
Ч.Үл-Олдох
Энэ удаагийн дугаарын зочноор “Нью жуулчин” группын ерөнхийлөгч Ш.Нэргүйг урилаа. Монголын аялал жуулчлалын салбарыг хөл дээр нь босгосон энэ эрхэм улс орны хэмжээнд олон шинэлэг зүйл санаачилсан анхдагч, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн хэрэгжүүлж, өвөрмөц арга барил, туршлагыг дэлгэрүүлсэн шилдэг менежер юм.
-Юуны өмнө танд Монголын аялал жуулчлалын салбарын 60 жилийн ойн мэнд хүргэе. Жуулчны улирал ид эхэлж байна. Танай компани энэ жил ямар аялалууд санал болгов. Мөн зун, намар болох үйл явдлууд, цаг үеийн онцлог, жуулчин хүлээж авах бэлтгэл, өнгөрсөн жилтэй харьцуулсан тоо баримтаас сонирхуулна уу?
-Энэ жилийн жуулчны улирлын бэлтгэл үндсэндээ хангагдлаа. Жуулчдын тоо өнгөрсөн жилийн төвшинд байх нь анзаарагдаж байна. Манай компани жилдээ 40 гаруй орноос 10 мянга орчим жуулчин авдаг. Шинэ аялал гэвэл Хонгконгийн компанитай хамтран 100-150 хүний хамтарсан марафоны аялал хийхээр тохирсон. Мөн галт тэрэгний аялалууд хийж байна. Нэг ээлж нь 200-гаад хүний бүрэлдэхүүнтэй. Ийм төрлийн уламжлалт аялалуудыг шинээр явуулж байгаа. Нэмж хэлэхэд, манай компанийн хувьд анх удаагаа Өмнөд Африкаас жуулчин хүлээж авлаа. Мөн Малайз, Энэтхэг, Бирм гэхчлэн Азийн орнуудаас жуулчид ирж байна. Тайваниас одоогийн байдлаар 100 гаруй хүн ирсэн. Азийн орнуудаас манайд тэр бүр аялдаггүй байсан бол энэ оноос ирж байгаа нь шинэ эхлэл, энэ жилийн онцлог юм.
-Жуулчдын хамгийн их сонирхдог, бас та бүхний санал болгодог аялал юу вэ?
-Хамгийн түгээмэл аялалын чиг хандлага бол нүүдэлчдийн соёл, зан заншлыг сонирхохыг илүүд үздэг. Аялалын хөтөлбөрөөс үзэхэд ч гэсэн энэ чиглэлд аялагчдын тоо олон байна. Мөн компани болгон өөр, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тэр нь хоорондоо давтагдахгүй. Мөн тухайн орны брэнд болчихсон учраас түүнийгээ тэр бүр өөрчилдөггүй. Аялж байгаа гол чиглэл нь би түрүүнд хэлсэн Өмнөговь-Хархорин, Тэрэлж-Хөвсгөлийн чиглэлд байдаг. Тусгай жуулчин буюу төрөлжсөн жуулчдын хувьд чөлөөтэй, гол төлөв автомашинаар 1500 -3000 км аялдаг аялалууд бий.
-Нийгмийн тогтолцоо өөр, аялал жуулчлал хязгаарлагдмал байсан үетэй харьцуулахад өнөөдөр огт өөр цаг үед та бид ярьж сууна. Энэ хүртэл аялал жуулчлалыг хөгжүүлж, энэ салбарыг хөл дээр нь босголцсон хүний хувьд таны ажлын гараа, замын эхлэлийг сонирхъё?
