Б.ОД
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Завхан аймгийн гишүүд, дэмжигчидтэйгээ өнөөдөр уулзлаа. Уулзалтын модератороор АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир ажиллав.
Уулзалтын үеэр Ардчилсан нам шинэ гишүүнээр бүл нэмсэн юм. Тодруулбал, Завхан аймгийн ИТХ-д бие даан нэр дэвшин сонгогдсон, төлөөлөгч Нямсүрэнгийн Дашдондог Ардчилсан намд элсэх өргөдөл гаргасныг тус аймгийн АН хүлээн авч ёсчиллоо. Улмаар Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн уулзалтын индрээс Нямсүрэнгийн Дашдондогт намын тэмдэг, тугийг гардуулан өгсөн юм. Ингэснээр Завхан аймгийн ИТХ дахь улс төрийн намын харьцаа 20:20 болон тэнцэж байгаа юм.
Сонирхуулахад, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Ардчилсан нам орон нутгийн сонгуульд 11 аймагт ялсны найман аймагт дангаараа засаглаж байна. 330 сумаас 193-т нь ялж, 149-д нь дангаараа засаглаж байна гэж тус намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлэв.
Эх сурвалж:www.polit.mn