Б.ОД
УИХ-ын пүрэв гарагийн үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хуулийн төсөлд тусгасан сэтгэцэд учирсан хор хохирлыг тогтоох, нөхөн төлбөр олгох шинэлэг заалтын талаар тодрууллаа. Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Бид сүүлийн 30 жилийн хугацаанд сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хохирлыг үнэлдэг аргачлалыг эрх зүйн хүрээнд зохицуулж чадаагүй. Харин энэ хуулиар анх удаа уг асуудлыг хөндөж, зохицууллаа. Гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн ар гэрийнхэнд нь оршуулгын зардал ихэнх тохиолдолд олддоггүй. Мөн хүний нэр төр, алдар хүндийн хохиролтой холбоотой үнэлгээ байдаггүй. Ерөнхийдөө сэтгэл санааны хохирлыг тооцдоггүй, эрх зүйн хөгжлийн хүрээнд хоцрогдож явсан” гэж хариулав.
Эх сурвалж:www.polit.mn