Р.ОЮУН
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын нээлттэй холбоотой сурвалжлага “Зууны мэдээ” сонины гуравдугаар сарын 14-ний даваа гарагийн №52 /6784/ дугаарт гарсан билээ.
Энэ үеэр “Бид өмнө нь 130 орчим км төмөр зам тавьсан туршлагатай. Үүний дагуу бүх инженер техникийн ажил хяналт дээр байгаа. Туслан гүйцэтгэгчээр 90 орчим Монголын аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын ажил дээр явж байна. Зэвсэгт хүчний дөрвөн анги хилийн орчим ажиллаж байгаа. Өмнө нь Тавантолгой, Гашуунсухайтын төмөр зам дээр ажилласан аж ахуйн нэгжүүд байгаа учраас хуваарьт төлөвлөгөөгөөр хугацаанд нь дуусгах боломжтой. Чанарын хувьд гуравдугаар зэрэглэлийн төмөр зам. Энэ нь стандарттай, 20 сая тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай. Улаанбаатар төмөр замаас бид одоогийн байдлаар эхний ээлжинд дотоод тээврийнхээ галт тэрэгнүүдийг авч байна. Суурь бүс барьсны дараа далангийн ажлыг Улаанбаатар төмөр замын ангиар гүйцэтгүүлэхээр ярьж байна. Одоогийн байдлаар эхлэл цэгээс хил хүртэл уул уурхайн дөрвөн аж ахуйн нэгж бидэнтэй холбогдож байна. Лиценз авсан 10-аад аж ахуйн нэгж бий. Төмөр замын МСҮТ-д орон нутгаас 18-35 насны хүмүүсийг сургах бүртгэл ажил эхэлсэн байгаа. Эхний ээлжинд 500, бүрэн ашиглалтад орсны дараа 1300 ажлын байр бий болгоно. Тавантолгой, Гашуунсухайт, Зүүнбаян төмөр зам дээр ажиллах жишгийг барьж ажиллана” гэсэн юм.
Эх сурвалж www.polit.mn