Б.ОД
ОХУ-аас Украины нутагт дэвсгэрт явуулж байгаа дайнтай холбоотойгоор дэлхий даяар эдийн засгийн байдал хүндэрч, хямралын нөхцөл үүсч байна. Монгол Улсын хувьд эдийн засаг нь импортын хамааралтай, тэр дундаа нефтийн бүтээгдэхүүн шатахуунаар ОХУ-аас 90 гаруй хувийн хамааралтай учир бүр ч хүнд нөхцөлд орох эрсдэл өндөр байна. Өнөөдөр цаг алдалгүй улсын нөөцөө бүрдүүлэх, хугацаа хожиж ганц литр ч болов шатахуун татаж авахад анхаарахгүй бол байдал яаж ч эргэж мэдэхээр байна.
Гэтэл гаалийн газрын албан тушаалтнууд түргэн шуурхай бүрдүүлэлт хийж, эдийн засгийн амаргүй нөхцөлд ажиллаж байгаа хувийн хэвшлийнхээ дэмжиж ажиллахын оронд хүнд суртал гаргаж, тусгай зөвшөөрөл, экспортлогчтой хийсэн гэрээ зэрэг олгогдсон нь тодорхой, өөрсдөд нь байгаа бичиг баримтыг шаардаж, бараа материалыг саатуулахыг сануулах, улмаар шалтаг олж шалгалт явуулах, сул зогсолт хийлгэх зэргээр улс орноо хорлож байна гэх мэдээллийг олон импортлогч өгч байна.
Эдийн засгийн онцгой нөхцөлд улсаас явуулдаг хяналт шалгалтыг бодлогоор цөөрүүлж, эдийн засгийн эргэлтээ нэмэх, хүнд нөхцлөөс яаж гарах талаар шийдвэр гаргагчид нойр хоолгүй ажиллаж байхад олон нийтийн санал асуулгаар авлигалд идэгдсэнээрээ толгой цохисон гаалийн байгууллага хүнд суртал гаргасаар, хэвийн хэвшлийнхнээ дарамталсаар сууна. Тэдний авлига горилсон энэ мэт араншингаас болж сул зогсолт, алдагдсан цаг хугацаанаас үүдэн хэчнээн тэрбум төгрөг алдагдаж, түрээсийн тоогоор харийн эдийн засаг урсаж байгааг тооцоолоход хэцүү. Гаалийнхны энэ хүнд суртал юунд хүргэх вэ. Хариуцсан эрх мэдэл, албан тушаалтнууд анхааралдаа авна уу.
Эх сурвалж:www.polit.mn