Б.ОД
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс Э.Бат-Үүлтэй холбоотой асуудалд тайлбар өглөө.
Тус мэдээлэлд “Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг прокуророос дахин хоригложээ гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тус мэдээнд Э.Бат-Үүлийн хүүдээ бичсэн захидал болон Орос, Украины талаарх нийтлэлийг хориглосон талаар бичсэн байна. Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиар хоригдогчийн захидал харилцаа, хэвлэн нийтлэх асуудал зохицуулагддаг бөгөөд тус хуульд өөрт хамааралгүй бусад асуудлын талаар хэвлэн нийтлэх, захидал илгээхийг хориглосон байдаг бол өөрт хамааралтай асуудлаар гэр бүлтэйгээ захидлаар харилцах эрх нь нээлттэй байдаг. Э.Бат-Үүлийн тухайд хууль журмын хүрээнд гэр бүлтэйгээ захидлаар харилцаж байгаа бөгөөд энэ асуудалд Прокурорын байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар нэгэн хориг саад тавьж, захидал харилцаагаар харьцах эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Сүүлийн үед сошиал орчинд дээрх асуудлын талаар бодит бус мэдээлэл гарч байна гэдгийг тодотгоё" гэв.
Эх сурвалж:www.polit.mn