С.САРУУЛ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Зууны мэдээ” сонинд “Цахим үндэстэн болох санаа, ойлголт хэрхэн гарч ирсэн талаар яриагаа эхэлье. Анх 2019 онд Оксфордын их сургууль, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар хамтран цахим хөгжлийн судалгаа хийсэн. Энэхүү дижитал бэлэн байдлын судалгаанд Нобелийн шагналтан, Английн судлаач, эдийн засагчдаас гадна Монгол эрдэмтэд, Засгийн газрын төлөөлөл оролцсон юм. Судалгааны үр дүнд ерөөсөө л Монгол Улсын хөгжилд төр саад болж байна гэсэн ганцхан дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, салбарууд нь цахимжих гэхээр төр цаас, зөвшөөрөл нэхэж байгаа учир бүх үйл явц удааширч байна гэсэн үр дүн гарсан. Тиймээс судалгааны багтай хамтарч хэрхэн дижитал эдийн засаг руу орох, эдийн засгаа солонгоруулах ёстойг судалж, зургаан үе шаттай арга хэмжээ авах стратегийг гаргаж ирсэн. Ийнхүү 2019 оны арванхоёрдугаар сарын 4-нд “И Монголиа” хурлыг хийж, анхны төлөвлөгөөг танилцуулж байлаа. Тухайн үеийн Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, салбарын экспертүүдээс эхлээд төрийг цахимжуулахгүй бол хувийн хэвшилд гай болж байгааг хүлээн зөвшөөрч энэ хурлыг хийсэн. Түүнээс гэнэт “И Монголиа” бий болчихоогүй. ХУР, ДАН системийг үе үеийн Засгийн газар хийж ирсэн. Гэхдээ яг иргэдэд цахим үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь “И Монголиа” болсон гэж хэлж болно. Би Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын даргаар 2020 оны долдугаар сарын 22-нд томилогдсон. "И Монголиа"-гийн анхны хурлыг хийснээс хойших хагас жилийн хугацаанд яг энэ төсөл дээр ажиллаж аравдугаар сарын 1-нд нь 181 үйлчилгээг цахимжуулж “И Монголиа”-г нээж байлаа. Том зургаараа бол цахим үндэстэн больё гэж байгаагийн шалтгаан нь дижитал эдийн засаг. Дэлхийн хөгжиж байгаа, хөгжилтэй орнууд бүгд дижитал эдийн засаг руу орчихлоо. АНУ, Англи, Эстони, Сингапур, Солонгос, Япон гээд бидний үлгэр дуурайлал авдаг орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг дижитал эдийн засаг бүрдүүлж байна. Монгол шиг уул уурхайд суурилсан, хоёр хөршөөсөө хамааралтай эдийн засагтай улсад мэдээллийн технологи шинэ итгэл найдвар өгч байгаа. Өөрөөр хэлбэл, дижитал үндэстэн болох зорилтыг төр гаргаагүй. Тэр утгаараа дижитал үндэстэн бол хувийн хэвшил, монголчуудын нэгдсэн зорилго байхаас биш аль нэг намын амлалт, сонгуулийн уриа биш. Цаашид ч ийм зүйл болохгүй байх гэж найдаж байгаа. Харин төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим хөгжлийг түүчээлэхэд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэгт хянамгай хандах ёстой” гэж ярилаа.
Эх сурвалж: www.polit.mn