С.УЯНГА
Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн жил Их хурлын гишүүд цахимаар хуралдаж өнжсөн. Тэгвэл намрын ээлжит чуулган нээлтээ хийснээр 76 гишүүн цугларч, парламент хэвийн ажиллаж эхэллээ. Их хурлын даргын хэлснээр энэ удаагийн чуулган илүү их ачаалал үүрэхээс гадна цар тахлын дараах шинэ сэргэлт рүү чиглэж буйгаар хариуцлага өндөртэй. Мөн 2022 оны улсын төсвийг хэлэлцэхээс эхлээд нэн чухал олон шийдвэрийг гаргаж, хичээж зүтгэж ажиллахыг цаг үе ч шаардаж буй. Тиймдээ ч спикерийн чуулганы нээлтэн дээр хэлсэн үг экспертүүдийн анхаарлыг татаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэнчлэн цар тахлын эрсдэлийг даван туулж, эдийн засгаа шинэ сэргэлтийн замд шилжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргах ёстой гэдэгт ҮАБЗ, УИХ, Засгийн газар санал нэгдэж буй.Төр, хувийн хэвшлийнхэн нэг зүгт, ижил өнцгөөр харж байж бодлого үр дүнд хүрэх талаар онцолсон намрын чуулганы нээлтээс бодлогын зүйлүүдийг тоймлон хүргэж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ТУСЛАМЖИЙН МЕНЕЖМЕНТЭЭ ӨӨРЧИЛНӨ
Цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулж, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь чуулганы эн тэргүүний зорилт. Дэлхий даяар 233 сая хүн халдвар авч, дельта вирусаар үүсгэгдсэн дараагийн давалгаа эхэлсэн нөхцөл байдал манайд ч амаргүй байна. Тиймээс халдварын тархалтыг сааруулах, учирч болох эрсдэлээс угтуулан сэргийлэхийн тулд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан сайтар ажиллахыг Их хурлын дарга хэллээ. Тэрбээр “Бүх шатны боловсролын байгууллагад халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах, нийтийг хамарсан арга хэмжээг эмх цэгцтэй, зөв менежментээр зохион байгуулах шаардлагатай. Бүх эмнэлгүүд зорилтот бүлэгт чиглэсэн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах болон яаралтай тусламж үзүүлэх чадавхаа эрс сайжруулах, тусламжийн менежментийг өөрчлөн, оновчтой зохион байгуулах хэрэгтэй. Давхар эрсдэл үүсэхээс сэргийлж, томуу, хатгалгаа, бусад тарилгат халдварт өвчний вакцинжуулалтыг эрчимжүүлэх. Эрүүл мэндийн салбарт иргэнд чиглэж, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийг нэвтрүүлэх, эмч ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах гэсэн төсвийн удирдлагын тогтолцооны эхлэл тавигдсаныг бататгаж, салбарын чадавхыг богино хугацаанд шинэ шатанд гарган, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах найдвартай тогтолцоо төлөвшүүлэх шаардлагатай. Хааж түгжихийг урьтал болгохгүйгээр хувь хүн, байгууллагын сахилга хариуцлагад тулгуурлаж, үүссэн нөхцөл байдалд дасан зохицож амьдрах дэлхийн нийтийн хандлагыг дагах хэрэгтэй” гэлээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОВ
Халдварт цар тахлын нөлөөллөөс үүдсэн эдийн засгийн хямралт байдал үргэлжилсээр байна. Инфляц зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багассан. Эдийн засгийн өсөлт удаашран, 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны эцэстэй харьцуулахад 2021 оны наймдугаар сард гэхэд улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10 хувь өссөн нь иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байгаа. Энэ нөхцөлд Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай. Гэхдээ салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нараас хариуцлага нэхнэ гэдгийг Их хурлын индэр дээрээс зарлалаа. Энэ удаагийн намрын чуулган Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болохыг хэллээ. Түүнчлэн цар тахал, цаг үеийн нөхцөл байдал, технологийн хөгжил өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндлэх зарчмыг баримталж, цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, цахим шилжилтийн үеийн хууль тогтоох үйл ажиллагаанд нэн хариуцлагатай хандах, цар тахлын сөрөг үр нөлөөг хохирол багатай даван туулах зохистой орчин бүрдүүлэхийг шаардаж буйг хэллээ.
30 ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ГАЖИГ ТОГТОЛЦООГ ЗАСАХ БОДЛОГЫН РЕФОРМ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ОНЦЛОВ
Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт сэргэлт бий болсон. Манай улсын урсгал тэнцэл 25.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад өр 32.4 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байна. Иймээс дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж, хэвийн гольдролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ засал төдий өнгөц өөрчлөлт биш, харин өнгөрсөн он жилүүдийн алдааг засаж, ирээдүйн хөгжлийн бат суурийг тавих эдийн засгийн тогтолцооны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг онцлов. Үүний тулд уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн бүтцэд шинэчлэл хийж дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, ажлын байр бий болгон, ядуурлыг бууруулах шаардлагатай. Энэ хүрээнд УИХ-аас экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, засаглалын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. УИХ бизнес эрхлэгчид, ажил олгогчид, татвар төлөгчдийн нүдээр харж эдгээр хуулийг батлах бодлого баримтлах юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.5 МЯГМАР № 195 (6672)