
Ч.ҮЛ-ОЛДОХ
“Соён гэгээрлийн цуврал” булангийн энэ удаагийн зочноор ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн захирал, академич Б.Чадрааг урилаа.
-Таны хурал цуглаанд хэлсэн үг, ШУА-д тавьсан илтгэлээс харж байхад Оюунлаг Монгол Улсыг байгуулъя гэсэн үг ихээхэн анхаарал татсан. Мэдээж та боломжгүй зүйл дэвшүүлээгүй байх, энэ тухай ярилцлагаа эхэлье?
-Улс болгон өөрийн гэсэн хөгжлийн онцлогтой. Хүмүүсийнх нь сэтгэх, бүтээх чадвар маш өндөр, агуу түүх, уламжлалтай, байгалийн баялаг сайтай орон яаж хөгжих вэ гэсэн бодлого байх ёстой. Тиймээс оюунлаг Монгол Улсыг байгуулах хэрэгтэй гэж үздэг. Улс орны зүгээс ч нэгдүгээр зорилгоо ингэж тавих хэрэгтэй. Ийм боломж бий гэдэг нь тал бүрээр нотлогдож байгаа. Хамгийн чухал нь хүн амын сэтгэх чадвар, хийж бүтээх авьяас гол юм.
Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн сонирхолтой судалгааны материал дэлгэж тавьсан. Түүнд дэлхийн 200-аад улс орны дотроос монгол хүний сэтгэх чадвар тавдугаар байрт орж байна гэсэн байсан. Энэ гайхамшигтай үзүүлэлт. Би үүнийг үнэн гэж бодож байгаа. Манай залуус хаа явсан газраа толгой цохиж, цойлж гараад ирдэг. Би ШУА-ыг 20 гаруй жил удирдахдаа олон залуусыг гадагш явуулж сургасан. Ялангуяа 1990-ээд оноос хойш барууны хөгжилтэй орнууд руу сурах, судалгааны ажил хийх шугамаар явуулж байсан. Тэд хэдхэн жилийн дараа төслийн удирдагч, лабораторийн эрхлэгч болсон байгаа юм. Гэтэл арав, хорин жил ажилласан бусад орны эрдэмтэд “Яагаад танай хүмүүс ийм байна вэ. Та бүхэн яаж бэлтгэв. Мөнгө төгрөг өгдөг юм уу” гэхчлэн сонин юм асуудаг. Тэгвэл монгол хүн өөрөө онцгой авьяастай юм. Дээр нь байгалийн баялаг, улс орны онцлог, өв соёл уламжлал гээд бусад зүйлийг нэмэхээр ямар байх нь ойлгомжтой. Би монгол хүн болж төрсөндөө баярладаг, “Ямар азтай юм бэ” гэж боддог.
-Монгол хүний онцгой авьяаст юу нөлөөлдөг юм бол?
-Би дэлхийн бөмбөрцөгийг олон тойрсон. Дэлхийн болон олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын хүндэт гишүүний хувьд олон газар оронд явсан. Тэгэхэд Монгол шиг газар нутаг, ой мод, тал хээр, говь, галт уул, нуур, цавчим хавцал, элсэн цөл цогцолсон, тэр нь байгалийн унаган төрхөөрөө байгаа нь бараг байхгүй. Байгалийн хувьд маш онцгой. Ийм тогтоцыг хүний биед маш тохирсон нутаг гэж үздэг, шинжлэх ухаан ч баталсан байдаг юм. Жишээ нь сансрын нисгэгчийг бэлтгэхийн тулд дэлхийн 60 гаруй оронд судалгаа хийсэн. Ийм газар далайн төвшнөөс 1000-1300 м-ийн өндөрт байх ёстой гэж үздэг. Тэгвэл Монголын газар нутаг нийтдээ тэр төвшинд байдаг учраас яг тохирно. Монголын түүхийг аваад үзэхэд ч үнэхээрийн гайхамшигтай. Төв Азид 2200 гаруй жилийн өмнө өөрийн төрт улсаа байгуулсан байна гэдэг бол дэлхийн ууган орны нэг гэсэн үг шүү дээ. Би ШУА- ийн ерөнхийлөгч байхдаа манай түүхийн ноён оргил, сүр хүч болсон эрдэмтэд нас өндөр болсон учраас Н.Багабанди Ерөнхийлөгч дээр ороод Монголынхоо түүхийг шинээр томьёолж бичвэл яасан юм бэ гэж хэлснээр түүхийн таван боть бүтээлийг зохиож хэвлүүлэхийг надад даалгасан юм. Өнөөдөр Баруун Европынхон ч гэсэн Монголын түүхийг янз бүрийн хэлээр орчуулж байна. Энэ бол Монгол гайхалтай түүхтэй орон болохыг харуулж байгаа юм.
-Монголын түүхийн амин сүнс гэвэл та юуг нь онцлох бол?
-Олон зуун мянган жилийн турш монголчуудын хийж ирсэн гол зүйл бол хамгийн нэгдүгээрт, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө, тусгаар тогтносон улс байхын төлөө дайн байлдаан, бүх ард түмний хөдөлгөөн, эв нэгдэл энэ бүгдээ зориулж ирсэн байдаг. Үүгээрээ бид гайхамшигтай ард түмэн. Тэгэхээр бидний оройн дээд шүтээн, хүн болгоны үүрэг бол тусгаар тогтнолоо хамгаалахын төлөөх тэмцэл юм байна гэдгийг “Монголын түүх” таван боть зохиолын уншсан хүн болгон мэдэж мэдрэх учиртай.
-Тэгвэл орчин үед бидний өмнө тулгарч байгаа бэрхшээл юу вэ. Бид одоо юуны төлөө тэмцэж, бүх нийтээрээ хөдөлгөөн өрнүүлэх ёстой вэ?
-Монгол Улсад тулгарч буй хоёр том асуудал бий. Нэгдүгээрт, жижиг орон учраас анхаарах юм байна. Хүн ам цөөн, асар том газар нутагтай, тэгээд зах зээл хөгжсөн орнуудын дунд байгаа улсын хувьд хүн амын өсөлтийг нэгдүгээрт тавих нь чухал. Хоёрдугаарт, цөлжилтийн асуудал. Цөлжилт бол даян дэлхийн эмзэг асуудал. Цөлжилт нүүрлэвэл Монгол гэдэг нэр алга болж мэднэ. Яагаад гэвэл, малгүй Монгол Улсыг төсөөлөх гээд үз л дээ. Тийм учраас энэ маш аюултай.
-Гэвч цөлжилт, хүн ам өсгөхөд анхаарах бус манайхны олонх нь олон нам байгуулж, олон юм ярьж талцдаг болсон. Хөгжлийн төлөв, төрийн бодлого ч тодорхой биш байна?
-Хөгжлийн ойрын болон хэтийн төлөв маш тодорхой байх ёстой. Энэ бол маш ойлгомжтой зүйл. Геометрээр бол бараг теорем гэсэн үг. Жишээ нь, тэр теоремын гол агуулга нь уул уурхайгаас олсон орлогоор хөдөө аж ахуйг хөгжүүлэх, өөрөөр хэлбэл газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх ёстой. Олсон орлогынхоо 50-иас доошгүйг энэ чиглэлд зарцуулах учиртай. Учир нь, уул уурхай цөөн хүнийг шингээх чадвартай. Тэгэхээр бидэнд ажилгүйдэл гэдэг том асуудал бий. Хүнс хоолны асуудал байна. Тиймээс богино хугацаанд олон хүнийг ажилтай, орлоготой, хүнстэй болгодог салбар бол хөдөө аж ахуй. Хөгжсөн улс орнууд үүнд хүчээ төвлөрүүлдэг. Энэ бол хөгжсөн орнуудын туршлага, хөгжлийн теорем. Түүнээс гажих юм бол олигтой үр дүнд хүрэхгүй.
-Тухайлбал ямар байдалд хүрэх бол, та жишээ хэлэхгүй юу?
-Хөгжлийн энэ теоремоос гажвал нэг мэдэхэд газар доорх нөхөн сэргээгддэггүй баялаг маань устаж үгүй болох, ёстой нөгөө аманд ч үгүй, хамарт ч үгүй алга болж мэднэ. Энэ олон уурхай байгуулсан газар улаан шороо хийссэн нүх хонгил болж үлдэнэ. Ийм байдал Африк, Латин Америкийн орнуудаар явж байхад харагддаг. Тэнд явж байхад гоё сайхан зүйл олныг үзүүлдэг л дээ. Онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтан гээд байхгүй юмгүй. Түүнийг хараад бахархах биш харамсах сэтгэл төрдөг. Манай орон түүний дэргэд өчнөөн сайхан баялагтай шүү дээ. Гэтэл хоёр сая гаруйхан хүнээ тэжээж чадахгүй явна гэхээр харамсахаас яах билээ.
-Та нар, салхины эрчим хүчний тухай их ярьдаг. Хөгжлийн түлхүүр болсон энэ салбар Монголд ямар байдлаар хэрэгжиж байна вэ?
-Бид мал аж ахуй эрхэлж уул уурхай хөгжүүлэхээс гадна, хөгжье гэвэл эхлээд эрчим хүчний хангалттай нөөцтэй болсон байх ёстой. Том орон байна уу, жижиг орон байна уу ялгаагүй хөгжлийг урагш нь чирэгч зүтгүүр нь эрчим хүч. Тиймээс зүтгүүрээ бий болгох ёстой. Тэгвэл манайд энэ салбарт сүүлийн таван сайд солигдоход олигтой юм байгуулсангүй. Харин энэ удаагийн Засгийн газар, салбарын сайд М.Сономпил гайгүй юм хийж байна. Ер нь сүүлийн хоёр жилд догь юм хийсэн салбар эрчим хүчнийхэн боллоо. Гэхдээ нэг юм бий. Тэр нь юу вэ гэвэл, эрчим хүчийг хязгааргүй хөгжүүлж болох ч даац гэж байна. “Дөрөө даах гутал” гэдэг шиг тийм утгаар ярих зүйл бий. Зөвхөн уламжлалт эрчим хүчийг хөгжүүлээд байвал газар нутаг даах уу, даац нь ямар байх вэ. Ялангуяа уламжлалт эх үүсвэр бол байгалийг хордуулдаг, бохирдуулдаг, цөлжүүлдэг гэхчлэн олон юм бий. Тиймээс олон эх үүсвэрийг ашиглаж зохимжтой хувилбарыг гаргаж, тэр дагуу эрчим хүчний асуудлаа шийдэх хэрэгтэй юм.
-Та монгол хүн болж төрсөндөө өөрийгөө азтай гэж боддог гэсэн. Газар нутгийн хувьд манай улс хоёр том хөршийн дунд оршиж байгаа нь бас л том аз биз?
-Хоёр том зах зээлийн дунд бид оршиж байна. Ялангуяа Оросын зах зээл бол бидэнд том банк гэсэн үг. Зах зээлийн онолыг үндэслэгч Адам Смит “Нэг муж, нэг улсаар олигтой зах зээлийг бий болгож чадахгүй” гэсэн байдаг. Тэгэхээр улс орнууд том хэмжээнд нэгдэж, нийлж байж зах зээлийг бий болгох хэрэгтэй. Ялангуяа манайд том үйлдвэр байгууллаа гэхэд бүтээгдэхүүнийг хэн авах, хэн борлуулах вэ, хэнд хэрэгтэй гэдэг асуудал хэцүү. Тийм учраас азтай гэж байгаа нь бид Орос, Хятад цаашилбал БНСУ, Япон гээд гээд олон орны завсар байгаа явдал юм. Одоогийн Ерөнхийлөгч, шинэчлэлийн Засгийн газрын үед Орос, Хятадтай хамтран ажиллах сайхан боломжуудыг гаргалаа, ялангуяа олон улсын байдалтай холбогдон сүүлийн саруудад гарч байгаа өөрчлөлтүүд Монголын сэхээтнүүдийг ихээхэн баярлуулж байна. Энэ завшааныг ашиглаж, Орос, Хятадтай том үйлдвэрийн суурийг тавих, тодруулбал хий дамжуулах хоолойг Монголын нутаг дээгүүр явуулах, төмөр замтай холбох, чөлөөт худалдааны бүсүүдийг байгуулах боломж гарч байна. Үүнийг нэг ч цаг мөч алдалгүйгээр хурдан хэрэгжүүлж чадвал Монгол Улс хөгжинө.
