Б.ОД
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаяртай холбоотой хэргийг өнөөдөр хэлэлцсэн байна.
Тодруулбал, прокурорын байгууллагаас Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгуулах тухай саналыг 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 14-ний өдөр дүүргийн прокурор, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд түүнийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ. Түүнийг цагдан хорих хугацааг дөрөв дэх удаагаа сунгаж буй нь энэ юм.
Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, Мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Эх сурвалж:www.polit.mn