Б.ОД
Монголын Залуучуудын холбооноос "Баярыг архидалтгүй тэмдэглэе" аян зохион байгуулж байгааг "The Open Mic Mongolia"-ийн хамт олон дэмжиж Д.Сүхбаатарын талбайд арга хэмжээг баасан гарагт зохион байгууллаа. Арга хэмжээнд оролцохоор 40 гаруй хүн бүртгүүлснээс 20 нь тайзан дээр дуулсан юм. Хамгийн эхэнд жүжигчин Ж.Мөнгөнсүх "Өнчин улиас" дууг дуулан, архинаас татгалзахыг уриаллаа.
Энэ үеэр Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Цэнд-Аюуш "Монголын Залуучуудын холбооноос 2012 оноос эхлэн архинаас татгалзах уриалгыг залууст дэвшүүлж, “Спирт үү, Спорт уу” аяныг өрнүүлж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч гуравдугаар сарын 14-нд бүх нийтээрээ архитай тэмцэх уриалга гаргасан нь бидний зорилттой нийцэж байгаа тул "Архидалтгүй баяр" хэмээх аяныг өнөөдрөөс эхлүүлж байна" гэсэн юм.
Харин "The Open Mic Mongolia" арга хэмжээг санаачлан зохион байгуулагч Д.Энхтайван "2009 оноос эхлэн бид долоо хоног бүр "Open Mic" арга хэмжээг зохион байгуулсаар байна. Энэ хугацаанд нийт 800 гаруй удаа болсон. Сүүлийн хоёр жилд олон нийтийн сүлжээнд илүү идэвхтэй байхын сацуу, өөрсдийн гэсэн тоног төхөөрөмжтэй болсноос хойш гудамж талбайд арга хэмжээгээ хийдэг болсон. "Open Mic" бол өөрийгөө илэрхийлэх боложмийг олгодог арга хэмжээ юм” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 57 (6789)