-Та түрүүнд монголчуудын онцгой чадвар, авьяасыг магтсан. Тэр боломжоо орчин үеийн хөгжилтэй хэрхэн нийлүүлэх вэ?
-Сэтгэх чадвартай, юм хийж бүтээх төрөлхийн авьяастай залуус олонтой боломжоо ашиглаад ухаалаг, оюуны өмч шингэсэн багаж төхөөрөмж, электорникийн чиглэлийг хөгжүүлэх нь чухал. Хаана ч очсон эмээ, өвөө хоёр 20 үнээгээ саагаад стандартад тохирсон өрөм, бяслагаа худалдаж байна, үгүй мөн лут юм гээд ярьдаг. Эсвэл намар хураасан бүх ногоогоо зоорилоод өвөлжин худалдаж байна, нэг айл гээд гайхдаг шүү дээ, бид. Түүний цаана автоматжуулалт, электроник гэдэг юм байна. Үүнийг л хөгжүүлсний үр дагавар шүү дээ. Электроник бүх салбарт хэрэглэгддэг. Хүн ам цөөнтэй монголчууд үүнийг хийхдээ гаргууд. Жишээ нь, миний удирдаж байсан электорникийн багаж төхөөрөмжийн үйлдвэрээс анх “Монэл” брэнд гарсан. Өнөөдөр 40 тэрбумын бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд гайхуулж байгаа “Самсунг”компани нь бид “Монел”-ыг байгуулж байх үед вольт, амперметрийг хэмждэг багажаа модон хайрцаг дотор хийж байсан байх юм. Тэгэхэд бид электроникийн үндсэнд ажилладаг компьютер зохион бүтээгээд түүнийгээ гадаад дотоодод борлуулдаг, тухайн үедээ хэдэн сая ам.долларын бүтээгдэхүүн гаргаж байлаа шүү дээ. Гагцхүү түүнийгээ хөгжүүлээд явсан бол өнөөдөр нэг төлөгний үнэтэй гар утас ч юм уу, бярууны өртөгтэй компьютерийг хийгээд явах байсан. Монголчууд сайхан юм хийнэ, чадна. Саяхан гэхэд л инженер мэргэжилтэй монгол залуу Н.Нацагням хэн ч өмнө нь бүтээгээгүй, дэлхийд олон тэрбумаар үнэлэгдэх бүтээл хийчихсэн байна шүү дээ. Өнөөдөр Майкрософт, Google зэрэг дэлхийн том компанид, ер нь баруун руу гарч ажилласан манай залуус үнэхээр бахархмаар амжилтын эзэд болсон. Тэгэхээр бид боловсролын системдээ анхаарч өөрчилмөөр байгаа юм. Гэхдээ нэр, зүсийг нь өөрчилснөөр урагшлахгүй.
-Яаж өөрчлөх ёстой вэ?
-Өөрчлөлт хийх бүх хувилбар нь ШУА, манай эрдэмтдэд бүгдэд нь бий. Саяхан Төрийн тэргүүн Герман улстай хамтран Налайхад сургууль байгуулсан. Тиймэрхүү маягаар, тухайлбал техник технологи хөгжсөн орнуудтай хамтарсан сургууль байгуулбал ихээхэн ашигтай. Хөгжиж байгаа орнууд дан гадны багш нар ажилладаг, гадны лаборатори ажилладаг, тусгай кампустай сургуулиудыг өөрсдийн нутагтаа байгуулж байна. Тэнд сурч байгаа оюутнуудын төлбөрийг улс нь даадаг. Ирж ажиллаж байгаа багш нар нь дан гадны эрдэмтэн багш нар, цалинг нь төрөөс ч өгч байна, цаанаас ч өгч байна. Харахад баруунжсан маягийн боловч их сургууль гэж ийм юм байдаг гэдгийн үлгэр жишээг бусад сургуулиуддаа харуулж, тэгж төвшинг дээшлүүлдэг байна. Гол нь, тийшээ татагдах зүйл нь өөр байна.
-Одоо таны 20 гаруй жил удирдсан Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн тухай асууя. ШУА-ийн үүрэг, ач холбогдлыг хэрхэн дүгнэвэл зохистой вэ?
-Шинжлэх ухааны академи байгаа нь тухайн улсын тусгаар тогтнолын бас нэг том элемент гэж үздэг. Б.Ширэндэв гуай амьд сэрүүн байхдаа ярьдаг байсан. Тэр үед манай академич Ч.Далай орчуулагчаар явж байсан даа. ШУА байгуулчихаад Хятадын удирдлагуудтай очоод уулзахад нь “Баяр хүргэе. Монгол Улс гурван хөлтэй байсан бол дөрвөн хөлтэй болжээ” гэж хэлсэн байдаг юм. Энэ маш том утга агуулгатай байгаа биз. ШУА оршин тогтнох хугацаандаа олон юм үзэж туулсан. Нэгдүгээрт, орчин үеийн шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэх суурийг сайн тавьсан. Эрчимтэй хөгжсөн. Товчоор хэлбэл, дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн болж чадсаныг өндрөөр үнэлэх ёстой. Нөгөө талаар, 1990-ээд оны үед бусад байгууллагын адил багагүй бэрхшээлийг үзсэн. Цалин бага, нөхцөл хүнд байсан учраас зөвхөн шинжлэх ухааны байгуулагад хайртай, чин сэтгэлтэй хүмүүс л тэнд ажилладаг байлаа. Тэр 20-оод жилд зүгээр л тэсч үлдэх гэсэн ганцхан зүйл байсан. Тэсээд үлдвэл цаашид Монгол Улсад орчин үеийн суурь судалгаа хөгжинө. Үүнийг төр засаг, хойч үе ойлгоно гэсэн бодлын үүднээс манай эрдэмтэд хоосон хонохгүй, хоёр идэхгүй зүтгэсэн. ШУА ямар үүрэг,ач холбогдолтой вэ гэдгийг авч үзвэл нэгдүгээрт, орчин үеийн шинжлэх ухааны ололт, амжилтыг ард түмэндээ ойлгуулж, хүргэдэг. Монголчууд байгаль, нийгмийн шинэхэн хуулиудыг мэддэг байж миний түрүүнд хэлсэн оюунлаг Монгол Улс бий болно. Үүнийг бий болгоход ажилладаг, суурь судалгааг явуулдаг хүмүүс нь манай эрдэмтэд. Хоёрдугаарт, чадварлаг боловсон хүчин бэлтгэх оюуны ундарга гэж болно. ШУА-д ажиллаж байгаа хүмүүс тэдгээрийг бий болгох илүү боломжтой.
-Сүүлийн үед ШУА хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Гишүүд нь хэн нь ч мэдэгдэхгүй, юу хийж бүтээсэн нь ч тодорхойгүй гэсэн шүүмжлэл их гардаг болжээ?
-Янз бүрийн хүмүүс ажиллаж, үр дүн муутай байх нь харагддаг л даа. Тэр шүүмжлээд байгаа хүмүүсийн гарал үүслийг судлах юм бол маш сонин. Оросын юм уу, эсвэл энд тэндхийн муж хязгаарт гарч байгаа улс төржсөн, богино зайны өөрчлөлтийг Монголд нэвтрүүлэх гэсэн юм яваад байх юм. Тэр хүмүүс ШУА-д ажиллаж байхдаа, одоо ажиллаж байгаа нь ч Академийн гишүүн болох гэж цагтаа үхэн хатан зүтгэцгээж ирсэн. Хэд хэдэн удаа сонгуульд нэрээ дэвшүүлээд ард түмэн, академийн бусад гишүүдэд үнэлэгдээгүй. Тэгээд өс хонзон авч байгаа юм уу, хаашаа юм нэг тиймэрхүү юм ярьдаг. Тэгж даган баясагч байдлаар явж болохгүй шүү дээ. Тийм зүйл явцгүй. Иймэрхүү бүтэлгүй зүйлүүд гардагт би санаа зовдог. Эцсийн бүлэгт хөгжье гэвэл ард түмнээ, иргэдээ боловсролтой, мэдлэгтэй болгох, авьяасыг нь хөгжүүлэх хэрэгтэй. Түүний эх үүсвэр, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага бол Шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны байгууллага юм. Тиймээс ШУА-аа дэмжиж, хөгжүүлэх нь тухайн улс орны бүх ард түмнийхээ өмнө хүлээсэн гол үүргийн нэг гэж боддог.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин