Т.Чулуун-Эрдэнэ
Хятад судлаач, Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн багш
ОРШИЛ
Хятадын хоёр чуулган буюу БНХАУ-ын 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын V чуулган болон Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн V чуулган 3 сарын 4-12-нд Бээжин хотноо хуралдсан. Тус хоёр чуулган нь Хятадын улс төрийн хүрээнд жилд нэг удаа зохион байгуулагддаг, Засгийн газраас өнгөрсөн нэг жилийн ажлаа дүгнэж, олон нийтэд тайлагнан ирэх жилд улс төр, эдийн засаг, нийгмийн салбаруудад авч хэрэгжүүлэх бодлогуудаа баталдаг чухал хурал юм. Тиймээс ч дэлхийн өнцөг булан бүрт эрдэмтэн, судлаачид тус чуулганы үеэр хэлэлцэж буй асуудлыг чих тавин чагнаж, өөрсдийн дүн шинжилгээ, дүгнэлт таамаглалуудыг дэвшүүлдэг. Бидний хувьд Хятад улсын хоёр чуулган бол хөрш улсынхаа өнөөгийн болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг харах толь гэж болно.
Өнгөрсөн жил ХКН 100 жилийн ойгоор “Нэг зуун жил”-ийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээ зарлаж, ХКН-ын VI бүгд хурлаар “Намын 100 жилийн томоохон ололт амжилт, түүхэн туршлагын тухай намын төв хорооны тогтоол” баталсан. Харин 2022 он бол социалист орчин үеийн Хятад улсыг иж бүрэн бүтээн байгуулах зорилт өөдөө алхан орж буй анхны жил, мөн хоёр дахь 100 жилийн төлөвлөгөөг эхлүүлэх чухал гарааны үе юм. Түүнчлэн энэ оны хоёрдугаар хагаст ХКН-ын XX их хурал хуралдах тул Хятадын нам, хийгээд улс төрийн амьдрал гадаад дотоодын судлаачдын анхаарлыг татаж байна.
Миний бие тус нийтлэлд юуны өмнө өнгөрсөн 2021 онд хятадын нийгэм, эдийн засгийн хөгжилд гаргасан амжилтыг тоон үзүүлэлтээр харуулж, дараа нь хоёр чуулганаар онцолсон бодлогууд дээр үндэслэн 2022 оны Хятад улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг хандлагын талаар өгүүлнэ.
2021 ОНЫ ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖИЛД ГАРСАН АМЖИЛТУУД
Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян энэ сарын 5-нд Засгийн газрын ажлын тайландаа “Өнгөрсөн нэг жил бол нам хийгээд улс орны хувьд түүхэн чухал тэмдэглэлт ач холбогдолтой он жил байлаа.....Жилийн гол чухал зорилтуудаа амжилттай биелүүлэн, “XIV таван жил”-ийн төлөвлөгөөг биелүүлэх сайхан гараа болж, манай улсын хөгжил асар их шинэ амжилтыг олов” [1] хэмээн онцлон тэмдэглсэн. 2014 онд буюу ноён Ши Жиньпин засгийн эрхэнд гарах үед Хятад улсын ДНБ хэмжээ 50 их наяд юань байсан бол 2021 онд энэ тоо 114.4 их наяд юань (17.7 их наяд ам доллар) буюу хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлт 8.1% (өнгөрсөн оны төлөвлөгөө 6% байв)-д хүрэв. Хятадын ДНБ-ыг мөн хугацааны бусад улс оронтай харьцуулбал Америк 5.7%, Герман 2.8%, Англи 7.5%, Япон 1.7% [2] байгаа нь тус улсын хөгжлийн чадамжийг харууллаа. Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 80976 юань буюу жилийн дундаж ханшаар тооцоход 12551 ам доллар-т хүрчээ [3]. Мөн өнгөрсөн онд хот суурин газар 12 сая ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Түүнчлэн оршин суугчдын нэг хүнд ногдох дундаж орлого 35000 юань байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 8.1% өсөлтийг үзүүлж, оршин суугчдын нэг хүнд ногдох хэрэглээний дундаж зарлага 24000 юань, энэ нь 12 % бодит өсөлт [4] аж. Энэ мэт тоо баримтуудаас харахад Хятадын ард иргэдийн амьдралын түвшин өдрөөс өдөрт дээшилж байна.
Түүнчлэн “Нэг бүс нэг зам” санаачлагын хэрэгжилтийн үйл явц КОВИД-ын тархалтын амаргүй хүнд нөхцөлд тасралтгүй урагшилсан гэдгийг Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И гуравдугаар сарын 7-нд хоёр чуулганы сэтгүүлчдийн хуралдаан дээр хэлэв. Үүнд “Нэг бүс нэг зам”-ын дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд Хятад Лаосын төмөр зам, Израйлын Хайфа боомт зэрэг томоохон төслүүд амжилттай хэрэгжиж, Хятад-Пакистаны коридор, Пиреус боомт, Жакарта-Бандун-ы хурдны галт тэрэг, Унгар-Сербийн төмөр зам зэрэг бүтээн байгуулалтыг дуусгасан. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд 10 улс орон “Нэг бүс нэг зам” хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурснаар тус санаачлагыг хамтран хэрэгжүүлэх гишүүн орон 180 хүрчээ [5].
Цаашилбал 2021 онд Хятад улс ба зам дагуух улс орнуудын бараа бүтээгдэхүүний хэмжээ 11.6 их наяд юань-д хүрсэн нь сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 23.6%-иар өсч, Хятадын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 29.7%-ийг эзэлжээ [6]. Хятадын Үндэсний Статистикийн хорооны дарга Нин Жиже “Инновацид суурилсан хөгжил шинэ үр дүнд хүрлээ. 2021 онд манай улсад эмийн үйлдвэрлэл, сансар огторгуй болон тоног төхөөрөрмжийн үйлдвэрлэл, цахим болон харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, компьютер болон оффисын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн өсөлтийн эзлэх хувь 24.7, 17, 18.3, 18% тус тус өсч; мэдээлэл дамжуулах, программ хангамж хийгээд мэдээллийн технологийн үйлдвэрлэл 17.2%-иар нэмэгдэж, өндөр технологийн үйлдвэрлэл асар хурдацтайгаар өргөжив ”[7] хэмээн онцлов. Хятад улс сүүлийн жилүүдэд инновацид их хэмжээгээр анхаарах болсноор аж ахуйн нэгжийн судалгаа хөгжүүлэлтийн зардал 15.5%-иар өсч, тоон технологи нь эдийн засгийн салбаруудад бодитоор нэвтэрч чаджээ.
2021 онд Хятадад нийгмийн судалгаа болон судалгаа хөгжүүлэлтийн (R&D) зардлын хөрөнгө оруулалт 2,7864 их наяд юань буюу 9.4%-ийн бодит өсөлтийг хангажээ. Ингэснээр Хятадын R&D зардал ДНБ-нд эзлэх хувийн жин 2.44% болов. Үүнээс суурь судалгааны зардал 169,6 сая юань [8]. Эдгээр судалгаа шинжилгээний зардалд хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг бий болгоход суурь нөхцөл нь болж байгаа нь дамжиггүй. Мэдээж шинжлэх ухааны судалгаа өргөжсөнөөр эдийн засгийн чанарын өөрчлөлтийг хийхэд бат бэх суурь болно.
Мөн экологийн бүтээн байгуулалтын хувьд агаарын бохирдлоос сэргийлэх бодлогын хэрэгжилт үр дүнгээ өгч, муж, түүнээс дээш зэрэглэлийн хотуудын нарийн ширхэгтэй тоосонцорын дундаж агууламж 9.1%-иар, ДНБ-ий нэгж эрчим зарцуулалт 2020 онтой харьцуулахад 2.7%-иар буурч, ногоон хөгжлийн эхний үр дүн гарсан байна [9].
2021 онд Хятадын нийгэм эдийн засгийн салбарт гарсан энэ мэт томоохон ололт амжилтыг Хятадын холбогдох албаны хүмүүс засгийн газар ковидын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үр дүнтэй бодлого явуулж, дотоодын өсөлтийг тогтворжуулах үр дүнтэй арга хэмжээ авч, дотоод эрэлт хэрэгцээг тогтвортой сэргээн, гадаад худалдааг эрчимтэй хөгжүүлсэн зэрэг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна.
2022 ОНЫ ХЯТАДЫН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
Хятад улс ДНБ-ээ 2022 онд 5.5% орчим өсгөх зорилт тавьж, энэ нь эдийн засгийн харьцангуй “бодитой өсөлт” гэдгийг онцоллоо. Ерөнхийдөө хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах, ард иргэдийн амьжиргааны нийгмийн баталгааг хангах, эрсдлээс хамгаалах зэрэгт түлхүү анхаарч, “тогтвортой өсөлт”-ийг илүү чухал байр сууринд тавина гэдгээ мэдэгдэв.
2022 онд хот суурин газар 11 сая ажлын байрыг шинээр нэмэгдүүлнэ, хотын ажилгүйдлын хувь хэмжээг 5.5%-д барина, оршин суугчдын хэрэглээний зардлыг 3%-иар өсгөнө, оршин суугчдын орлогын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй үндсэндээ зэрэг урагшуулна, экспорт импортыг тогтвортой байдлыг хадгална, олон улсын орлого, зарлагыг тэнцвэржүүлнэ, үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээг 1,3 тэрбум жин-д барина гэх мэт [10] бодитой зорилтууд дэвшүүлэв.
Ноён Ши жиньпин энэ удаагийн БХАТИХ-ын V чуулганы үеэр буюу гуравдугаар сарын 5-нд Өвөр Монголын Төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ “Шинэ хөгжлийн үзэл санааг бүрэн дүүрэн, үнэн зөв, бүх талаар хэрэгжүүлж, шинэ хөгжлийн орчныг түргэн хугацаанд бий болгож, өндөр чанартай хөгжлийг урагшлуулж, шинжлэх ухаан технологийн хувьд бие даан хөл дээрээ зогсон хүчирхэгжиж байж л сая нэг улсынхаа хөгжлийн өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг дээшлүүлж, өдрөөс өдөрт улам бүр ширүүсч буй олон улсын өрсөлдөөнд идэвх санаачлагыг гартаа авч, ирээдүйгээ цогцлоож чадна“ [11] хэмээн цохон тэмдэглэв. Өөрөөр хэлбэл төрийн удирдлагын зүгээс эдийн засгийн бодит өсөлтийг хадгалахын тулд өндөр чанартай хөгжлийн үзэл баримтлалыг урьдын адил хатуу чанд мөрдөн ажиллах ёстой гэсэн зарчмыг давхар анхааруулсан хэрэг. Нэмж дурдахад шинэ үзэл баримтлал буюу инновацын, зохицуулалттай, ногоон, нээлттэй, хамтдаа хүртэх гэсэн хөгжлийн үзэл баримтлалын талаар Ши дарга 2015 оны XIII таван жилийн төлөвлөгөөг батлахад анхлан дэвшүүлсэн бөгөөд XIX их хурлаар “шинэ хөгжлийн үзэл баримлалыг улсын үндсэн 14 стратегид оруулж, нам болон улсын үйл хэргийн хөгжлийн урт хугацаанд, бүрэн дүрэн баримтлах үндсэн стратегиа болгосон байдаг.
Өнөөдөр Хятадын эдийн засаг гадаад орчны амаргүй, тогтворгүй нөхцөл байдалд дотооддоо “эрэлт хумигдсан, нийлүүлэлт цохилтод өртсөн, хүлээлт суларсан” гурван дарамттай нүүр тулж байгааг эдийн засагчид нь олонтаа дурдсаар байна. Ийм нөхцөлд эдийн засгийг 5.5%-иар өсгөх зорилт тавьсан нь төрөөс цаашид дотоодын макро эдийн засгийн хяналт тал дээр илүү уужуу таатай бодлогын орчинг бүрдүүлэх чиг хандлагатай байгааг харуулж байна гэж Хятадын зарим эрдэмтэн дүгнэжээ. Жишээ нь Хятадын эдийн засагч Ван Имин “Хятадын Засгийн газар ирэх жил дэд бүтэц болон стратегийн ач холбогдол бүхий салбаруудад илүү таатай, уян хатан бодлого авч хэрэгжүүлэх төлөвтэй байна. Үүнд үл хөдлөх хөрөнгийн салбарт илүү уян хатан бодлого явуулах, хүн амын бодлоготой уялдуулан зохицуулсан арга хэмжээ авч, төрөлтийг нэмэгдүүлэхэд анхаарснаар олон хүүхэд мэндэлж, энэ нь хэрэглээний эрэлт шаардлага нэмэгдэхэд нөлөөлж, цаашид макро эдийн засгийн байдалд эерэг үр дүнгээ үзүүлнэ гэж дүгнэжээ [12]. Энэ хүрээнд хоёр чуулганаар микро жижиг аж ахуйн нэгж болон хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжин, татварыг бууруулах бодлого үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх, мөн жижиг дунд аж ахуйн нэгжийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, санхүүгийн хүртээмжийн хамрагдах хүрээг өргөтгөх зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Хятадын Засгийн газар хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх хэргийг энэ жилийн хэрэгжүүлэх чухал бодлогын зорилт болгож, ядуурлаас ангижрсан бүсэд нутгийн онцлогтой үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдлыг дэмжих, хөдөө тосгноны бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Хятад улс өнгөрсөн жил “XIV таван жилийн төлөвлөгөө”-г батлахдаа нийгмийн судалгаа хөгжүүлэлтийн зардлын хөрөнгө оруулалтыг жилд 7%-иас дээш нэмэгдүүлэх шаардлагыг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл энэ удаагийн хоёр их чуулганаар ч шинжлэх ухаан технологи инновацийн хувьд үндэстний стратегийн шинжлэх ухаан технологийн хүчийг нэмэгдүүлж, улсын хэмжээний үндэсний лабаоратори болон улсын голлох лабораторийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, дээд боловсролын байгууллага, шинжлэх ухаан судалгааны төвүүдийн үүргийг бүрэн дайчлах ёстой гэдгээ мэдэгдэв. Бид Бээжингийн өвлийн олимпоор хятадын инновацийн хүчин чадал, 5G сүлжээ, хиймэл оюун ухаан зэрэг технологийн салбарын өнөөгийн хөгжлийг нүдээр үзсэн билээ.
Түүнчлэн гадаадад нээлттэй байх явдлыг ирэх жилүүдэд Засгийн газраас илүү өндөр түвшинд анхаарч, нэг бүс нэг замын хамтын ажиллагаа өргөжиж буй боломжийг ашиглан, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр (RCEP) зэрэг олон талт худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх зорилт тавилаа.
ДҮГНЭЛТ
Хятад улсын хоёр их чуулганаас өргөн танилцуулсан 2022 оны Засгийн газрын тайланд онцолсон бодлого, арга хэмжээг анхааран уншихад Хятад улс цаашдаа эдийн засаг, нийгмийн хөгжилд “шинэ хөгжийн үзэл баримтлал”-ыг үргэлжлүүлэн хатуу баримталж, өндөр чанар, шинжлэх ухаан технологи, тогтвортой байдал, идэвхи санаачлагатай байдлыг хөгжлийн гол түлхүүр болгохоор харагдаж байна.
Харин манай улс хөрш орны дэвшүүлж буй салбаруудын бодлоготой өөрсдийн зорилго, төлөвлөгөөгөө хэрхэн уялдуулан ажиллах талаар сайтар судлах нь зүйтэй болов уу. Бидний мэдэж буйгаар Монгол Улсын Касгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлж, энэ хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай тулгараад буй. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-д айлчилж, Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийх үеэрээ ярилцаж, Хятадын талтай нягт хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн. Мөн Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын асуудал ч бий. Тиймээс бид хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд тодорхой төслүүдийг бодит ажил болгон хөгжүүлэхийн тулд боломжит бүхий л хүрээнд Хятад улстай нягт хамтран ажиллах шаардлагатай байна. Тэгэхийн тулд Хятад улсын Хоёр Чуулган дээр тодотгосон салбар бүрийн хөгжлийн чиг хандлага, стратегийг цаашид улам нарийн судлах шаардлагатай болов уу.
Ашигласан эх сурвалж:
[1]李克强总理作政府工作报告(文字摘要)http://www.gov.cn/premier/2022-03/05/content_5677248.htm
[2] 任泽平:从2021年统计公报看中国未来
http://finance.sina.com.cn/zl/2022-03-01/zl-imcwipih5921065.shtml
[3] 中华人民共和国2021年国民经济和社会发展统计公报
http://www.stats.gov.cn/tjsj/zxfb/202202/t20220227_1827960.html
[4] “十四五”中国经济开局良好
http://www.gov.cn/xinwen/2022-01/18/content_5668996.htm
[5] “一带一路”:夯实发展根基 实现高标准可持续惠民生目标http://d.drcnet.com.cn/eDRCNet.Common.Web/DocDetail.aspx?DocID=6353896&leafid=22242&chnid=6272
[6] 推动共建“一带一路”拓展国际合作新空间http://d.drcnet.com.cn/eDRCNet.Common.Web/DocDetail.aspx?DocID=6352967&leafid=22240&chnid=6272
[7] 中华人民共和国2021年国民经济和社会发展统计公报
http://www.stats.gov.cn/tjsj/zxfb/202202/t20220227_1827960.html
[8] 中国经济高质量发展的基础与方向
http://www.china-cer.com.cn/zhongguojingji/2022031017159.html
[9] 中国持续成为世界经济引擎——外国专家学者看好中国经济发展前景
http://www.gov.cn/xinwen/2022-03/02/content_5676376.htm
[10] 关于2021年国民经济和社会发展计划执行情况与2022年国民经济和社会发展计划草案的报告(摘要)
https://www.wxrb.com/doc/2022/03/07/152490.shtml
[11] 完整准确全面贯彻新发展理念 —四论深刻把握“五个必由之路”的重要认识
http://www.qstheory.cn/qshyjx/2022-03/14/c_1128468301.htm
[12] 会笔谈 | 北京大学经济学院专家学者热议2022年“两会”热点(二)
https://news.pku.edu.cn/xwzh/1a2760d726164388901e3ebf19194a73.htm
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)