Өлгийчүүд "Асгат”-ын ордыг ашиглах шийдвэр гаргалаа

2022-03-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт танилцуулах ажлаа үндэсний цөөнхийн нутаг Баян-Өлгий аймгаас эхэллээ. Тэрбээр тус аймагт хаврын урь орж, шинэ жил эхэлснийг бэлгэдэх казах түмний Наурыз буюу Нарны баяраар очиж ажиллалаа. Тодруулбал, Ерөнхий сайд энэ сарын 21-22-нд үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болсон “Алсын хараа-2050” хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Баян-Өлгий аймгийн иргэдэд танилцууллаа. Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анх удаа Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа нь энэ юм.

Хоёр улстай хил залгаж, гурав дахь оронтой хаяа дэрлэн орших Баян-Өлгий аймаг 113 мянган хүн амтай. Хүн амын 40 хувь нь залуучууд. Тэгвэл Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ 30 гаруй жил ярьж гурван жилийн өмнө “Монголросцветмет”-ээс “Эрдэнэс Монгол”-д шилжүүлсэн “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг өлгийчүүдээр өөрсдөөр нь гаргуулж, баталгаажууллаа.

Ерөнхий сайдтай хийх уулзалтад Өлгийн 400 гаруй иргэн оролцож, Баян-Өлгий аймагт хийх шаардлагатай бүтээн байгуулалтын санал хураалтад оролцлоо. Тэдний 80 хувь “Асгат”-ын мөнгөний ордыг ашиглаж өгөөж хүртэхийг дэмжжээ. Тиймээс Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд "Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөв дэх бүс болгон хөгжүүлж, Цагааннуурын боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгож чөлөөт бүс байгуулах, Даянгийн боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох, боомтуудыг автозамаар холбож иж бүрэн шинэчлэх Баян-Өлгий аймгийг хөгжлийн “хурдны зам”-д оруулах шийдвэрийг гаргаж салбарын сайд нарт хариуцуулав. Шаардагдах төсөв, хөрөнгийг 2023 оны төсөвт тусгахаар боллоо.

“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр ДНБ 120-150 их наяд төгрөг болж нэг хүнд ДНБ 12 мянган ам.доллар болж ажилгүйдлийн түвшин долоон хувьд хүрэх тооцоолол гарсан. Тэр хэмжээгээр Баян-Өлгий аймагт ажлын байр нэмэгдэж улсын төсвөөс хараат бусаар хөгжих боломжтой болох юм.

Эдгээр шийдвэрүүд ч иргэдийн хүссэн шийдвэр мөн байв. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхий даяар хоёр жилийн хугацаанд цар тахалтай нүүр тулж амаргүй цаг үеийг давлаа. Долларын ханш чангарч инфляц өссөн эдийн засгийн хүнд үеийг зөвхөн Монгол Улс биш дэлхий даяараа туулж байна.  Хилийн гадна болж буй энэ бүх асуудлыг шийдэж чадахгүй ч эв нэгдлээр хамтдаа хүнд үеийг даван туулахаас өөр аргагүй. Хүнд цаг үе бидэнд эв нэгдэл, шинэ боломжийг олгож байна. Улсын баруун хязгаар нутгаа хөгжүүлэхэд Засгийн газраас дэмжиж ажиллана. Харин өлгийчүүд эв нэгдлээ эрхэмлэж хөгжлийн төлөө зүтгэхийг уриалж байна. Баян-Өлгий аймаг цаашид эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд нэн чухал гэж үзсэн гурван төслийг сонгохоор шууд ардчиллын аргаар хамтдаа хэлэлцсэн. Орон нутагт суурилсан, иргэдийн оролцоонд тулгуурласан төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, хамгийн тогтвортой, бас хамгийн бодит үр дүнтэй” гэсэн юм.

Түүнчлэн "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхийг анхааруулж, Баян-Өлгий аймгийн хөгжлийн төсөлтэй танилцав.

 

“Асгат”-ын өгөөжөөр Баян-Өлгий аймаг улсын төсвөөс хараат бусаар хөгжих боломжтой

 

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэх ажлууд Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварыг сайжруулж, улсын төсвөөс хараат бус болох боломж, нөхцөлийг бүрдүүлэх тооцоолол бий. Тухайлбал, “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар багадаа 530-800 сая ам.долларын ашиг хүртэж нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ хэд дахин өсөх эдийн засгийн өндөр ашигтай гэдгийг УИХ-ын гишүүн Э.Батшугар онцолсон юм. Учир нь одоогоор “Асгат”-ын мөнгөний ордын ердөө нэг тусгай зөвшөөрөл дэх тогтоосон нөөцийг үнэлсэн. Цаана нь гурван тусгай зөвшөөрлийн нөөц тодорхой бус байгаа юм. Тэгэхээр нөөц нэмэгдэхийн хэрээр хүртэх ашиг ч өснө гэдгийг салбарынхан тайлбарлаж байгаа юм. "Асгат"-ын мөнгөний ордыг ашиглахад төвийн дэд бүтцийн шугамд холбогдоогүй, газар зүйн байршил алслагдмал, баяжуулах технологи, үйлдвэр, хөрөнгө оруулалт зэрэг олон асуудал бий. Эдгээрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулж эхлэлийн цэгээс нь эцэс хүртэлх асуудлыг бүрэн шийднэ. Тэгээд үр шимээр нь Баян-Өлгийн төдийгүй улсын эдийн засгийг сэргээх боломжтой гэдгийг тус аймгийн иргэдийн өмнө амлав. Тодруулбал, “Асгат”-ын мөнгөний ордоос ард түмний хүртэх ашиг багаар тооцоход 500 сая ам.доллар аж. "Асгат"-ын ордыг ашиглах нь зөвхөн Монголын талаас шийдэх асуудал биш, ОХУ-тай хамтрах шаардлагатай. Учир нь Асгатын мөнгөний орд руу хүрэхэд ОХУ-ын хилээр нэвтэрдэг. Түүнчлэн ордын хүдрээс зэс, мөнгө, сурьма, мышьяк, цайр, хар тугалга, кадми зэрэг олон төрлийн элемент бүхий нийлмэл хам баяжмал гарган авах боломжтой ч баяжуулах технологийг өдийг хүртэл шийдэж чадаагүй хэвээр байгаа юм. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах” чиглэлээр туршилт, судалгааны ажлыг хийж хөрөнгө оруулалтыг тодруулах хөтөлбөр боловсруулжээ. Энэ чиглэлээр Оросын компанитай хамтарсан судалгааны ажлыг хийж эхлүүлсэн байна. Удахгүй судалгааны ажлын дүнг хүлээж авна. Түүнчлэн дэд бүтцийн асуудлыг тодорхойлох зорилгоор УУХҮЯ-ны захиалгаар БХБ-ын сайдын 2021 оны багцад 500 сая төгрөг суулгаж Оросын нутаг руу орохгүйгээр дэд бүтцийг явуулах оновчтой зураг төслийг гаргах тендер зарлажээ.

Түүнчлэн боомтын сэргэлтийн хүрээнд “Цагааннуур” боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгож чөлөөт бүс байгуулах шийдвэр онцлох байлаа. Учир нь манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жилийн нүүрийг үзсэн ч улсаараа ганц том гарцтай нь цар тахлын үеэр гал алдахад хүргэсэн. Энэ нь нөгөө талаараа бодит байдлыг утгаар нь ойлгож  боомтын боймыг тайлж чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх хэрэгтэйг мэдрүүлсэн юм. Энэ талаар ерөнхий сайд онцолж “Цагааннуур”, “Даян” боомтыг автозамаар холбож, чөлөөт бүс болгохоор шийдвэрлэсэн тухай дээр хэлсэн. Энэ талаар тэрбээр “Монгол Улсын эдийн засаг ганц нүүрсний экспорт дээр тогтож байгаа нь цаашид дампууралд хүрэх, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний эрсдэлтэй байна. Монгол Улс боомтын хүчин чадлаар 160 улсаас 130 дугаарт эрэмбэлэгддэг. Тиймээс боомтуудын боймыг тайлж хүчин чадлыг гурав дахин нэмэх шаардлага бий. Нүүрс, хүнс, шатахуунаа нэг, нэг боомтоор авдаг нь ямар хүндрэлтэй, эрсдэлтэй гэдгийг цар тахлын үед улсаараа ойлгосон. Тэгэхээр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Цагааннуур”, “Даян” боомтыг автозамаар холбоно. Тэр дундаа Баян-Өлгий аймгийн "Цагааннуур" боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгохоор ажиллаж байна. “Цагааннуур” боомт чөлөөт бүс болно. Транзит улс болно. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг боомилж буй далайд гарцгүй сул талыг нөхөх боломжтой.  Боомтын нэвтрүүлэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлэх нь эдийн засгийн хөгжил, экспорт, импортыг хоёр дахин нэмэх боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний салбар эрчээ алдаад удсан. Дулааны IV станцыг 30 жилийн өмнөөс ашиглалтад оруулснаас хойш эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж ирсэн ч шинэ эх үүсвэр ашиглалтад ороогүй. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс V, VI станцыг шаардаж байна. Тиймээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах шаардлага бий. Тэгвэл жил бүр эрчим хүчний импортод зарцуулдаг 400 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой болно” гэсэн юм. Иргэдийн зүгээс ч “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж Баян-Өлгий аймагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв. Тэгэхээр иргэдийн саналаар баталгаажиж гарсан эдгээр  шийдвэрийн үр дүнг хүлээх үлдэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин