
Ч.ҮЛ-ОЛДОХ
Монгол Улсын гавьяат мал зүйч, адуу судлаач Д.Самданжамцыг “Баасан гариг”-ийн зочноор урилаа.
-Монголчуудын хүсэн хүлээдэг наадам айсуй. Бид наадмаа дэлхийд байхгүй гэж тодотгож, тэр дотроос хурдан морины уралдаанд илүү ач холбогдол өгдөг. Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Монголчууд эрт цагаас эрийн гурван наадмыг эрхэмлэж ирсэн. Ямагт хурдан морьдын уралдаанаар эхэлдэг заншилтай байсан нь морин эрдэнийг нэн эрхэмлэж ирснийх юм. Мөн төрийн наадмын түрүү магнай болох шандаст хурдан хүлгийг олж таних, сойж хагсраах, уяж уралдуулах арга ухааныг үе уламжлан эзэмшиж түүх шастирт бичиглэн хойч үедээ үлдээсээр ирсэн нь хүн төрөлхтний оюуны санд жичдээ орох хувь нэмэр, өөр газар оронд бүрэлдэн бий болоогүй, хаана ч үл давтагдах өгөөмөр арвин сан болох учиртай.
Нөгөөтэйгүүр нүүдэлчин монголчуудын ахуй амьдрал, аж төрөл нь холч, хурдан сайн морьдын хэрэгцээ шаардлагыг ямагт төрүүлж ирсэн.
Тэр нь тэднийг адуун сүргээ үргэлжид сонгон зориудаар шалгаруулан яс чанарыг нь өөрийн нутаг орон, аж байдал, ахуй нөхцөлдөө нийцүүлэн сайжруулахыг шаарддаг байж л дээ. Ингэж агтын сайныг сонгох үйлсэд наадам цэнгэл нь нэг ёсны тэдний ажлын зорилго, агтных нь хүч тарга, агтачдынх нь ур ухаан, маллагааны чадварын өсөлт, морь шинжих авьяас мэдлэгийнх нь ахиц дэвшлийн илэрхийлэл болж ирсэн байгаа юм. Наадам хийж морь уралдах явдал зөвхөн зуны цагт болж байсан төдийгүй бусад улиралд ч нэгэн адил явуулж ирсэн уламжлалтай.
-Энэ тухай бичсэн ямар түүх, эх сурвалж, гарын авлагууд байна?
-XVI зууны үед бичсэн морины шинжийн сударт “Хаврын цагт дэл дүүрэн, зуны цагт салмайтай, намрын цагт чөмөгтэй, өвлийн цагт өөхөөр уралдвал сайн” гэж бичсэн байдаг. Энэ нь жилийн дөрвөн улирлын алинд ч ялгаагүй морь уралдаж байсныг гэрчилнэ.
-Наадам хийж, морь уралдуулах газрыг сонгож ирсэн түүх бас сонин биз?
-Анх Халх долоон хошуу нийлж Богдод даншиг буюу “Бат оршил” өргөж наадам хийдэг болсноор Долоон хошуу даншиг наадам гэж алдаршсан наадам үүсэн тогмолжиж ирсэн түүхтэй. 1778 оноос энэ наадмыг Богдхан уулыг тахих иргэний болон шашны баяр болгож, уг наадмыг Улаанбаатараас баруун хойш 30 кмт орших Хүйн Долоон худаг гэдэг газарт хийх болсон. Хожим нь VIII Богд, наадам цэнгэлд дуртай байсан тул түүнийг нь дагуулан жил бүр даншиг өргөж, их наадам хийдэг болсон тухай түүхийн эх сурвалж, ном зохиолд тэмдэглэж үлдээсэн байдаг.
Ардын хувьсгалын нэг жилийн ойн баярыг тохиолдуулан 1922 онд их жолоодогч жанжин Д.Сүхбаатарын үүсгэл санаачлага, оролцоотойгоор Ардын Хувьсгалт цэргийн наадмыг тэр үеийн Нийслэл хүрээний дэргэд Богдхан уулын ар, Туулын урд хөвөө “Буянт-Ухаа”-д анх удаа хийж уг наадмыг ард нийтийн чанартай явуулж байхаар тогтоосон.
-Миний л мэдэхийн та жил болгоны наадмаар хурдан морины уралдаан зохион байгуулах хороонд ажиллаж ирсэн. Хэчнээн наадамд оролцож, хурдан морины уралдаанд зохион байгуулав?
-1969 онд анх Яармагийн дэнж дээр Ардын Хувьсгалын 48 жилийн ойн их баяр наадмыг үзсэн юм байна. Тэр цагаас хойш Улсын наадмын хурдан морины уралдааныг 50 шахам жил тасралтгүй үзсэнээс 45-д нь уралдаан зохион байгуулахад оролцжээ.Тухайн үед улсын алдар цолтой уяач цөөн, зөвхөн улсын баяр наадамд уясан морио тав айрагдуулсан уяачид Улсын алдарт уяач цол олгодог байсан юм.
-Тэр үед Улсын алдарт уяач болно гэдэг том цол байсан байх. Бай, шагнал нь ямар байсан юм бол?
-Ер нь бол унаган адуугаараа наадан улсын цол хүртсэн хийморьлог хүмүүс бол манай уяачид юм. Уяач хүн сэтгэлд хүрсэн наадамд л уралдах сонирхолтой байдаг гэсэн үг ч бий. Анх “Улсын алдарт уяач” цол олгож эхлэх үед тухайн үеийн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн харьяа Морин спортын холбоо 1988 онд М.Данзанням, С.Гэсэрваань, Ж.Содномпил, С.Банзрагч, Б.Төрбадрах, Л.Дамдин, Д.Даваахүү, Д.Гарамжав, Д.Түвдэн, Г.Сундуй, Д.Цэгмэд нарын уяачид энэ эрхэм хүндтэй шагналыг хүртээсэн. Монгол Улсын Алдарт уяач цол олгохын зэрэгцээ тэмдэг, хусуур, сойз гардуулсан баримт байдаг юм.
-Одоо бол уяач олширч, бай шагналын хэмжээ ч томорчээ?
-Улсын алдарт уяач цол олгож эхэлснээс хойш олон жил өнгөрч байна. 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдааны дүрэм, 2008 онд Уяачдыг улсын цолд өргөн мэдүүлэх журам гэх мэт хууль эрх зүйн актуудыг баталж мөрдөж эхэлсэн.Мөн 1998 оноос гурван жил тутамд Их хурд уралдаан, бүсийн уралдаанууд зохиогдож, хурдан морины уралдааны гараа, барианы төхөөрөмж ч энэ хугацаанд ихээхэн өөрчлөгдсөн шүү дээ. Үүнтэй холбогдоод уяачдын үзүүлэх амжилтууд ч дээшилж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3.-д Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсвэл найман удаа айрагдсан уяачид Улсын алдарт уяач, хурдан морь нь зургаан удаа түрүүлсэн, эсвэл 12 удаа айрагдсан уяачид Улсын манлай уяач, хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсвэл 20 удаа айрагдсан уяачид “Улсын тод манлай уяач” цол олгоно” гэж заасны дагуу цол зэргийг олгож эхэлсэн.
2014 оны байдлаар давхардсан тоогоор Монгол Улсын цол зэрэгтэй уяачдын тоо нийт 386 байгаагаас 22 буюу 5.6 хувийг Тод манлай, 67 буюу 17.4 хувийг Манлай, 297 буюу 76.9 хувийг Алдарт уяачид эзэлж байна. Монголын морин спорт, уяач холбоо /ММСУХ/-ноос гаргасан мэдээгээр улсын хэмжээнд 60 гаруй мянган уяач байдгийн 0.64 хувийг улсын цолтой уяачид эзэлж байгаа гэсэн статистик гарсан байдаг юм.
-Сонирхолтой тоо баримт байна. Улсын цолтой уяачдын тоо, хурдан морьдынхоо амжилтаар аль аймаг улсад тэргүүлж байна вэ?
-ММСУХ-ноос гаргасан судалгаанаас үзэхэд улсын цолтой нийт уяачийн 21,7 хувь нь Төв аймгийнх байна. Үүнийг тус аймаг Улаанбаатар хотын хаяанд байдаг учир уяачид нь хурдан хүлгүүдээ улсын баяр наадамд жил өнжихгүй уяж сойж уралдуулдагтай холбон тайлбарлаж болох юм.
Нөгөө талаар төв халхын хурдан морь уях дэг, соёл бусад аймгуудаас илүү хөгжиж, жил ирэх тусам боловсронгуй болж байгаатай ч холбоотой. Тухайлбал, Төв аймаг Д.Даваахүү, Д.Онон, Ц.Хэнмэдэх, Д.Мөнхбат, С.Ганхуяг, Ц.Батсайхан, А.Батсүх, Б.Жанчив нарын найман Тод манлай, С.Банзрагч, С.Гэсэрваань, Д.Сундуй, Г.Сундуй, Д.Даш, С.Жамбал, Р.Ганхуяг, Ж.Нямдорж, С.Гийнаа, Л.Чойдог, Н.Од, Г.Баттөмөр нарын 24 Манлай, М.Данзанням, Г.Зэвгээ, Л.Дамдин, Ц.Ханддорж, С.Адьяа, Ж.Рэнцэндорж, С.Лувсандорж, Н.Даатамга, О.Жамьяндорж, Ч.Хөвгүүн, Н.Гончигдорж, П.Баяраа нарын 52 Улсын алдарт уяачтай.
-Тэгвэл цолтой уяачдынхаа тоогоор ямар аймаг аман хүзүүнд явж байна даа?
-Манлай уяачдын тоогоор Төв аймгийн дараа Д.Гарамжав, С.Самдан, Ц.Доржсүрэн, Т.Даваадорж, Н.Түмэнбаяр нарын найман манлайтай Улаанбаатар хот, Т.Монхор, Ц.Онгуу, А.Ухна, Ч.Улаан, Ч.Гансүх, С.Төмөр-очир нарын зургаан Манлай уяачтай Сүхбаатар аймаг гуравт орж байна.
-Бусад аймгууд ямар амжилттай явж байна?
-Ховд аймаг Д.Түвдэн, Б.Мөнхтөр нарыг Манлай уяач, Т.Цогтоо, Д.Янсан, Д.Батцэнд, Г.Ядамсүрэн, Ч.Булган, Л.Жамсран, Ц.Равдан, Ц.Гантөмөр нарын нийт 30 улсын цолтой уяачтай. Завхан аймагт Б.Содномцог, Л.Цандэлэг, Д.Дагвадорж нарын тод Манлай уяач, Д.Санжаадорж, С.Нямзаан, Б.Оросоо, Г.Нагааранз, Б.Энхболд, Н.Даш-Өлзий нарын улсын цолтой 23 уяач бий. Ц.Аюуш, Ц.Дуламсүрэн нарын Тод манлай, Г.Чулуунпүрэв, Н.Петров, Д.Сономцэрэн, Ц.Намчин, М.Галаа, Ю.Түвдэнням, Б.Жаргалсайхан нарын 22 улсын цолтой уяачтай Архангай аймаг мөн амжилттай явж байна. Энд сонирхуулахад Архангай аймгаас төрсөн Улсын алдарт уяачийн 30 хувь нь Өлзийт сумынх байдаг. Тэгвэл баруун хязгаарын олон ястны өлгий нутаг гэгддэг Увс аймгаас улсын алдарт уяач 10 төрсний 70 хувь нь Тэс сумын уугуул юм. Адууны өлгий нутаг Тэс сумын уяач Ж.Баатар, Т.Цэвээн, Зүүнговь сумын уяач З.Дамдинсүрэн, П.Гүрцоо, Д.Батаа, Б.Далай, Өндөрхангай сумын уяач Д.Цэнд-Аюуш нар сүүлийн жилүүдэд амжилттай явж байна.
-Улсын цолтой уяач нэмэгдэх хэрээр тэдний арга барил сайжирч, уралдаан өрсөлдөөнтэй бас сонирхолтой болдог байх?
-Улсын цолтой уяач нэмэгдэхийн хэрээр тэдний морь уях арга барил улам сайжирна. Мөн хурдан морьдын нэгж хугацаанд зарцуулж буй амжилт ч дээшилж байна. Тухайлбал, улсын баяр наадамд 1975-1980-аад онд азарга 24 км замыг 40.24.04 минутад туулж байсан бол өнгөрсөн жил 36.04.86 минут хурдалсан. Энэ үзүүлэлт бол адууны тухайн жилийн онд оролт, замын байдал, уяачийн арга барилаас шалтгаалан хэлбэлзэлтэй байх боловч сүүлийн таван жилд азарга, соёолон насны морьдын хурд Хүй долоон худагт 24 км замыг 36-37 минутад туулсан мэдээ бий.
-Энэ жил зуншлага сайтай, адуу мал нь онд сайн орсон ямар аймгууд байгаа бол. Наадмын өнгийг та хэрхэн таамаглаж байна?
-Энэ жил өвөлдөө өнтэй орж, адуу малын тарга тэвээрэг сайн, ихэнх нутгаар зуншлага сайтай байна. Тиймээс уяачид, морь сонирхогчид гайгүй гэсэн бүхнээ л барьж байгаа сурагтай. Иймд урьд жилүүдээс арай ахиу тооны морьд уралдах болов уу гэж таамаглаж байна.
-Монголын морин спорт, уяачдын холбооноос өнгөрсөн жилийг “Уяачийн ёс зүйн жил” болгон зарласан. Ёс зүйгээр манлайлсан ямар уяачид байна?
-Монголчууд хэзээнээсээ ахас ихэсээ хүндэтгэх маш том соёлыг дээдэлсээр ирсэн ард түмэн. Нэр хугарахаар яс хугар гэх үзэл баримтлал нь үр хойчоо зөв хүн болгоход маш том түлхэц болдог. Уяачид энэ мэт ёс зүйд хамгийн ойр байдаг хүмүүс. Манай уяачид ахмад үеэ хүндэтгэх ёс зүйтэй хүмүүс.Ямар ч байсан жил бүр Тод манлай уяачдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байна. Бие биеэсээ суралцаж байна. Уяачийн ёс зүйг эрхэмлэж, үлгэрлэж явдаг олон сайхан уяач бий.
Тэдний дотор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Тод манлай уяач Д.Онон, Ц.Хэнмэдэх, Д.Мөнхбат, Манлай уяач С.Гийнаа, Г.Баттөмөр, Б.Эрдэнэчулуун, Алдарт уяач У.Буяндэлгэр, З.Дамдинсүрэн, Д.Цэнд-Аюуш, О.Жамьяндорж нарыг дурьдаж болно.
-Энэ жил улсын наадмаас гадна ямар аймгуудад бүсийн уралдаан болох вэ?
-Дундговь, Баянхонгор, Ховд, Хөвсгөл, Дорнод аймагт бүсийн хурдан морины уралдаантайгаас гадна улсын хэмжээнд олон сум ойгоо тэмдэглэнэ. Тэгэхээр энд зориуд хэлэхэд, тухайн аймаг, сумдын удирдлага, уяачдын холбоод зохих бэлтгэлээ хангаж, хүүхэд, морины аюулгүй байдлыг урьдынхаас илүү базааж, холбогдох дүрэм журмаа ягштал биелүүлж, амжилтаа ахиулж, түрүү, айраг олныг авч урамтай сайхан наадахыг ерөөе.