
Э.СОЛОНГО
Манай улсад барилга барьдаг 1000 гаруй компани байдаг бол хуучин, актлагдсан барилгыг стандартын дагуу нураадаг газар нэг ч байдаггүй аж. Зах зээл дэх энэ эрэлтийг эзэнтэй болгох нэгэн төслийг “Нүклес Монгол Консалтинг” компанийнхан боловсруулжээ. Тус компанийн захирал Б.Амарсанаатай ярилцлаа.
-“Барилгын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулах, Эко үйлдвэрлэл” төслийнхөө талаар танилцуулахгүй юу. Энэ төсөл эдийн засагт хэр үр өгөөжтэй вэ?
-Хуучны, өнөө маргаашгүй нурах гэж байгаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд акталсан барилгыг стандартын дагуу нураах, нураасан байшин, барилгаас гарах хог хаягдлаар барилгын материал үйлдвэрлэх төслийн санааг анх “Цамхаг констракшн” компанийн захирал Ц.Одгэрэл бидэнд хэлж өгсөн.
Бидний хэдэн залуус Ц.Одгэрэл захирлын санаачлага, энэ хүний байгуулсан Барилга байгууламж буулгах холбоог түшиглээд “Барилгын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулах, Эко үйлдвэрлэл” төслөө боловсруулж, Засгийн газраас зарласан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн хүрээнд төслөө өгсөн. Манай төслийг “Эдийн засгийн онцлох төсөл”-өөр шалгаруулсан. Ерөнхийдөө төслийн зорилго хуучин актлагдсан, дахин ашиглах боломжгүй барилгуудыг стандартын дагуу нурааж, тэндээс гарсан хог хаягдлаас барилгын материалын түүхий эд гарган авч, бүтээгдэхүүн боловсруулах эко үйлдвэр бий болгох юм. Эдийн засаг дахь өгөөжийн хувьд барилгын материалын түүхий эдээ үнэгүй, нурааж байгаа барилгын хаягдлаас гаргаж авч байгаа тул боловсруулсан бүтээгдэхүүн зах зээлийн үнээс 50 хувиар хямд барилгын материал нийлүүлэх боломжтой.
-Нураасан хуучин барилгын хог хаягдлаас ямар материал гаргаж авах вэ. Үүнийг юунд ашиглах боломжтой вэ?
- Нураасан барилгын 20-30 хувийг дахин эргэлтэд оруулж болох тооцоо бий. Барилгын хог хаягдлаас гаргаж авч, үйлдвэртээ боловсруулсан хайрга дайрга, элс, бетон, тоосго, төмөр, модоор битум зам, бетонон зам, бетонон байгууламж, газар шорооны тохижолт, далд суурийн ажил, далан хамгаалалт, Газар хөрс сайжруулах, усанд бэхждэг замын ажил, аж үйлдвэрийн барилга байгууламж, амины орон сууцны барилга, гүн суурийн ажил, барилгын шугам сүлжээний ажил, зам засварын ажилд ашиглана.
-Энэ төсөл хэрэгжиж Барилгын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулах, Эко үйлдвэр үүдээ нээлээ гэхэд зах зээл хэр хангалттай байгаа гэж бодож байна?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас буулгах шаардлагатай, газар хөдлөлтөд тэсвэргүй, хүн амьдрах боломжгүй барилгын тоог 320 гаруй гэж зарласан. Бидий тооцоолсноор үүнээс өөр 500-гаад барилга бий. Налайх дүүрэгт гэхэд ихэнх нь хуучин барилга байдаг. Гэтэл энэ олон барилгыг стандартын дагуу буулгах газар нэг ч байхгүй. Бид зах зээл дэх энэ хоосон орон зай, эрэлтийг хангаж чадна гэж бодож байна.
-Монголд барилгыг стандартын дагуу нураадаг газар байдаггүй гэлээ. Танай үйлдвэр хуучин барилгуудыг ямар стандартын дагуу, яаж нураах вэ?
-Барилга барихдаа ашигладаг материал дунд химийн гаралтай хорт бодис агуулсан материал олон байдаг. Жишээлбэл, зарим шохой, будаг хортой бодис агуулж байдаг. Барилга буулгах, ачихад ийм шохойн дахь хортой бодис агаарт тарж, хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулдаг. Барилгын буулгаж ачсан хог хаягдлыг нойтон даавуугаар хучиж тээвэрлэх зэрэг стандартын заалт бий. Энэ бүхэн манайд тэр бүр хэрэгждэггүй. Мөн шохой 25-35 жилийн дараа байгальд тарж эхэлдэг. Энэ нь хүний биед хорт хавдар үүсгэдэг хортой бодис агуулж байдаг. Гэтэл манай барилгын дийлэнх нь социолизмын үед баригдсан 20, 30 байтугай жилийн настай хуучин барилгууд. 2000 оноос ийм төрлийн шохойг дэлхий нийтэд хэрэглээнээс хассан. Манайх ч гэсэн тодорхой хэмжээгээр бууруулсанбайдаг. Гэхдээ хуучны барилгуудад байж л байгаа. Тэгэхээр одоо акталсан байгаа 300 гаруй барилгыг буулгахад агаарт ийм хортой бодис дэгдэнэ л гэсэн үг. Мөн ийм бодис агуулж байгаа барилгуудад хүмүүс амьдарч, хүүхдүүд сургууль цэцэрлэгт явсаар л байна. Энэ нь алсдаа хүүхдүүдийн эрүүл мэндэд ямар аюул авчрах ч юм билээ. Тэгэхээр одоо бид хуучин хүн амьдрах боломжгүй барилгаасаа салах цаг болсон. Будаг, шохойны хорны нарийн учрыг мэдэхгүй өөрсдөө барилга, байшингаа буулгаад, захын нэг автомашинд ачаад явуулчихдаг манайх шиг улс ховор. Миний хувьд Англид хуучин барилга буулгах, тэндээс гарсан хог хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мэргэжлийн компанид ажиллаж байсан. Англид улсын зэрэгтэй мэргэжилтэн байсан. Тэндээс сурч, судалсан, эзэмшсэн туршлагаа Монголын хөрсөнд буулгах гээд байгаа юм. Хамтраад ажиллах чадвартай залуус байгаа гэж бодож байна.
-Энэ үйлдвэр бослоо гэхэд ажиллах мэргэжлийн боловсон хүчин хэр хангалттай байна вэ?
-Энэ чиглэлээр мэргэшсэн монгол залуус байгаа. Гэхдээ тэд гадны орнуудад ажиллаж байна. Тэдний сурсан мэдсэн зүйлийг одоо л Монголд ашиглах гэж байна шүү дээ. Монголд эдийн засагт өгөөжтэй, шинэ зүйл болчихбол хүний нутагт байгаа залуус ирэх л байх. Яг одоо бол тэдний мэргэшсэн зүйлийг энд хөрсөнд буулгах эрх зүйн орчин, хууль дүрэм алга. Өнөө маргаашгүй нурах гэж байгаа хуучин барилгаар элбэг, импортын барилгын материалын үнэ асуудал болсон Монголд тэдний хийх зүйл, бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээл хангалттай байгаа биз дээ.
-Хуучин барилгаас гадна шинээр барьж байгаа барилгаас хаягдал их гардаг гэж дуулсан?
-Шинээр барьж байгаа 8-9 давхар барилгаас дахин нэг давхар барилга барихаар барилгын материалын түүхий эд гардаг. Үүнийг дахин ашиглах боломж бидэнд бий.
-Танайх нийслэлийн дахин төлөвлөлтөд хэр ач холбогдолтой үйлдвэр байх вэ. Энэ бүтээн байгуулалтын ажилтай хэрхэн уялдаа холбоотой ажиллах бол?
-Нийслэлийн дахин төлөвлөлттэй холбоотой, цаашид ашиглах боломжгүй хуучин барилга буулгаж нураах, газар чөлөөлөх ажлуудыг хийнэ. Ингэснээр хот дахин төлөвлөх ажил шуурхай явахад дөхөм болно гэж үзэж байна.
-Монголын анхны хуучин барилгыг мэргэжлийн төвшинд буулгаж түүнээс барилгын материал үйлдвэрлэх түүхий эд гаргаж авах үйлдвэрийг төрөөс хэр дэмжиж байна вэ?
-Барилга, хот байгуулалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам зэрэг холбогдох төрийн байгууллагууд дэмжихээ мэдэгдсэн. Гэхдээ энэ дэмжлэг бодлогын хүрээний дэмжлэг шүү дээ. Хөрөнгө оруулалт, техник технологийн хувьд бид гаднаас хамтрагч хайж байна. Энэ сарын сүүлчээр Япон улсад болох бизнес уулзалтад манай төслийг танилцуулахаар болсон. Япон улс хог хягдал дахин боловсруулах туршлагаараа дэлхийд тэргүүлдэг. Мөн ийм төрлийн үйлдвэрт ашигладаг тоног төхөөрөмж, техник технологийг Азидаа Япон улс хамгийн сайн шийдсэн байдаг. Манай үйлдвэрийг барих газрын асуудлыг хотоос шийдэж өгсөнд бид бүхэн талархаж байгаа. Мөн энэ төслийн судалгаа шинжилгээний ажилд “Цамхаг констракшин” компани захирал Ц.Одгэрэл, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Бямбасайхан нар их тусалсан.
-Үйлдвэр хэзээ үүдээ нээх вэ. Нийслэл хэзээнээс хуучин барилгаа стандартын дагуу буулгадаг болох вэ?
-Засгийн газар импортыг орлох, экспортыг дэмжих төслийг өнгөрсөн хоёрдугаар сараас авч эхэлсэн байдаг. Дараа сараас нь зээл санхүүжилтийг нь шийднэ гэж байсан. Бид үүний дагуу газар гэсэхэд дөрөвдүгээр сард үйлдвэрийн газартаа хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж тэндэх ажлаа хэлүүлж, энэ ондоо багтан барилгын хог хаядлыг үйлдвэртээ авч эхэлнэ гэж тооцоолсон. Гэхдээ төсөл шалгуурах үйл явц хойшлогдсон. Ирэх өвлөөс техник технологио оруулж ирээд ирэх оны намраас үйлдвэрээ нээж түүхий эдээ боловсруулж эхлэнэ гэж тооцоолж байна. Ойрын хоёр жилдээ үйлдвэрийн ажил жигдэрчих байх. Энэ хугацаанд хуучин барилга буулгаж, барилгын материал үйлдвэрлэх түүхий эдээ нөөцөлнө. Одоогоор манай төслийг Герман, Полшийн хөрөнгө оруулагчид сонирхож байна. Гэхдээ бид өөрсдийн боломжоороо үндэсний үйлдвэр байгуулахаар зүтгэж байгаа юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин