Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын зарим иргэн өнөөдөр тус аймгийн Шинэжинст суманд хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэ Монгол ХК-ийн үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд “Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” ХК манай нутагт үйл ажиллагаа явуулаад нэлээд жил боллоо. Одоо удахгүй олборлолтын ажиллагаа эхлүүлэх гэнэ. Тэгэхээр байгаль, ус, ургамал, амьтад, малчид, малын бэлчээр гээд олон зүйлд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа. Иймд тус компанийн үйл ажиллагааг хууль ёсны дагуу эсэхийг орон нутгийн удирдлагууд болоод төр, засгийнхан шалган тогтоомоор байна. Тэгэхгүй бол байгаль дэлхий сүйдэж, ургамал, мал, амьтад устах аюулд орохоор байна” гэлээ.
Түүнчлэн уг хэвлэлийн хуралд оролцож байсан “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Орон нутгийн харилцааны ажилтан Баттөр “Манай компанийн талаар буруу ойлголттой байгаад харамсалтай байна. Тухайлбал, “Эрдэнэ монгол” ХХК нь “Оюу толгой” компаниас 4-5 дахин том ордтой хэмээн нэр бүхий этгээдүүд мэдээлсэн байдаг. Мөн өнөөдөр хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл хийж байгаа малчид ч мөн ялгаагүй яг адилхан ойлголт өгч байна. Оюу толгой төсөл нь 1500 тонн алтны нөөцтэй бол “Эрдэнэ монгол” ХХК-ийн “Баян хөндий” төсөл 12 тонн алтны нөөцтэй. Тэгэхээр хэд дахин бага байна вэ гэдэг нь тодорхой байна шүү дээ. Мөн компанийнхаа нийт ажилтны 90 хувийг орон нутгаас бүрдүүлнэ гэж байгаа нь энэ төсөл орон нутаг, улс оронд ашигтай гэдгийг хэлэх нь зүйтэй. Одоогийн байдлаар олборлолт хийгээгүй байгаа. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Хэрэв хууль зөрчсөн бол шалгуулах хэрэгтэй шүү дээ” гэсэн юм.