-Цаг хугацаа хурдан юм. Хэдхэн жилийн өмнө сургууль төгсч, аялал жуулчлал гэдэг их айлын босгоор алхаж орж байлаа. 1981-2003 онд Гадаадын аялал жуулчлалын “Жуулчин”нэгтгэл, “Жуулчин” хувьцаат компанид орлогч нягтлан бодогчоос ерөнхий нягтлан бодогч,хэлтсийн дарга, дэд захирал, гүйцэтгэх захирал зэрэг ажил албыг хашсан. Өнөөдөр энэ салбарт ажиллаад 33 жилийг үджээ. Монголд аялал жуулчлалын салбар үүсч, хөгжөөд өнөөдөр 60 жилтэйгээ золгож байна. Өнгөрснөөс өнөөг хүртэлх он жилүүдийн 60 гаруй хувьд нь ажилласан хүний хувьд миний ажил, амьдрал энэ салбартай яах аргагүй холбоотой. 33 жил ажиллахдаа бараг бүгдэд нь удирдах алба хашиж явсан. Тиймээс энэ байгууллагын түүхтэй бас холбоотой явж иржээ. Энэ хугацаанд олон сайхан хамт олонтой гар нийлж ажилласан.Тэднийхээ нөмөр нөөлөг, идэвх зүтгэлийн дүнд багагүй ажил хийж гүйцэтгэсэн. Ямар ч гэсэн аялал жуулчлалын талаар бидний хийсэн ажил нэг биш нэлээд олон төрөлд хамаарна.
-Олон зүйлд анхдагч гэж дурсагддаг, брэнд болж үлдсэн нь ч бий. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?
- Эргэн дурсахад бид шинэ, анхны гэсэн маш олон зүйлийг хийсэн байдаг юм. Аялал жуулчлал тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, тэгээд ч бүх юм хаалттай байсан үе. Бидний хувьд тэр үед гадаад харилцаагаа хөгжүүлж, багагүй сүлжээтэй байсных юм уу, тиймээс анхдагч болсон олон зүйлийг хийж чадсан. Туайлбал, 1991 онд анхны гадаадын хөрөнгө оруулалттай “Кодак” гэрэл зургийн газар байгуулсан. Тэр үед Монголд ардчилал, зах зээл гэж бужигнаж байсан учраас хүндрэлтэй юм их байлаа.Нэг доллар таван төгрөгтэй тэнцэж байсан учраас гаднаас юм худалдаж авахад үнэ дийлдэхгүй байх жишээтэй. Мөн “Бээжин нугас” зоогийн газар байгуулж явлаа. Тэр үеийн нэг онцлог нь зах зээлд шилжилтийн үед төрийн өмчөөс хувийн өмч рүү шууд шилжээгүй. Эхэндээ төрийн өмчийг түрээслэх маягаар, дараа нь хоршоолол, хувьчлалын хэлбэр рүү шилжихэд бид бүх зүйлд манлайлж явсан. Тухайлбал, 1989 онд бид анхны “Жуулчин” хоршоог байгуулсан. Түүнийгээ дагалдуулан бэлэг дурсгалын дэлгүүр буюу Монголын нэртэй арав гаруй зураачийг нэгтгэсэн хоршоог ажиллуулсан. Үндсэндээ хувийн хэвшлийн анхны хамтарсан хэлбэр үүссэн түүх ийм. Тэр үед зөвшөөрөл авахдаа Чингисийн зургийг зурж, худалдана гэсэн эрх авч чадахгүй байсныг бодоход үзэл суртлын хувьд нэлээд хаалттай байсан цаг үе гэж болно. Үүнээс хойш Монголд их хувьчлал явсан. Монголын анхны хувьчлалыг бид хийсэн. Тухайн үедээ хувьчлал гэж юу болох тухай сайн ойлгохгүй байсан ч хүндрэл бэрхшээлийг давж хувьчлалыг хийсэн. Монголын анхны валютын дэлгүүрийг нээж, юм ховордсон үед нийслэлчүүдийг ховор нандин бараагаар хангаж байлаа.Мөн “Эделвайс” зочид буудал барьсан нь жижигхэн хэрнээ тэр үеийн үйлчилгээний салбарт нүдийг нь нээсэн үйл явдал байлаа. Зочид буудлууд нэг ресторантай байсан бол бид монгол, европ хоолны гурван ресторан нээж байлаа. Үүний дараагаас том буудлууд бидний туршлагаар зоогийн газрууд байгуулж эхэлсэн. Жуулчны баазыг шинээр нээж сонгодог хэлбэрээр хөгжүүлсэн. Тохижилтын хувьд үндэсний загварууд оруулж өгсөн. Анхных нь 1999 онд барьсан “Хоёр загал” жуулчны бааз. Түүнээс хойш нийт зургаан жуулчны бааз барьж, хамгийн сүүлийнхийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан нь зочид буудлын чиглэл рүү хандуулсан “Алунгоо” жуулчны бааз юм. Энэ онд Өмнөговь аймагт шинэ жуулчны бааз барьж ашиглалтад оруулна. Ингэснээр жуулчны бааз-зочид буудлын сүлжээ маягаар ажиллах боломжтой болох юм. Анхдагчийн хувьд томоохноос нь дурьдвал бид ийм ажлууд хийж ирсэн. Жижиг зүйлүүд бол олон бий.
