Б.БЯМБАЖАРГАЛ
Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Орчин үеийн боловсрол Монголд-100 жил” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Ардын гэгээрүүлэх яамны анхны сайд гүн Жамьяан, Эрдэнэбатхан нарын зургаас эхлээд цар тахлын үеийн хичээл, боловсролын үйл ажиллагааны үйл явц, сурагчдын 300 гаруй гэрэл зураг багтжээ. Үзэсгэлэнгийн тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Орчин цагийн боловсрол үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд олон ажил зохион байгуулсан. Энэ гэрэл зургийн үзэсгэлэн нь ойн ажлыг отголж байна. Орчин цагийн боловсролын түүх бол Монгол Улсын орчин цагийн 100 жилийн түүх юм. Түүхэн мөчүүдийг мөнхөлсөн 100 жилийн гэрэл зургийг нэг үзэсгэлэнд багтаах амаргүй. Монгол Улс Ази тивд анх удаа ардын хүүхдийг сургах сургууль байгуулсан. Энэ нь Монгол Улсын төдийгүй дэлхийн боловсролын салбарын түүхэнд бичигдэхүйц том үйл явдал юм. Мөн Монгол Улс 1971 онд бүх ард түмнээ бичиг үсэгт сургасан орон болж НҮБ-аас шагнал авсан зэрэг 100 жилийн хугацаанд тохиосон олон түүхэн үйл явдал Боловсролын салбарт бий” гэв.
Үзэсгэлэнд он цагийн дарааллаар боловсролын салбарын түүхэн үйл явц, сурагчдын урлаг, спортын наадам, гадаад улсад суралцаж буй оюутнууд, их сургуулийн хичээлийн үйл явцын гэрэл зургийг багтаасан байна. Тухайлбал, 1920-иод оны хичээлийн байр, 1925 оны анхны дунд сургуулийн багш, сурагчид, 1942 оны МУИС-ийн нээлт, 1963 оны цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх сургуулийн анхдугаар төгсөлтийн гэрэл зураг байв.
Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв агсаны өөрөө хийсэн Улсын багшийн институтийн орос хэлний салбарын оюутнуудын дурсгалын зургийн эвлүүлэг, МУИС-ийн 1958 оны улаан диплом зэрэг сонирхолтой түүхэн баримтуудыг дэлгэжээ. Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн шинжээч Д.Наранзул “Гэрэл зургийн үзэсгэлэнг сүүлийн таван сарын хугацаанд бэлдсэн. Үзэсгэлэнг дэглэхийн тулд салбарын багш, ажилчид, сурагчдаас болон Үндэсний төв архивын фондоос материал цуглуулсан юм. Зөвхөн гэрэл зураг биш боловсролын салбарын түүхийг өгүүлэх салшгүй хэсэг болсон сургуулийн сургалтын орчин, боловсролын бичиг, баримт, урлаг спортын ажил, хонхны баяр, ангийн монтажийг багтаалаа. Мөн боловсролын бүх шатны байгууллагын түүхэн зургуудыг багтаахыг зорьсон. Үзэсгэлэнгийн хойморт Ардын гэгээрүүлэх яамны анхны сайд гүн Жамьяан, Эрдэнэбатхан нар, Монгол Ард Улсын олон сургуулиудын багш нарын дурсгалын зургийг дэлгэсэн. Учир нь Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатханы үед хүрээ, орон нутгийн сургуулийн захирал хуралдаж дунд сургуулийн дүрмийг баталсан онцлогтой. Түүнчлэн хурлаар монгол бичиг, тоо бодлого, түмэн бодис, улс төрийн байдал, зураг, биеийн тамир, аж ахуй, Монгол Улсын орон нутгийн байдал хичээлийн агуулгыг хэлэлцэн баталсан байдаг” гэв. Үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл Монголын Уран зургийн галерейд гарна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.12.22 ЛХАГВА № 251 (6728)