Норовын ПҮРЭВДАГВА
Улс орнууд социалист, капиталист гэж хуваагдан химлэлдэж байсан үе 1990-ээд онд намжих аятай болсон. Тэгтэл хэрэг явдал хөрөнгөтэй хөрөнгөгүй дээ ч биш бололтой, дэлхийн улс орнуудын дунд хэн азаргалах, боловсон үг хэллэгээр бол хэн лидер, хэн лойдор болохыг харуулах гэсэн тэмцэл дахин сэргэв бололтой. Украинд болж байгаа хэрэг явдлыг дэлхийн улстөрчид, улстөр судлаачид янз бүрийн өнцөгөөс харж тайлбарлаж байна. Манайхан ч юу дутахав. Маргаангүй үнэн нь ОХУ, Украины дайн. Бас бүгд хүлээн зөвшөөрч, хэлж байгаа онцлог зүйл бол гибрид өөрөөр хэлбэл суртал мэдээлэлийн; эдийн засаг, худалдаа наймааг бүслэн хаах эдийн засгийн; цэргийн хүч, зэр зэвсэгээр цус урсган тулдаг уламжлалт алалцаан болж байгааг ингэж онцолж байна. Энгийн бидэнд ойлгож ухаарах, худал үнэнийг ялгахад бэрх болж. Ийм ээдрээтэй хямралаас ухаан зарсан нь хожиж гардаг нь жам. Дайтаж байгаа талуудаас гадна дагаад зэрэгцэн оршиж байгаа талуудад ч хамаатай. Өөр хэлэгдэж байгаа зүйл бол нэг улс буюу АНУ бүх талаар ноёлж байсан цаг үе өнгөрч олон туйлт олон улсын харилцаа тогтох эгзэгтэй цаг мөч гэж байгаатай холбогдоно. Олон туйл гэдэгт ОХУ, БНХАУ хоёрыг хэлж байгаа. Ойрын үед чимээгүй хэрнээ эрчтэй хөгжиж байгаа Энэтхэг улсыг үе үе нэрлэж байна. Хэдэн жилийн өмнөөс АНУ-ын эрх баригчид гол дайснаа, тийм ээ, өрсөлдөгч биш дайснаа гэж БНХАУ, ОХУ-ыг гэж зарласан. Хоёулаа манай орны хөрш.
Зөвхөн эндээс л их гүрнүүдийн дунд хийж үйлдэх, хэлж ярихаа зөв цэгнэхгүй бол юу болдогийг сүүлийн хэдэн жилд Югославт (хуучин нэрээр), Иракт, Сирид, мөн Афганистанд болсон хэрэг явдал харуулдаг. Өөр нэг зүйл бол учраа олохгүй хий дагасан улстөрийн бодлого, улстөрчдийн үйлдэл ямар гашуун үр дүнд хүрдэг болохыг харуулсан.
Эрчим хүчний түүхий эд нефть, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн шатдаг хий, нүүрсийг олон улсын хүрээнд стратегийн зэвсэг гэж үздэг болоод удаж байгаа. ОХУ европын улс орнууд руу байгалийн шатдаг хийгээ хүссэн хэмжээндээ нийлүүлээд эхэлбэл эдийн засаг санхүүгийн хувьд тэр хэрээр босож ирэн хүчирхэгжих нь ил харагдаж байгаа зүйл. Эдгээр түүхээ эдээ ОХУ-д төрийн өмчит цөөн аж ахуйн нэгжээр, ерөнхийлөгчийн хяналтан экспортлож байгаа нь ч учиртай бололтой. ОХУ-ын авто замын сүлжээ, зам гүүр нүдэн дээр сайжирлаа. Москва, Санкт-Петрбург, Владивосток, Крым зэрэг олон хот орчин үеийн өнгө төрхөөр гайхуулах боллоо. Улсын төсөвт тусгагдаагүй, цаг үеийн тулгамдсан хөрөнгө санхүүжилтийг Путин шууд шийдэж байгааг бид харж байна. Үер ус, гал түймэрт хот суурин сүйдэж, зам тээврийн аюул осолд иргэд өртөхөд үзүүлэх тусламж, урамшуулалыг элдэв чирэгдэлгүй олгож байгааг хэвлэл мэдээллээс харах болоод удаж байна. Энэ бол уул уурхайгаас олсон ашиг орлогоо хүн ард даа хэрхэн хуваарилж болохын үлгэр жишээ учраас би тэсэлгүй энд хавчуулан хэлж байна.
Олон улсын харилцаанд өрнөж буй явдлыг харвал байгал экологийн талаар дэвшүүлээд байгаа агаар мандалыг хүлэмжийн хийгээр бохирдуулахыг багасгах гэсэн ч хамаагүй болж байгаа бололтой. Сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэгцээг хангана, ДЦС, атомын цахилгаан станцаа зогсоох бодлогоос ухрах болж байх шиг байна. Хахир өвлийн хүйтэнд хөлдөж үхэлтэй биш, хамаг байдагаа гүвээд сөхөр ч уналтай биш өөр ч яах билээ.
Олон улсын ээдрээтэй хөарилцааны дотор бидний нүдэнд шууд ёстой зүйл бол өмнө талд сүүлийн олон арван жил эдийн засаг нь өндөр өсөлттэй байгаа БНХАУ, хойд талд уул уурхайн түүний дотор өнөө үед асар их хэрэгцээтэй болоод байгаа байгалийн шатдаг хийн их нөөцтэй ОХУ. БНХАУ эрчимтэй үйлдвэржилт, бөөгнөрөлөөс үүдэлтэй утаанаас салах хүсэлтэй байгаа. Хийгээ гадагш гарган дэлхийн зах зээлийн үнээр борлуулах сонирхол арын маань хөршид байгаа. Бодитой эрэлт-хэрэгцээний дунд манай улс оршиж байна гэсэн үг.
БНХАУ-ын эрчимтэй хөгжлийг дэлхийн эдийн засагчид гайхан шагшрахдаа “тайфун” буюу хар салхитай ч зүйрлэнэ. Худалдан авах чадварын хувьд дэлхийд толгой цохиж байгаа орон. Ганц нэг тоо хэлье. Одоогоос арав гаруй жилийн өмнө дэлхийд олборлож байгаа нүүрсний 55 хувь Хятад руу тээвэрлэж байна. Цахилгаан эрчим хүчнийхээ 88 хувийг нүүрснээс-ДЦС-аас гарган авдаг. Харин 3,5-4 хувийг хийн түлшээр гаргаж авч байна гэж мэдээлж байж. Бас энэ үед дэлхийн эдийн засгийн хөгжлийн судлагааны олон байгууллага БНХАУ-ын цахилгааны хэрэглээ 2025-2027 онд АНУ-аас 2 дахин их болно гэж байсан. Энэ үед мөн байгалийн шатдаг хийн түлш нүүрснээс 6-7 дахин хямд учраас хийн хэрэгцээ ганц Хятадад төдийгүй эрчимтэй хөгжиж байгаа азийн бусад оронд ч өснө гэсэн тооцоо хийж байсан.
Тиймээс өнгөрсөн хэдэн жилд манайхыг тойруулан хоолой татан нефть, хий борлуулах болоод байгаад гайхах зүйл байхгүй. Зүүн хойд талаар тойруулан Япон, Өмнөд Солонгос болон БНХАУ руу чиглэсэн нефть, байгалийн хий дамжуулах хоолой тавьж ашиглалтад ороод нэлээн хэдэн жил болж байна. ОХУ, БНХАУ-ын хоорондын худалдааны бараа эргэлт 2006 онд 32 тэрбум ам.доллар, 2008 онд 56.7 тэрбум ам.доллар болжээ. Үүн дээр мөн л дэлхийн эдийн засгийн судлагааны байгууллагууд азийн өсөн нэмэгдэж байгаа хийн түлшний хэрэгцээ, ОХУ-ын боломжид тулгуурлан хийсэн тооцоогоор ОХУ-ын жилд олох орлогыг 2025 онд 1.3-1.5 их наяд ам.доллар гэж тооцоолсон байх ажээ. Өөрөөр хэлбэл арваад жилийн өмнө судлагааны байгууллагуудаас гаргаж байсан дүгнэлт, БНХАУ-ын эдийн засаг улам бэхжсэн гэсэн үг.
Манай хойд, урд хоёр хөршийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа эрчимтэй хэрэгжиж байгааг ядаж л хоёр төрийн тэргүүнүүд маш ойрхон уулзаж байгаагаар жишээлж болно. Эдийн засгийн хамтын ажиллагаа тэлж байна. Хийн түлш л гэхэд ОХУ-ын “ГАЗПРОМ” ОННН, БНХАУ-ын CNPC компани хоёр “Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан байгалийн хий худалдах, худалдан авах 30 жилийн хугацаатай Гэрээ байгуулан 2019 оноос нийлүүлж эхлэсэн. Жилд энэ хоолойгоор нийлүүлэх хийн хэмжээ 38 тэрбум куб метр. Хийн түлшний хэрэгцээ БНХАУ-д барагдашгүй. Бас цаахан талд нь БРИКС хэмээх олон улсын хамтын ажиллагааны байгууллагад нэгдсэн орнууд ч хүлээж байх бололтой. Орос, Украины дайн эхлэх үеэр Энэтхэг, Пакистаны төрийн тэргүүнүүд Москвад очин Путинтай уулзаж байхыг хараад тийм бодол баттай төрж байна. Бас БРИКС-ийн гишүүн орнууд болох БНХАУ, Энэтхэг, ОХУ хоорондоо хийх арилжаа наймаандаа үндэсний мөнгөн тэмдэгтээ хэрэглэх шийдвэрт хэдхэн хоногийн өмнө хүрээд байгаа нь тохиолдол гэж үү?
“Умардын урсгал” төслийн хэрэгжилтэд АНУ тэргүүтэй өрнөдийн орны эрх баригчид саад тавьж эхэлсэн нь ази руу чиглэсэн “Сибирийн хүч” хоолойн ажлыг эрчимжүүлэв бололтой. Тийм ээ, ОХУ, БНХАУ-ын удирдлагын дээд түвшинд он гарсаар хэд хэдэн удаа уулзаж, манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ч оролцсон. “Сибирийн хүч-2” гэж одоогоор нэрлээд байгаа хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах нь хамгийн хямд, хялбар шийдэл гэж үзэн бүр “Союз-Восток” хийн хоолой гэж тусгайлан нэрлэн манай засгийн газартай хоёр ч гэрээ бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлсэн.
БАЙГАЛИЙН ХИЙН НӨӨЦ ХИЙГЭЭД МОНГОЛ
Ази тив рүү, түүний дотор эрчимтэй хөгжиж байгаа БНХАУ руу хийн түлш нийлүүлэх тухай яриа, судлагаа ОХУ эрдэмтэн мэргэд, улс төрчдийн дунд өрнөөд олон жил болж байна. Энэ яриан дунд Монголоор хий хоолой тавих тухай яриа ч гарч. Нэг баримт нь дорх тойм зураг. Үүнээс өмнө манай баруун хойгуур Тывагийн нутгаар тойруулан Тянь Шин буюу тэнгэр уулыг давуулан БНХАУ-ын уйгарын нутгаар хүргэх тухай ярьж байснаа намжсан. Харин саяханаас манай нутгаар тавих хамгийн хямд, байгал цаг уурын нөхцлийн хувьд ч хүндрэл бага гэж үзэн гэрээ хэлэлцээр үзэглэж шуурхай ажил хэрэг болгох тухай яриад эхэллээ. Манай эрх баригчид ч мэдэгдэл хийсэн. Харин ямар хүчин чадалтай хоолой, хаагуур, яаж тавих, ил байх уу, далд байх уу; байгал орчинд үзүүлэх хор бий эсэх гээд олон асуултын хариунд тоймтой мэдээлэл алга. ОХУ-ын хэвлэл мэдээлэл, “ГАЗПРОМ” ОННН-ээс эхлээд зарим сайтаар өгч байгаагаас товч мэдээлэл хүргэхээр зориглов. Ажил бүтэлтэй болохын цагт хэн сэдсэн, яагаад сунжирсан гээд маргаад эхлэх нь гэм биш зан болохоор ингэх нь ч зөв санагдана.
Энэ зурган дээр улаан өнгөөр татсан төсөл 1960-аад оны эхээр нээсэн хийн их уурхайн газар нутагтай холбогдож байна. Харин бараан хөх өнгөөр татсан хэсэг бол БН Саха улсын Лен бол Мирнен районы нутгийг дамнан оршдог Чаяндины болон Эрхүү мужийн нутаг дэвсгэрт орших Ковыктины уурхайд тулгуурласан төслөө “Сибирийн хүч” гэж нэрлэсэн байгааг та харж байна. Чаяндины уурхайг 1983 онд нээсэн, 2015 онд ашиглалтын 142 цооног өрөмдөж, Амарын хий ялган боловсруулах завод барьж, туршилтын олборлолт хийснээр Чаяндинд олборлолт хийх техник технологийн нөхцөл бүрдсэн гэж үздэг юм байна. Цааш даа цооногийн тоог 2023 онд 335 болгосноор төслийн бүрэн хүчин чадлаар ажиллана гэсэн тооцоо байх ажээ. Уурхайн нөөцийг 1.2 их наяд метр куб хий, 68.4 сая тонн нефтьтэй; жилд 25 тэрбум метр куб хий, 1.9 сая тонн нефть олборлох боломж бүрдэх ажээ.
Харин Эрхүү хотоос зүүн хойшоо 400 орчим километр зайд, өндөр уул, балар ой, мөнх цэвдэгийн нутагт, Транссибирь болон Байгал-Амарын төмөр замын хооронд орших Ковыктины уурхайг 1987 онд нээсэн, 2.7 их наяд куб метр хий, 90.6 тонн шингэрүүлсэн хийн нөөцтэй гэж тогтоогоод байгаа бөгөөд жилд 25 тэрбум куб метр хий олборлох боломжтой гэж үздэг. Зарим сурвалжид 30 хүргэх ч боломжтой гэж бичсэн байх юм. Уурхайгаас гарах хийн дотор метан, пропан, бутан, гели байх бөгөөд тэр бүхнийг Амарын хий боловсруулах заводод ялгах юм байна.
“Сибирийн хүч” хийн хоолойн эх сурвалжийн талаар ийм баримт олдож байна. Дахин тодруулахад дээр дурдсан арвин нөөцтэй хоёр уурхайгаас гарах байгалийн хийг Амарын хий боловсруулах заводод ялган нөөцөлж байгаад өндөр хүчин чадалтай станцаар шахан дамжуулах хоолойгоор түгээх юм байна. Ингэж манай нутаг руу байгалийн шатдаг хий Эрхүү мужийн нутаг дэвсгэрээс эхлэн Зима, Саянск, Черемхова хотоор дайрч, Тункины хөндийг туулан Хиагт, Закаменскийн районыг дамнан хилийн боомт-Хиагт хот орчмоор орж ирэхээр зураг төсөл нь хийгдсэн бололтой. Монголын нутгаар өнгөрөх хэсгийг тусгайлан “Союз-Восток” гэж нэрлэжээ.
БНХАУ-ын хийн түлшний хэрэгцээ тасралтгүй өссөөр ойрын хугацаанд жилд хэрэглэх хэмжээ нь 550 тэрбум куб метр болно гэж судлаачид үзэх болжээ. Харин “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой 2030 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллана; Монголын газар нутгаар тавигдах хоолойн урт 960.5 км; хоолойн диаметр 1420 мм байх бөгөөд жилд энэ хоолойгоор 48-аас эхлээд 55-60 тэрбум куб метр хий дамжуулна гэж одоогоор тооцож байгаа ажээ.
“Союз-Восток” хийн хоолой Монголд тавьсанаар манайд төлөгдөх ашгийн талаар эрж сураад тоймтой зүйл олж чадсангүй. Украин улс европын орнууд руу хий дамжуулж байсныхаа хөлсөнд ОХУ-аас жилд гурван тэрбум ам.доллар авдаг байсан гэсэн багцаа сонсогдож байна. Ажил хариуцан үүрэг хүлээж байгаа шадар сайд С.Амарсайхан, болон бусад хүмүүсийн амыг л хүлээхээс өөр аргагүй болон мухардав. Юутай ч энэ бол тив дамнуулан хэрэгжих мега төсөл гэдэгтэй маргах хүн үгүй биз. Зөв атгаж, зөв сэгсрэх учиртай эдийн засгийн төсөл.
Бас хэдэн жилийн өмнө гадаад харилцаагаа эдийн засагжуулах тухай ярьж байсанаа эргэн санахад илүүдэмгүй санагдаж байгааг зүрхлэн дайя.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)