-Том, жижиг гэлтгүй сонин шүү дээ, эргээд дурсахад. Тэгээд ч сүүлийн үеийн залуус тэр түүхийг мэдэхгүй шүү дээ?
-1990-ээд онд Улаанбаатарын гудамжаар зөвхөн Оросын автобус, автомашин явдаг байхад бид Солонгосоос 15 автобус оруулж ирж байсан. 1993 онд Монголд орж ирсэн анхны арав орчим “Бенз” автомашиныг бид авчирсан. Анхны том өргөн дэлгэцийг 1990 онд оруулж ирсэн. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе байсан учраас тэр үед гадаадаас валютаар бараа, таваар оруулж ирдэг ганц газар нь манайх байсан юм. Жишээ нь, 1989 онд Өмнөговь аймагт анхны “Кола, “Панта” ундааг Хонгконгоос оруулж ирэхэд хөдөөгийнхөн лаазыг нь аваад давс, сахараа хийж тавьдаг байлаа гээд яривал анхны гэсэн олон сонирхолтой үйл явдлын түүчээ болж явлаа, бид. Сургууль гэхэд л сургалт зохион байгуулж аялал жуулчлалын боловсон хүчнээ өөрсдөө бэлдэж байсан. Нийтдээ гурван удаагийн сургалт явуулж хамгийн сүүлчийнхийг 1991 онд төгсгөсөн. Төгсөгчид маань бүгд аялал жуулчлалын мэргэжилтэн,энэ чиглэлээр компанийн захирал болчихсон салбартаа ажиллаж явна. Энэ мэтээр бүх зүйлийг тоочвол ярьж дуусахгүй л дээ.
- Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж бага насаа дурсахдаа “Жуулчин” компанийн лого бүхий малгай, подвольк өмсөөд Японд хөл тавьж байлаа гэж байсан. Спорт, тэр дотроо бөхчүүдийг яагаад дэмжих болов?
-Спортын чиглэлд нэлээд юм хийсэн. Хамгийн анхных нь ардчиллын эхэн үед томоохон компаниуд нэртэй бөхчүүдийг ивээн тэтгэдэг байсан үе лдээ. Бидний хувьд хүүхдийг хүндэлье, нйигмийн анхаарлыг тийш нь хандуулъя гэж үзсэн. Заавал улсын цолтой нэртэй бөхчүүдийг биш, спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийг дэмжье гээд эхний ээлжинд 12-14 насны 40 гаруй хүүхдийг авч “Жуулчин” клубээ байгуулсан юм. Хүүхдүүд тэнд бэлтгэл сургуулилт хийдэг. Анхны багш нь Ардын багш, Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч н.Дамдин, дасгалжуулагч Эрдэнэбилэг нар байлаа. Сайн тал нь хүүхдүүдийг багаас нь бэлтгэл хийлгэсэн бол тэдний 90 хувь нь бөхийн удамтай байсан. Амжилт ч гарсан. Олонх нь тэр үеийн өсвөр, үе залуучуудын жүдо, самбо бөхийн оны аваргууд болж байлаа. Өнөөдөр их аварга Д.Дагвадорж, Б.Дашням нар манай клубээс Японы сүмод явсан анхдагчид. Хоёр хүүхдийн маань аав нь ирээд Японы явахын өмнөх хүлээн авалт хийж, бид 100 доллар, компанийн лого бүхий цамц, малгай өгч байсан. Манай Дагваа тэр үеийг “Ёстой том бэлэг өгсөн, хувцсаа өмчихөөд онгоцны буудал дээр ийш тийшээ хараад явж байлаа” гэж дурсдаг юм. Манай хүүхдүүдээс сүмод нэлээд олон нь очсон. Үндэсний бөхөөр сайн хичээллэсэн улсын цолтон н.Жавхлантөгс, н.Одхүү нар байна. Жүдо бөхөөр сайн барилдаж амжилт үзүүлсэн хүн олон бий.
