Б.ОД
Барилга байгууламжтай холбоотой осол аваар болон цаг үеийн асуудлаар мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл өглөө.
Тус газраас Улаанбаатарын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа болон долоон сар буюу түүнээс дээш хугацаанд барилга угсралтын үйл ажиллагаа зогссон, орчиндоо эрсдэл учруулж болзошгүй барилга байгууламжуудыг хамгаалалтын горимд шилжүүлэх үүрэг, даалгаврыг захиалагч 54 ААН, иргэдэд хүргүүлсэн байна.
Энэ талаар НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга "2022 он гарснаас хойш гуравдугаар сарын 18-ны байдлаар НМХГ-т зургаан осол бүртгэгдсэн. Эдгээрийн тав нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай, нэг нь лифттэй холбоотой осол байна. Он гарснаас хойш лифт эзэмшигч 2800 гаруй, 696 лифт ашиглагч, эзэмшигч иргэн, ААН-д мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 260 барилга байгууламжийн захиалагч, гүйцэтгэгч, ААН, иргэдэд хөдөлмөрийн болон орчны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөж, тусалсан. Үүнд угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 16, дотор засал хийж байсан 90, гадна засал буюу фасадны ажил хийж байгаа 36 барилга байгууламж багтлаа” гэсэн юм.
НМХГ-т оны эхний гурван сарын байдлаар 1644 албан бичиг, 806 өргөдөл, гомдол ирснээс барилга, байгууламжтай холбоотой 132 гомдол иржээ. Эдгээр 132 гомдлын дагуу улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, 14 ААН, таван иргэнд 53 сая төгрөгийн торгууль, зөвшөөрөлгүй 27 барилгад прокурорын албан даалгавар гаргуулж үйл ажиллагааг нь зогсоожээ.
Эх сурвалж:www.polit.mn