Б.ГАРЬД
Монгол уг нь хуультай улс. Гэхдээ тэр хуулийг хэн мөрддөг вэ. Ийм асуултад хариулт олох хэцүү. Учир нь хэн ч шууд хариулж чаддаггүй. Тэгэхээс өөр арга ч үгүй юм.
Яагаад гэвэл хуулийг гууль болгодог хүмүүс бол хууль, хяналтын байгууллагад ажилладаг болон тэдний хань хамаарал бүхий этгээдүүд байдаг.
Нэгэнт хуулиар далайлган сүрдүүлдэг учир хууль бус үйл ажиллагаа нь олны нүднээс далд байдлаар даамжирсаар байх нь элбэг.
Яг ийм шалтгаан нөхцөлтэй хэрэг “ДЦС-4” ТӨХК дээр болж байна.
Тус ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газар гэж бий. Нэр нь цайны газар төдий боловч “ДЦС-4”-ийн олон зуун хүний хоол ундыг өдөр бүр бэлдэж, үйлчилдэг муугүй бизнес гэсэн үг. Гэхдээ энэ цайны газар нь ямар нэг түрээсээр бус “ДЦС-4”-д данстай ажилтнуудыг ажиллуулдаг байна. Цайны газрын дарга нь Я.Гэрэлмаа гэж 32 дахь жилдээ энэ ажлыг хийж буй эмэгтэй байдаг байна. Тэрбээр олны танил цагдаагийн хурандаагийн эхнэр юм байна. “ДЦС-4”-ийн захирлаар хэн ч очсон өөрийнхөөрөө ажилласаар ирсэн нэгэн аж.
Харин 2018 оны аравдугаар сард “ДЦС-4”-ийн захирлаар Ү.Төмөрхуяг томилогджээ. Түүнээс хойш Я.Гэрэлмаа дураараа дургих нь хэмжээ хязгаартай болж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, ямар нэг асуудал гарч, байгууллагын удирдлагын баг, хууль хяналтын байгууллагаар шалгагдах үед нь Ү.Төмөрхуяг найр тавин хаацайлдаггүй аж.
Харин ч хууль бус үйл ажиллагааг нь байгууллагын зохих нэгжээр хэлэлцэн, нийтийн эрх ашгийг хангуулах тал дээр зарим арга хэмжээг авсан байгаа юм.
Тухайлбал, “...Я.Гэрэлмаа нь өөрийн хамтрагч, дотнын найзууд болох Н.Оюундарь, Д.Орхон, Д.Даваасүрэн нартай хамтран “Эрчим” бууз, банш хийж, зах зээлд худалдаалдаг. Энэ бууз, баншийг үйлдвэрлэхдээ хагасыг нь “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газарт үйлдвэрлэж гаргадаг. Мөн зарим тохиолдолд махыг нь татаж гаргасны дараа ажилчдыг хуваарийн дагуу өөрийн эзэмшлийн цэцэрлэг дээр аваачиж хийлгэдэг. ...Энэ онд бууз баншных нь борлуулалт муу байсан. Хэтэрхий ихээр үйлдвэрлэсэн байсан. Тэрийгээ бүх ажилчдад саналыг нь сонсохгүйгээр 5-10 кг-аар зарсан. Мөн хамт олны дундын хуримтлалын санд мөнгөн хуримтлал үүсгэх нэрийдлээр 2020 оны наймдугаар сараас эхлээд ковидын тусгаарлалтад байгаа иргэдийн хоолоор үйлчлэх ажил үйлчилгээг авч эхэлсэн. Энэ үйлчилгээнд өдөр бүр хоёр хүн ажиллуулж байсан” гэх гомдол ТӨХК-ийн захиргаанд иржээ.
Бас “...Я.Гэрэлмаа нь тус цайны газрын ахлах тогооч Х.Эрдэнэчимэг болон бусад ажилчдыг доромжилж танхайрсан. Байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр тогооч, ажилчдыг өөр газарт цалингүй ажиллуулдаг” гэсэн гомдол ч ирсэн байна.
Хамгийн ноцтой нь Я.Гэрэлмаа нь нууцаар ковидын тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоолыг хийж үйлчилдэг байсан үед “Эрчим зоог” цайны газраас тонн гаруй мах алга болсон байгаа юм.
Энэ үйлдэл нь түүний нөхрийг ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас шалгах үед илэрч, тус газраас “ДЦС-4” ТӨХК-д мэдэгджээ. Улмаар ЦЕГ уг асуудлыг АТГ-т шилжүүлсэн шалгуулсан байдаг аж.
Чухам энэ нь Я.Гэрэлмаа болон түүний нөхөр болох эрхэм хурандаагийн дургүйг хүргэжээ. Тиймээс энэ гэр бүлийнхэн Ү.Төмөрхуяг захирлыг гэмт хэрэгт гүтгэж, тэр нь цахим сүлжээнд нийтлэгдэж, нэр хүндэд нь халдсан байна. Мөн утсаар заналхийлж ч үзжээ.
Тодруулбал, цайны газрын дарга, цагдаагийн хурандаагийн эхнэр Я.Гэрэлмаа нь Ү.Төмөрхуягийг өөртөө бэлгийн дарамт учруулсан гэсэн аж.
Харин Ү.Төмөрхуяг захирал цахим сүлжээгээрээ дамжуулж хамт олондоо мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “...Я.Гэрэлмаагийн хүн гүтгэж доромжилох нь хэрээс хэтэрч байна, “...Гүжрийн үгэнд сөөм хариу олддоггүй” гэдэг. Гэхдээ ядаж хүн үнэмшмээр юм ярих хэрэгтэй шүү дээ. Намайг Я.Гэрэлмаад бэлгийн дарамт үзүүлдэг гэхэд итгэж үнэмших хүн манай станцад байх уу. Ер нь Гэрэлмаад бэлгийн дарамт үзүүлж чадах өөр хэн нэгэн энэ станцад байгаа бил үү. Өөрийнх нь хэлснээр би ирсэн цагаасаа хяхаж хавчиж цагдаж шалгаж байсан хэрнээ өрөөндөө архи ундаагаар шахаж, нуруу турууг нь илдэг байж таарах уу?
… Мөн манай хамт олонд тохиолдсон харамсалтай зүйл хүний амь нас осолдсон ослыг хүртэл өөрийн өс хонзонгийн зэвсэг болгож, хүний бүрэлгэсэн осол нуун дарагдуулсан гэв, Ийм юмыг нуун дарагдуулах боломж манай салбарт бий юу. ...Я.Гэрэлмаа өөрөө хэрээс хэтэрсэн ёс зүйгүй авирладаг талаар олон баримт фото зураг Ёс зүйн хороонд болон Захиргаанд ирсэн. Ийм бохир заваан зүйлсийг станцын дотоод сүлжээнд тавих нь хувь хүний нэр хүндэд бүдүүлгээр халдсан, хамт олноо хүндлээгүй хэрэг болно. Тиймээс миний зүгээс ийм үйлдэл хийхгүй гэж бодож байна. Харин сүүлийн хэд хоногт яагаад ийм зүйл огцом гарч ирсэн шалтгааныг та бүхэн ойлгож байгаа гэж найдаж байна. Я.Гэрэлмаа нь өөрт холбоотой зөрчлүүддээ арга хэмжээ авагдах нь ойлгомжтой болоод ирмэгц намайг гутаан доромжилж харлуулах замаар өөрийгөө гэм зэмгүй энхийн цагаан тагтаа болгон харагдуулах гэж хамгийн увайгүй ёс зүйгүй арга замыг сонгож үүндээ “Эрчим зоог” цайны газрын хамт олныг золиос болгон ашиглаж байгаа нь дэндүү харамсалтай байна… Ер нь ажил олгогч, ажилтны хооронд үүссэн харилцаа зөв буруу нь хууль хяналтын байгууллагаараа хянагдаж шалгагдаад явах нь соёлтой, хуультай хүний нийгмийн дэг жаяг юм. Тэр дотроо ялангуяа манай салбарын дэг журам билээ” гэжээ.
Тэрбээр мөн Я.Гэрэлмаа болон түүний нөхөр болох цагдаагийн хурандаа хоёрыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 62 (6794)