-“Сүнс” хамтлагийг олон нийтэд сурталчлан таниулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн санагдана?
-Тэр үед Эрдэнэтээс хэдэн хөөрхөн хүүхэд дуулж гарч ирсэн юм. Тэднийг дэмжиж, цомгийг нь хэвлүүлж өгч байлаа. Тэд бол одоогийн “Сүнс” хамтлаг. Хүүхэд гэнэн цайлган, өхөөрдөм хөөрхөн, хүнд эерэг энерги өгдөг буянтай гэж би боддог. Тэр үүднээсээ тэднийг дэмжих, урамшуулах дуртай. Одоо ч хүүхэдтэй холбоотой ажиллаж, амьдарч явна. Тухайлбал, “Гэгээн алсын одод” наадмыг бид тав дахь жилдээ ивээн тэтгэж байна. Энэ хугацаанд арав гаруй хүүхдийг 3-4 оронд аялуулсан. Хүүхдийн “Нархан” сэтгүүлтэй хамтран ажилладаг. “Мөрөөдөл биелдэг юм” хүүхдийн нэвтрүүлэг, сэтгүүлтэй мөн хоёр жил гаруй хамтран ажилласан. 2010 оноос хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын асуудалтай хүүхдүүдэд төсөл хэрэгжүүлж сургалт явуулсан. Түүний зэрэгцээ тэдний авьяасыг хөгжүүлэх сургалтад хамруулж, бэлэг дурсгалын бүтээл хийж амьдралдаа нэмэр болох чадвар олж авахад нь анхаарч ирлээ. Өнгөрсөн оноос “Залуу зохион бүтээгч” телевизийн нэвтрүүлгийг ивээн тэтгэсэн. Японы хүүхдийг дэмжигч байгууллага, хөтөлбөрүүдтэй сүүлийн 10-аад жил хамтран ажиллаж, монгол хүүхдүүдээ Японы зан заншилтай танилцах аялалд хамруулж байна.
-Одоо спортын тухай яриандаа эргэж оръё. Танай компани “Бээжин-2008” олимпийн наадмыг зохион байгуулсан. Ийм эрх авах, олимп зохион явуулахад бэрхшээл байдаг уу?
-Манайх Олон улсын олимпийн хороотой 2008 онд гэрээ байгуулсан. Ийм гэрээг тухайн орны нэг л компанитай байгуулдаг. Тэр шалгуурыг давж бид Олон улсын олимпийн хороотой олимп зохион байгуулах гэрээ хийсэн. Ингэхдээ Үндэсний олимпийн хороотой гурвалсан гэрээ байгуулдаг. Өнөөдөр бид түншийн харилцаатай ажилладаг. Энэ хугацаанд өвлийн гурав, зуны гурав нийт зургаан олимп, дэлхийн аваргын хоёр тэмцээн зохион байгуулаад байна. Одоогийн байдлаар 1600 гаруй хүнийг энэ төрлийн аялалд хамруулсан. Үүнээс анзаарч байхад хөгжөөн дэмжигчдийн уухайн дуу тамирчдын амжилтад ямар нэгэн байдлаар хүч нэмдэг юм байна. Үүнд манай тамирчин, дасгалжуулагчид ихээхэн баярлаж, бахархаж байдаг юм. Бид Афин, Грек, Бээжин, Лондоны зуны олимп, Торино, Сочи, Канадад болсон өвлийн олимпийг зохион байгуулсан. Энэ дотроос Сочийн олимп ихээхэн төвөгтэй байлаа. Олимпийн захиалгыг 1-2 жилийн өмнө хийдэг. Оросын хувьд хүндрэлтэй зүйл нь байшин, барилга нь ашиглалтад орохгүй байсан учраас захиалга оройтсон.
Аз болоход бид Норвегийн 12 давхар том усан онгоцон дээр жуулчдаа байрлуулах завшаан тохиосон. Дэлхийн нэлээд дээгүүр буюу эхний нэг,хоёрт ордог усан онгоцонд хүмүүсээ байрлуулсан. Усан онгоц дотроо 12 гаруй ресторантай, спортын болон тоглоомын, урлагийн газрууд ч олон. Үнийн хувьд хямдхан байсан. Бидэнтэй хамтран зохион байгуулагч бол дэлхийн нэг номерийн компани байсан учраас аялал тулсан атлаа маш амжилттай болсон.
-Одоо Бразилийн хөл бөмбөгийн ДАШТ рүү хүмүүс явж эхэлсэн. Танай компаниар үйлчлүүлж байна уу?
-Аялагч, спорт сонирхогчид Бразил руу яваад эхэлчихсэн. Нээлт үзэх эхний баг яваад ирсэн. Сэтгэгдэл өндөр ирсэн. Дараагийн ээлж сая явлаа. Нийтдээ гурван ээлж явах юм. Үүний дараа ирэх есдүгээр сард болох Инчоны Азийн их наадамд хүмүүсээ явуулна. Бэлтгэл ажил эхлээд байна.
-Байгаль, түүх, соёлын дурсгалыг авран хамгаалах, сурталчлах чиглэлд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгаа гэсэн. Ямар ажил хийж байна?
-Аялал жуулчлалын чиглэлд ажиллаж буй хувь хүн, албан байгууллага, компанийн хувьд гурван эрхэм зорилгыг өмнөө тавьдаг. Тэр нь аюулгүй байдал, байгаль, соёлоо хамгаалах юм. Гадагшаа аялалын санал явуулах, зарлахдаа ч давхар байгаль, түүх, соёлоо хамгаалах асуудлыг давхар тавьдаг. Аялал жуулчлалыг байгаль, түүх, соёлтойгоо холбохгүйгээр хол явахгүй. Гадаадын компаниуд ч гэсэн тухайн байгууллагыг сонгохдоо улс орон, нийгэм, олон нийтэд хэр өгөөжтэй юм хийж байна вэ, байгаль, түүх соёлоо хэр хамгаалж байна гэдгийг хардаг. Тиймээс бид энэ чиглэлээр хэд хэдэн ажил эхлүүлсний дотор Төв аймгийн Өнжүүл суманд сүүлийн 10 жил ховор амьтдыг хамгаалах төсөл хэрэгжүүлж байна. Ингэхдээ сумын ИТХ-аар нь асуудлыг хэлэлцүүлж, хэрэгжүүлэх эрхийг нь суманд нь өгч, хяналтыг нь ИТХ, манай компани хамтран тавьж байгаа. Байгаль хамгаалагч нарыг ажиллуулж, унаа, багаж хэрэгслээр нь хангадаг. Өнөөдөр мэргэжлийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар тэнд байгаа амьтдын тоо, толгой өссөн. Мөн хулгайн анчид багассан, нутгийн иргэдийн байгаль хамгаалах идэвх нь сэргэсэн гэсэн үзүүлэлт байна.Энэ төслийг Ховдын Алтай сум, Баян-Өлгийн Буянт сумдад хэрэгжүүлсэн нь амжилттай болсон. Дээр нь мазаалай баавгайг хамгаалах асуудлыг бид 1995 оноос эхлэн ярьсан. Өнөөдөр энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, өнгөрсөн оноос олон ТББ энэ чиглэлд ажиллаж, Засгийн газар бодлогоор дэмжиж байна. Анх энэ талаар төрийн бодлого байхгүй байсан учраас хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байсан. Одоо бол салбарын яамнаас мазаалайг хамгаалах бодлого боловсруулж, төрөл зүйлийг тодорхойлж, хөрөнгө мөнгө гаргаж байна. Сүүлийн жилүүдэд бид өөрсдийн жуулчны баазуудад нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьсан. Эхний ээлжинд моджуулах асуудлыг бүрэн шийдсэн. Элсэн тасархай дахь бааз дээрээ 400-аад мод тарьсан, одоо бяцхан төгөл ой болж эхэлсэн. Тэрэлжийн орчим мөн моджуулах, хүнсний ногоо тарих ажил эхлүүлсэн. Цаашид аялал жуулчлалд нутгийн иргэдийг идэвхтэй оролцуулах талаар бодсон зүйлүүд бий. Мөн малчдыг малжуулах төсөл хэрэгжүүлснээр малчдын зүгээс малаа өсгөж аялал жуулчлалд оролцох боломж нээгдэх юм. Төслүүд цааш үргэлжилнэ. Налайхад гэхэд л бид кахах айлаар орж зан заншилтай танилцах хөтөлбөр зохиосон, эхнээсээ амжилттай хэрэгжиж байна.
