Р.ОЮУН
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын нээлттэй холбоотой сурвалжлага “Зууны мэдээ” сонины даваа гарагийн №52 /6784/ дугаарт гарсан билээ.
Энэ үеэр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Өнөөдөр Зүүнбаян-Ханги хилийн боомтод чиглэсэн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн болон холбогдох албаныхан, хөрөнгө оруулагч компани, ажил гүйцэтгэгч нар маань ажлаа эхлүүлж байна. Энэ зам баригдсанаар Дорноговь аймаг тээвэр логистикийн хувьд том бүс нутаг болж хөгжих, Ханги хилийн боомтын нэвтрэх чадвар, ачаа тээврийн эргэлт одоо байгаагаас даруй 3-4 дахин өсөх боломж бүрдэнэ. Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд чамгүй олон орд бий. Энэ төмөр замын транс дагуу тухайлбал, Цагаан суварга мөн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хоёр том нүүрсний орд бий. Даланжаргалангийн төмөрлөгийн орд гээд төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдсон уул уурхайн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортод гаргах том боломж бүрдэж байгаагаараа давуу талыг авчирч байна. Нөгөө талаар Ерөнхий сайд Ханги боомт Гашуунсухайт, Замын-Үүд хоёрын яг дунд нь байгаа учраас энэ хоёр боомттой дүйцэхүйц болно гэж хэллээ. Тэгэхээр хоёр дахь санааг бид юу гэж ойлгох вэ гэхээр Ханги-Мандалын боомтоор Монгол Улс руу импортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх асуудал яригдана. Энэ зам баригдсанаараа импортын ачаа таваар нэмэгдэх боломжтой. Мөн 1500 ажлын байр, төмөр замыг дагасан суурингууд, ачиж буулгах, шилжүүлэн ачих ангиуд бий болно. Энэ чинээгээр бид улсын эдийн засагт төдийгүй орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад том хувь нэмэр оруулах бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлог юм.
Экспортод гаргаж байгаа гол боомт бол Ханги. Замын-Үүд боомтоор багахан хэмжээний нүүрс гарч байгаа. Тиймээс Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн бүх компани Ханги хилийн боомтоор экспортоо хийх боломж нь нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдийн боомт дээр нурмаг ачааны нэвтрүүлэлт бага байна. Энэ боомт өргөн болохоор энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа компанийн бүтээгдэхүүнүүд энэ боомтоор гарна гэсэн бодлогын төлөвлөлт явж байна. Ханги хилийн боомт дэд бүтцийн хувьд шинээр хөгжих гэж байгаа боомт. Бид үүнд төлөвлөж байгаа зүйл олон байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд Хөгжлийн хөтөч гэсэн төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд боомтын дахин төлөвлөлт хийж байна. Наад талд нь боомтын суурьшлын бүсийн дахин төлөвлөлт хийж байна. Энэ онд багтаагаад зураг төсөл, ТЭЗҮ-г нь боловсруулна. Дотоодын эрчим хүчний нөөцөөр хангах ажлаа эхлүүлнэ. Ирэх онд эрчим хүчээ холбох ажлаа буюу хоёр талаасаа эрчим хүчний эх үүсвэртэй болгоно. Цаашлаад авто замаар холбох асуудлыг хөндөж байгаа. Өнөөдрийн төмөр замын төсөл хэрэгжүүлж байгаа компани маань үнэхээрийн том ачаа эргэлтийн логистикийн төв байгуулна гэж байна. Үүнийг дагасан суурьшлын бүсүүд, дэд бүтцийн асуудлыг давхар хөгжүүлэх шаардлага байгаа. Эхний ээлжинд ямар ч гэсэн төрийн үйлчилгээний анхан шатны нэгж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, онцгой байдлын тусламж, үйлчилгээг ойртуулах арга хэмжээг орон нутгийн зүгээс өөрийн хөрөнгө оруулалтын боломжоор авах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.
Эх сурвалж www.polit.mn