Б.ОД
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Тэрбээр холбоод нэгдэж байж сагсан бөмбөгийн спортын төрлөөр дэлхийн тавцанд амжилт гаргах боломжтой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Энэ хүрээнд тал бүрийн оролцоог жигд ханган, төлөөллүүдээ оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, ойрын хугацаанд хурлаа хийн дүрмээ баталж, шинэ ерөнхийлөгчөө сонгохыг зөвлөлөө. Ингэхдээ талцал, хуваагдлаа хойш тавьж, энэ спортын хөгжил, цаашилбал улсынхаа төлөө хамтдаа зүтгэхийг хүсэж, аливаа спортод сахилга бат, бие биеэ хүлээн зөвшөөрөх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай байх нь чухал гэдгийг онцлов. Гэхдээ үүнд улс төр орох ёсгүйг анхаарууллаа. Мөн тэрбээр төрийн тэргүүний хувьд шинээр байгуулах холбоог бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм.
Уулзалтад Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо болон тамирчдын төлөөлөл оролцлоо. Төлөөллүүд Ерөнхийлөгчийн санал, уриалгыг дэмжиж, ойрын хугацаанд хурлаа хийн, бүгд хүлээн зөвшөөрсөн дүрэмтэй, удирдлагатай болохын төлөө харилцан ойлголцож ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж:www.polit.mn