Б.ОД
УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Нүүрс тээвэрлэлтийн асуудал үнэхээр санаа зовоож байна. Халдвар хамгааллын дэглэм, халдварын байдал Гашуунсухайт боом, Цагаан хадан дээр идэвхжсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадын талаас шинжилгээнүүд дээр анхаарал тавьж байна. Жолооч нарын шинжилгээний хариу Хятадын талд эерэг, Монгол талд сөрөг гардаг зүйл гурав дахь сардаа үргэлжилж байна. Бид Эрүүл мэндийн яаманд энэ асуудлыг тавьсан. Эрүүл мэндийн яам Хятадын холбогдох байгууллагуудтай хоёр удаа онлайн уулзалт хийсэн. Тэгээд эндээс ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг аваачиж, хэд хэдэн удаа ажиллуулсан. Үндсэндээ Монгол талдаа сөрөг, Хятадад эерэг гараад байна.Бид хоёр гол арга хэмжээ авахаар ажиллаж байна. Нэгдүгээрт, жолооч нарыг бөөнөөр нь байлгах эрсдэлтэй юм байна. Тэгэхээр бөмбөлгөөр буюу жишээ нь нэг компанийн жолооч нарыг 2-3 хувааж, төвлөрлийг нь сааруулна.Хоёрдугаарт, Засгийн газрын шийдвэрийн дагуу Цагаан хад суурьшлын бүсийг тодорхой хугацаанд хаалттай буюу дотоодын цэргээр хамгаалуулсан бүс болгоё гэж байгаа юм. Үүнд шаардлагатай зардал, орон тоог шийдсэн. Тун удахгүй газар дээр нь очоод хамгаалалт татаад, орж, гарах хөдөлгөөнийг цэгцэлнэ” гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn