нисэх багийн дарга буюу нэгдүгээр нисгэгч болох эрхээ гардсан гэдэг. 1990 онд орос сургагч нар нутаг буцахдаа сургагч багш дасгалжуулагч нар бэлдсэний нэг нь Н.Баясгалан билээ.
Цэргийн амьдралаар амьдарсандаа хэзээ ч харамсдаггүй
Гавьяат нисгэгч Н.Баясгалан байлдааны онгоцноос гадна тээврийн онгоц хөлөглөж, олон үүрэг гүйцэтгэсэн туршлагатай нисгэгч билээ. Байлдааны онгоцыг жолоодоход илүү хурд, авхаалж самбаа шаарддаг ажээ. Учир нь дайралтын үед хурдан эргэлдэх, хариу арга хэмжээ авах шаардлага тулгарна. Тэрбээр үүрэг даалгавар өгсний дагуу олон удаагийн ажиллагаанд гар бие оролцож байсан бөгөөд үүнээс Монгол Улсын дөрвөн хязгаарт хүрэл багана босгох ажиллагаад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Улсынхаа хязгаарыг тогтоох энэ ажиллагаанд машин очих боломжгүй газруудад ажилчид болон барилгын материал, багануудыг зөөх үүргийг тэрбээр хүлээжээ. Энэхүү нөсөр ажил сар гаруйн хугацаанд үргэлжилсэн байна. Үүнээс гадна Отгонтэнгэр ууланд гарсан ослын үед аврах ажиллагаанд оролцсон байдаг.
Аврагчдыг ууланд буулгаж, нас барагсдын хөрсөн биеийг тэр шөнөдөө Улаанбаатарт авчирах үүргийг гүйцэтгэжээ. Энэ мэт олон сэтгэл өвтгөм дүр зурагтай нүүр тулж байв. Эдгээр үеийг эр хүний хатуужил, цэрэг хүний үүрэг даалгавар гэж өөрийгөө зоригжуулан давж байсан тухайгаа дурссан юм. Нисэх багийн ажиллагаа гэдэг хамтын ажил байдаг. Н.Баясгалантай хамт хамгийн удаан нисч буй журмын нөхөр нь түүний амидаа Л.Баясгалан ажээ. Тэдний хувьд долдугаар ангидаа Улаанбаатар хотод ажил хийж яваад танилцсан түүхтэй. Харин дараагийн онцлох нисгэгч нь Г.Ганболд юм. Түүний хувьд нийтлэлийн баатартай маань цэрэгт байхдаа танилцаж, ЗХУ-ын сургуульд хамт суралцаж, анхны нислэгээ хүртэл цуг үйлдэж байсан юм. Тиймээс ч ажлын болоод амьдралын найзууд болж, өнөөг хүртэл нөхөрлөсөөр байгаа юм. Гавьяат нисгэгч Н.Баясгалан цэргийн амьдралаар амьдарсандаа хэзээ ч харамсдаггүй гэсэн. Учир нь энэ л цэргийн амьдрал түүнийг “хүн” болгож төлөвшүүлсэн юм. Хүнээс үг даах, аливаад хариуцлагатай байх зан чанарыг хөх тэнгэрт дүүлэн ниссэн эдгээр он жилүүд түүнд өгсөн юм байна.
Аав хүү нисгэгчид
Н.Баясгалангийн хувьд долоон хүүхэдтэй айлын дундах хүү ажээ. Ээж нь сувилагч мэргэжилтэй байж. Тэрбээр ээж, аавынхаа заасан зам, сургасан сургаалийг өдөр бүр санаж, баярлаж явдагаа ярьж байв. Н.Баясгалангийн хувьд өдгөө гурван хүүхдийн аав юм. Түүний том хүү Б.Батболд аавынхаа мэргэжлийг өвлөн нисгэгч болсон юм. Багаасаа л аавыгаа дагаж, нисгэгчийн бүхээгт бага нас нь өнгөрсөн учир үүнээс өөр сонголт ч байгаагүй юм билээ. Хүү нь 2007 онд ОХУ-ын Краснодарийн Нисэхийн сургуулийг зорьж, 2011 онд “Су-27” сөнөөгч онгоцны нисгэгчээр суралцан амжилттай төгссөн залуу шонхор. Мөн 2018 онд Ю.А.Гагарины нэрэмжит Нисэх хүчний академийг алтан медальтай төгсчээ. Хамгийн сонин нь аав нь насаараа ажилласан 337 дугаар ангиасаа 303 дугаар ангируу шилжихэд аавынхаа албан үүргийг буюу Зэвсэгт хүчний 337 дугаар ангид захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч гэсэн албан тушаалыг нь хүү нь авчээ. Монголын нисэх салбарын түүхэнд аав хүү хоёр албан тушаал солилцож байсан түүх байдаггүй билээ. Мөн хоёр хүү нь ч спортоор хичээллэдэг тухай Н.Баясгалан гавьяат ярьж байсан юм. Ийм нэгэн эгэл хүмүүний амьдралын түүхээр аяллаа. Тэрбээр өнөөдөр ч мөнх хөх тэнгэртээ залбиран, үүлсийн дундуур нисч яваа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 62 (6794)