С.САРУУЛ
Германыг 16 жил удирдсан канцлер Ангела Меркель суудлаасаа бууж, дараагийн Засгийн газар байгуулагдаж байна. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй онцлог үйл явдалтай холбоотойгоор ШУА, Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач З.Батчимэг “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “А.Меркелийн засаг барьсан жилүүдэд Христосын Ардчилсан Холбоо буюу “Union” нь илүү Социал демократ намын бодлогыг баримталж ирсэн. Энэ А.Меркелийн хэрэгжүүлж ирсэн нийгмийн бодлого, тэр дотроо халамж, улс төрийн шийдвэрүүдээс тодорхой харагдах болов уу. Эдгээр нь Зүүний нам болон Социал демократ намаас 2017-2019 оны хооронд Хөдөлмөр-нийгмийн яамны сайдаар ажиллаж байсан Андреа Налесд таалагдаж, тэр байтугай Зүүний үзэл баримтлалд нийцлээ хэмээн маргаан дэгдээж байлаа.2005 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Меркель неолиберал консерватив байр суурьтай байсан бол өнөөдөр Христосын ардчилсан холбооны гишүүнчлэлтэй “социал демократ канцлер” болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих болсон. Иймээс энэ олон жилийн турш А.Меркель Христосын ардчилсан холбоог ихээхэн өөрчилж, Германы Социал демократ намын байр суурийг эзэлж, энэ намыг олон нийтийн өмнө бараг л илүүц болгож харагдуулаад байна. Тиймээс Армин Лашетын оронд Маркус Зөдер Канцлер Кандидатаар гарсан бол эерэг тусах байсан болов уу хэмээн шинжээчид харж буй юм. Учир нь Маркус Зөдер бол А.Меркель болон А.Лашет нараас огт өөр. Сонгодог утгаараа Христосын ардчилсан холбооны үзэл баримтлал шингэсэн бодлого явуулах байсан. Энэ нь сонгогч нарт Социал демократ нам болон Христосын ардчилсан холбооны үнэт зүйл, бодлогыг ялгаж салгаж ойлгоход дөхөм тусах байсан юм. А.Меркель буулт сайн хийж, эвсэл, бусад намын бодлогыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж чаддаг. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхгүй гэж олон жил зүтгэсэн. Мөн эмэгтэйчүүдийн квотыг олон жилийн дараа зөвшөөрсөн явдал гэдэг. Гэхдээ зарим судлаач А.Меркелийг бөөрөнхий улстөрч гэж дүгнэдэг. Миний хувьд А.Меркелийн үед Германы эдийн засаг өсөлттэй, хамгийн гол нь тогтвортой байсан гэж хардаг. Анхнаасаа гадаад бодлогоо гадаад харилцааны сайдад даатгахаас илүүтэйгээр өөрөө тодорхойлж ирсэн. Герман А.Меркелийн үед Европын холбооны хамгийн хүчирхэг эдийн засагтай гишүүн улсын нэг болсон. Герман улс еврогийн хямралыг даван туулах бүх ажлыг дааж гарсан гэж хэлж болно. Европын нэгдлийн хамгийн хүчирхэг бэлгэдлийн нэг евро мөнгөн тэмдэгт дарамтанд орж "Хэрэв евро унавал Европ дампуурна" гэж Меркель анхааруулж байсан. Германы Засгийн газар ялангуяа өртэй орнуудад хатуу хэмнэлт, шинэчлэлийн арга хэмжээг авч чадсан. Тэрбээр "хязгаарлах соёл" -ыг "хариуцлагын соёл" -той хослуулдаг улстөрч байсан гэж дүгнэж болно” гэж ярилаа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин