Б.ДОЛЖИН
Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, төрийн өмчид авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших тус үйлдвэрт ажиллаж байна.
Энэ үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Засгийн газраас “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тогтоол батлагдсантай холбогдуулан тус компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох хүртэл хугацаанд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Наранбаатарыг томилсон. Ажилчдын хувьд айдасгүйгээр ажлаа үргэлжлүүлэх ёстой. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэв.
Л.Наранбаатар нь ШУТИС-ийг уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр 2002 онд төгссөн, 43 настай. Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг Санхүүгийн менежмент мэргэжлээр 2007 онд төгссөн, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Мэргэжлээрээ хувийн хэвшилд тасралтгүй ажилласан туршлагатай юм.
Харин үйлдвэрийн удирдлагууд дээрх шийдвэрийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Чинбат ”Төр хувийн өмчийг дээрэмдэж байна. Өнөөдрийн шийдвэрийг бид гайхаж байна. Үйлдвэрийн хувьчлалыг буруу явуулсан гэх үндэслэлийг сонсмоор байна. Би хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Хэвийн ажиллаж байгаа үйлдвэр, хувьцаа эзэмшигчийн өмчийг дур мэдэн шилжүүлэх эрхгүй. Талуудын хооронд маргаан гарвал шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан. Төр хувийн хэвшлийн хоорондын гэрээгээ мөрдөхгүй байна. Хувьцаа эзэмшигчээс ямар нэг шийдвэр ирээгүй учир ажлаа хүлээлгэн өгөх боломжгүй” гэж мэдэгдэв.
Эх сурвалж:www.polit.mn