-Төр, засгаас та бүхний ажлыг үнэлж, дүгнэхээс гадна хэр дэмждэг вэ?
-Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас жил бүр шилдэг компаниудыг шалгаруулдаг. Өнгөрсөн жил манай компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны шилдэг компани болсон. Энэ нь бидний ажлыг үнэлсэн үзүүлэлт болов уу.
-Ярилцлагын дүгнэлт болгож эцэст нь асуухад манайд аялал жуулчлал хөгжүүлэх хууль эрхзүйн орчин ямар байдаг вэ?
-Өнөөдөр Монголд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогыг дээр доргүй ярьж, хийж байгаа зүйлүүд ч олон байна. Гэхдээ тэр нь уялдаа холбоогүй., зангидсан зүйлгүй байдаг. Тиймээс манайд бариад хэрэгжүүлчих хөгжлийн бодлого алга. Үүнийг яаралтай бий болгох ёстой. Аялал жуулчлалын бодлого өөрөө их нарийн. Бусад салбаруудтайгаа олон чиглэлээр уялдаа холбоотой. Тэр талаас нь бодож, тухайн төвшинд нь хийх ёстой. Миний хувьд МХАҮТ-ын удирдах зөвлөлийн гишүүн, аялал жуулчлалын зөвлөлийн даргын сонгуульт ажилтай. Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүнээр ажиллаж байсан, одоо удирдах зөвлөлд нь ажилладаг. МХАҮТанхимын аялал жуулчлалын зөвлөл санаачилж 2011 онд 300 гаруй хувийн хэвшлийн оролцоо бүхий аялал жуулчлалын үндэсний чуулган хийсэн. Энэ чуулганаараа Монголын аялал жуулчлалын үзэл баримтлалыг боловсруулж, түрийчийн Засгийн газарт өргөн барьсан. Энэ бичиг баримтад Монголын аялал жуулчлалыг дөрвөн чиглэлээр хөгжүүлэх шаардлагатай гэсэн асуудлыг тусгасан. Нэгдүгээрт, хууль эрхзүйн орчныг сайжруулъя, ингэхдээ хууль боловсруулахаас илүүтэй аж ахуйн нэгж байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудал чухал гэж үзсэн. Хоёрдугаарт, Тус салбарын хүний нөөцийн асуудлыг авч үзсэн. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхгүй бол цаашид салбарын хөгжил урагшлахгүй. Сүүлийн жилүүдэд боловсон хүчний чанарын асуудалд анхаарах хэрэгтэй байна. Энэ чиглэлд манайд 40 гаруй сургууль байсан, тоо нь цөөрсөн. Тэдгээрийг судалж үзэхэд газарзүйн, хэлний чиглэлээр л сургалт явуулдаг. Үйлчилгээний талаас ур чадварын болон практик сургалтууд нь орхигддог. Тиймээс хүний нөөцийн асуудлыг тавьсан. Гуравт, дэд бүтцээ сайжруулахгүй бол болохгүй гэдгийг ярьж байна. Жуулчны тоог нэмэгдүүлнэ гэдэг авиа компани, нислэгүүдийн тоог нэмэгдүүлэх юм. Энэ талаар бидний гаргасан тооцоо бий. Үе үеийн Засгийн газар сая жуулчин авна гэж ярьж ирсэн. Түүнийг авахын тулд одоо байгаа агаарын тээврийн хүчин чадлыг 3-4 дахин нэмэгдүүлэх учиртай. Тэгж чадаагүй тохиолдолд сая жуулчин авах тухай ойлголт байхгүй. Өөр нэг асуудал нь түрүүнд миний хэлсэн тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх. Тэр дотроо нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуучлалыг хэрэгжүүлэх, нүүдлийн зан заншлаа сэргээх хэрэгтэй байна. Мөн гадаад сурталчилгаанд анхаарах ёстой. Өнөөдрийн байдлаар цогц бодлого байхгүйгээс хэрэгжүүлж буй ажлууд уялдаа холбоогүй, үр дүн муутай байна. Эдгээр асуудлаар бид Засгийн газарт саналаа өгсөн. Ойрын үед яаралтай шийдээсэй гэж хүсч хүлээж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин