Б.ДОЛЖИНЖАВ
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочин Хавдар судлалын үндэсний төвийн Хөхний төвийн эрхлэгч, эмч, Монголын хөхний хавдрын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч П.Батсүхийн хэлсэн онцлох эшлэлүүдээс хүргэж байна.
-Манай улсад өнөөдрийн байдлаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт, нийт хүн амд тохиолдож байгаа хавдрын зургадугаарт орж байна. Тодруулбал, 100 мянган хүн тутамд 8-11 хүн хөхний хорт хавдраар өвчилж байна гэсэн үг. Харин 2005-2006 оны үед 100 мянган хүн тутмын 4-5 нь хөхний хорт хавдраар оношлогдож байсан судалгаа бий.
-Манай улсад хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдсэн нь олон шалтгаантай. Тухайлбал, эрт илрүүлэг, оношлогооны чадамж сайжирсан, хүн амын тоо өсөх болон насжилттай холбоотойгоор хөхний хорт хавдрын тохиолдлын тоо нэмэгдсэнийг судалгаагаар тогтоосон байдаг. Цаашид ч нэмэгдэх эрсдэлтэй.
-Биеийн жингийн өөрчлөлт, хорт зуршил, дасгал хөдөлгөөний дутагдал болоод удамшлын хүчин зүйл, дааврын эмийн зохисгүй хэрэглээ, туяаны нөлөөлөл гэсэн олон зүйл хөхний хорт хавдраар өвчлөхөд нөлөөлдөг. Тодруулбал, хөхний хорт хавдрын 30 хүрэхгүй хувь нь удамшил, генийн өөрчлөлт гэсэн үнэмлэхүй болон амьдрах хугацааны эрсдэлээс үүдэлтэй байдаг. Харин 70 гаруй хувь нь харьцангуй эрсдэл буюу хүний амьдралын хэв маяг, дадал зуршлаас үүддэг.
-Хөхний хорт хавдраар оношлогдсон эмэгтэйчүүдийн 76 орчим хувийг 40-69 насныхан эзэлж байна. Тиймээс эрсдэлт бүлгийг 40-70 нас гэж тооцоолон энэ насны эмэгтэйчүүдээ хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг, оношлогоонд хамруулах хөтөлбөрийг боловсруулсан. Учир нь амьдралын ид идэвхитэй насан дээрээ хөхний хорт хавдраар өвчилж байгаа нь үнэхээр харамсалтай.
-Хөхний хорт хавдар дөрөв хүртэлх үе шаттай. Хамгийн эрт үедээ буюу эсийн түвшинд болон нэгдүгээр үедээ оношлогдож байгаа хавдар эдгэрэх бүрэн боломжтой. Мөн эмчилгээний олон сонголттой байдаг. Харамсалтай нь хожуу оношлогдсоноос болж хөхийг бүтэн авах мэс засал хийдэг. Хоёрдугаар үеэс бага үед эрт илрүүлэгт хамрагдаж, оношлогдвол хөхийг авах шаардлагагүй бөгөөд эдгэрэх бүрэн боломжтой. Тиймээс иргэд эрт илрүүлэгт сайн хамрагдаж байх нь чухал юм.
-Хавдар судлалын үндэсний төвд олон мэргэжилтэн хамтарсан баг хөхний хорт хавдрын цогц эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг. Хөхний багт мэс заслын эмч нараас гадна хими, туяан эмчилгээ, хөхийг нөхөн сэргээх багийнхан, сэтгэл зүйч, дүрс оношилгоо, эмгэг судлал, сувилахуйн тусламж үйлчилгээ гэсэн олон мэргэжилтэн ажилладаг. Эдгээр олон мэргэжлийн эмч нэгдэж багаараа хөхний хорт хавдрын эсрэг тэмцдэг.
-Эрт илрүүлгийн хүртээмжийг сайжруулах, нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох нь манай улсын тулгамдсан асуудал юм. Алслагдсан бүс нутаг болон захын хорооллын эмэгтэйчүүд эрт илрүүлгийн товлолт үзлэгтээ тогтмол хамрагдаж чаддаггүй. Энэ нь мэдээллийн хүртээмжээс гадна эрүүл мэндийн боловсрол дутмагтай холбоотой. Үүнээс гадна хавдрын эмчилгээний талаар ойлголт муугаас эмчилгээнээс татгалзах, өөр эмчилгээ хийлгэж хугацаа алдах, айгаад эмнэлэгт хандахгүйгээс хожуу шатандаа ирж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.
-Хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд нэгдүгээрт, нийгэмд мэдээлэл түгээх ёстой гэж олон улсын байгууллагуудаас зөвлөдөг. Хэн нэгэн хөхний хорт хавдрын талаар мэдээлэлтэй болоод эргэн тойрныхондоо хөхөө өөрөө шалгаж, мэргэжлийн эмчид хандаж, эрт илрүүлэгт хамрагдах нь чухал гэдгийг мэдээлэх нь ач холбогдолтой. Мэдээлэл сайжрахын хэрээр иргэд харъяа дүүрэг, эрүүл мэндийн байгууллагууддаа хандаж эхэлдэг.
Хөхний хорт хавдар зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал биш. Жилдээ 2-3 эрэгтэй хүн энэ хавдраар оношлогдож байгаа. Үүдэл шалтгаан болоод эмчлэх арга барил нь эмэгтэйчүүдтэй адил байдаг.
-Хавдартай тэмцэнэ гэдэг нь эмч, үйлчлүүлэгч буюу өвчтөн тэдгээрийн ар гэрийнхэн нэг ойлголттой байж, дэмжих шаардлагатай багийн тогтолцоог шаарддаг. Тиймээс ХСҮТ дээр сэтгэл зүйн тусламж үйлчилгээг ганцаарчилсан болон багийн хэлбэрээр үзүүлж байна.
Эх сурвалж:www.polit.mn