Б.ДОЛЖИНЖАВ
Улс төрийн салбарт манлайлж, улсынхаа бодлого, үйл ажиллагааг тэргүүлэн ажиллах эмэгтэй удирдагчдын тоо нэгээр нэмэгдлээ. Тодруулбал, Унгарын парламент энэ сарын 10-нд эрх баригч намын дэд дарга Каталин Новакыг таван жилийн хугацаатайгаар ерөнхийлөгчөөрөө сонгосон юм. Ингэснээр Унгар улсыг түүхэндээ анх удаа эмэгтэй хүн удирдахаар боллоо. Тэрбээр парламентад 133 суудалтай Ерөнхий сайд Виктор Орбаны даргалдаг эрх баригч Фидес намаас нэр дэвшсэн юм.
Татварын хөнгөлөлт, төрөөс олгосон орон сууцны зээл зэрэг дундаж давхаргыг дэмжих эдийн засгийн хөтөлбөрийг хариуцдаг Гэр бүлийн бодлого хариуцсан сайдаар ажиллаж байсан Каталин Новак Европын асуудал эрхэлсэн Гадаад хэргийн сайдаас 2001 онд улс төрийн карьеерээ эхлүүлсэн юм.
Өдгөө 44 настай тэрбээр ялалт байгуулсныхаа дараа “Эмэгтэйчүүд хүүхдээ өсгөх, асрах, хоол хийхийнхээ хажуугаар мөнгө олох, гэр цэвэрлэх, Нобелийн шагнал хүртэх, шаардлагатай бол хоёр ажил зэрэг хийх гэсэн олон ажлыг амжуулдаг. Хүчирхэг гэдэг үгийн утгыг бид мэдэх ч сонсоод чимээгүй суусаар ирлээ. Хэрэв ямар нэгэн асуудал тулгарвал бид эрэгтэйчүүдээс ч илүү гэр бүлийнхнийхээ төлөө тэмцэж чадна. Эмэгтэй хүн гэдгээсээ үл хамааран би Унгарын хамгийн сайн ерөнхийлөгч байхыг хүсч байна. Унгарчууд энх тайвныг хүсч байна. Эмэгтэйчүүд ч мөн адил дайн бус эв найрамдалтай дэлхийг хүсч байна. Бид энх тайван, эрх чөлөөтэй, нэг нэгнээ ойлгодог байгаасай” гэж ярьжээ.
Унгар улсын тухайд ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог. Парламентын нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авсан тохиолдолд ялалт байгуулах журамтай юм. Каталин Новак 199 гишүүнээс 137 хүний саналыг авчээ. Тэрбээр гурван хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Новак олон хүүхэдтэй залуу гэр бүлийг дэмжих татварын хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлснээрээ Засгийн газрынхаа нүүр царай болж байв. Өмнөх ерөнхийлөгч Янош Адерын хувьд хоёр удаа сонгогдон 10 жилийн турш Унгар улсыг удирдсан. Түүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 10-нд албан ёсоор дуусч, Новак ажлаа хүлээн авах юм.
Эх сурвалж:Aljazeera