Тойм: Ерөнхийлөгч НҮБ-рүү нисч, нийслэлчүүд явгарсан долоо хоног

2021-09-24
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

С.САРУУЛ

Есдүгээр сарын сүүлийн арав хоног улс төрийн өрнөл, нийгмийн тэсрэлтээр дүүрэн өнгөрөх нь. Төрийн тэргүүн НҮБ-ын индэр дээр илтгэл тавьж байх зуур нийслэлчүүд шатахууны хомсдолд орж явгарсан долоо хоног шувтарч байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АНХНЫХАА ГАДААД ТОМИЛОЛТООР ХОЁР ХӨРШ РҮҮ БУС НҮБ РУУ "НИСЭВ"

Монгол Улсын өмнөх таван Ерөнхийлөгч анхны гадаад томилолтоороо голдуу хоёр хөршдөө очсон байдаг. Тэгвэл У.Хүрэлсүх хоёр хөршөөсөө өөр зүгт “ниссэн” эхний Ерөнхийлөгч болж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, анхны Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНХАУ-д,  дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЭУ-д, тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д анхны гадаад айлчлалаа хийж байжээ.  

У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод гурван сар болж байна. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Тамгын газраа эмхэлж, зөвлөхүүдээ томилох зэргээр “ойр зуур”-ын ажил эмхэлж байгаад өнгөрсөн бямба гариг /2021.9.18/-т АНУ-ын Нью Йорк хот руу нислээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаа юм. Уг чуулган энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын үед болж буй. Өмнөх 75 дугаар чуулган өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдсан. Харин энэ удаад энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцож байна.  Тиймээс тэнд хэлэлцэх асуудлууд ч цар тахлын хүндрэлтэй холбогдож байгаа юм.

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” ҮҮДЭЭ НЭЭВ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд тав дахь өдрөө үргэлжилж байна.Энэ үзэсгэлэн худалдаанд нийт 310 гаруй аж ахуйн нэгж, 140 орчим иргэн оролцож, бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гар ариутгагч, Монголын уламжлалт Мана 4, Норов 7 тан үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж буй “Одь-тан” компани Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авч 20 ажлын байр бий болгосон байна.

Хүнсний ногоочид Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдан хоршоо хэлбэрээр ажиллаж, энэ жил хураан авсан ургацаа нийслэлчүүдэд борлуулав. Монгол ногоо төслийн хүрээнд саримс, байцаа, сонгинын тариалалт нэмэгдсэн, энэ хавар ногоочдод үрийн үнийг 80 хувь хөнгөлсөн нь том дэмжлэг болжээ.Энэ жил төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоосоо хангана. 

ИРЭХ САРЫН 1-НЭЭС ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монголын ресторан, зоогийн газрын холбоо, “Бэх” баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн  үндэсний  төвийн төлөөлөлтэй уулзлаа.

Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл урлагийн үзвэр үйлчилгээг нээж,  үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна.Тодруулбал,үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж нээх юм. Дээрх үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл байхаар тогтсон байна.

“ШАТАХУУНЫ ХОМСДОЛД  ОРОС БА ХЯТАД БУРУУТАЙ”

Манай улсын шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын үйлдвэр засвартай байгаа учир нийлүүлэлт буурсан ч шатахуун тасалдахгүй, 28 хоногийн нөөцтэй гэсэн мэдээллийг АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр энэ сарын 14-нд нийтэд мэдээлсэн.  Гэвч түүний энэ мэдэгдлээс зургаахан хоногийн дараа буюу энэ сарын 20-ны даваа гарагт нийслэлийн шатахуун түгээх станцууд АИ-92 авто бензиний борлуулалтаа зогсоолоо. Цөөн шатахуун түгээх станц тодорхой хязгаартайгаар худалдаж байна. 

Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ 92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг юм. Гэвч ОХУ-ын нефтийн үйлдвэрүүдэд энэ оны наймдугаар сараас урсгал засвар хийж эхэлснээр хангамж тасалдахад хүрчээ. Шатахууны хомсдол үүссэн асуудлаар холбогдох байгууллагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр “Улсын хэмжээнд шатахууны 16 хоногийн нөөцтэй болж буурсан. БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. БНХАУ-аас авч байгаа шатахууны хувьд евро тав ангиллын стандарттай. Нөөц хангалттай байсан ч өнгөрсөн долоо хоногт би мэдэгдэл хийсний дараа зарим хүн сүүлийн долоо хоногт их хэмжээгээр авснаас хомстол үүслээ.Өнөөдрийн байдлаар /2021.09.21/ улсын хэмжээнд АИ-92-ийн дөрөв хоногийн нөөцтэй байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна. АИ-92-оос бусад бүтээгдэхүүний нөөц хэвийн байна. АИ-95 бензиний үнийг үндэслэлгүй нэмсэн ААН-үүд рүү бид албан шаардлага хүргүүлсэн. Үнэ өнөөдрөөс буурах ёстой. "Роснефть" компани шатахуун импортлогч ААН-үүдтэй хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй тул мөнгөн торгууль төлнө” гэв. 

Г.ЁНДОН: ОХУ, ХЯТАД ХОЁР АРАВДУГААР САР ХҮРТЭЛ ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХГҮЙГЭЭ МЭДЭГДСЭН

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон "ОХУ-аас Ангарскийн үйлдвэрт засвар хийх учир 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй. Зөвхөн 17 мянган тонныг нийлүүлнэ гэдгээ өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Иймд хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын “China oil” компанитай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийж,   сар гаруй хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байсан. Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо гэнэт хэлсэн. 

Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн.Нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн. Энэ нөхцөл байдлаа өнөөдөр /2021.09.21/ би Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайд Цай Вэнрунд уламжилж, хүсэлтээ тавилаа. Урд хөршөөс шатахуунаа яаралтай авахын тулд Замын-Үүдэд сэлгэн ачих байгууламж бий. Зам тээврийн яам яаралтай арга хэмжээ авна.  Бээжинд суугаа манай элчин сайд, Эрээнд байгаа Консул энэ чиглэлээр ажиллаж байна.Мөн манай яамны мэргэжилтнүүд Орост ажиллаж байна. Маргааш /өнөөдөр/  "Роснефть"-ийн дэд захиралтай уулзана. Орос 2021 оны дөрөвдүгээр сард шатахуун дотооддоо хомсдсон учир гадаадын экспортоо хязгаарлах хэрэгтэй гэсэн мэдэгдлийг анх өгсөн. Үүний дараа наймдугаар сард  тус улсын Засгийн газрын хуралдаанаар хязгаарлахгүй гэж мэдэгдсэн. Гэвч ОХУ долдугаар сараас АИ 95, 98 шатахууныг  зогсоож Хятадаас авсан” гэж ярилаа.

Тус хуралд шатахуун импортлогч ААН-үүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр "М-Ойл" компанийн дэд захирал Д.Батсүх “Одоогийн зарж байгаа АИ-92 шатахууны үнийг 2050 гэж тогтоосноор бид нэг литр шатахуун тутамд 50 төгрөг алдсан. Үүний улмаас манай компани АИ-92 түлшний борлуулалтаас сард 600 сая төгрөгний алдагдалд орсон” гэв. Харин “Петростар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Байгалтуяа  “АИ-92 шатахууны зах зээлийн үнэ 2200 төгрөг байх ёстой. 

Гэвч цар тахлаас үүдэн Засгийн газраас үнээ тогтвортой байлгахыг шаардсан. Ийн АИ-92 түлшийг 2050 төгрөг болгосноор Петровис  компани 28 тэрбум төгрөгийг алдсан. Мөн  үнээ бууруулснаас хангалттай хэмжээгээр шатахуунаа захиалж чадаагүй. Хятад руу захиалга өгсөн ч шатахуун нь ирээгүйгээс хомсдол үүсээд байна. 

Өнөөдрийн байдлаар манайх борлуулалтдаа 30 мянган төгрөгийн хязгаар тогтоосон. Улаанбаатар хотод ердийн хэрэглээний гурав хоногийн нөөцтэй байна.Манай компани  ОХУ-аас есдүгээр сард 17 мянган тонныг авахаар Роснефть компанид захиалга өгсөн ч 1500 тонныг авсан. Энэ нь захиалсан хэмжээний 8-10 хувь нь юм.Одоо байгаа нөөцөө эмнэлэг, цагдаа зэрэг аюулгүй хэрэглээнд зориулах, аль болох олон хүнд хүргэхийн тулд дээрх хязгаарлалтыг тогтоогоод байгаа юм. Улаанбаатар хотод Петровисын 40 колонк байгаагийн 20-д нь хязгаарлалт тогтоосон.Ердийн хэрэглээгээрээ тооцвол шатахууны гурав хоногийн нөөц байгаа. Үүнийг долоон хоног болгохын тулд хязгаарлалт тогтоосон” гэлээ.

Шатахууны хувьд хоёр хөршөөсөө 100 хувь хараат Монгол улсын мөнгийг нь төлж, гэрээгээ хийсэн 1037 вагон АИ-92 шатахуун БНХАУ-д гацжээ. Төмөр замын асуудлаас үүдэн тус улс аравдугаар сар хүртэл шатахууныг нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгчээ. Харин шатахууны гол түнш ОХУ-ын нефтийн үйлдвэрүүд засвартай учир мөн ирэх сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн байна. Ийн УУХҮЯ болоод АМГТГ-ын мэдээлснээр манай улсад шатахуун тасалдсанд Орос ба Хятад “буруутай” аж.

ЗГ:ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСГЭСЭН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. ЗГХМОНХГ-ын ажилтан О.Бямбагэрэл "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.Ерөнхий сайдын зүгээс үе шаттай маш сайн судалгаанд үндэслээд үйл ажиллагаануудаа нээхийг үүрэг болгосон. Мөн Гашуунсухайт боомтод нэмэлтээр PCR төхөөрөмж бүхий лаборатори байгуулах бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо” гэв.

Н.ТАВИНБЭХ:ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ХЯТАДЫН КОМПАНИ БАРИНА

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж албажууллаа.Тодруулбал, Ховд гол дээр байгуулах 90 мВт-ийн хүчин чадалтай усан цахилгаан станцын барилгын ажил эхэллээ.Уг төсөл хөтөлбөрийг БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэнэ.Бидний хийсэн тооцооллоор тухайн төслийн өртөг нийтдээ 288 сая ам долларын төсөвтэй байсан.Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн тендерийг зээлийн хэлэлцээрийн дагуу зээл олгогч талын энэ төрлийн туршлагатай компаниудын дунд явуулахад БНХАУ-ын төрийн өмчит компани шалгарсан.Тендерт шалгарсан компани 271 сая ам доллароор төсөвт өртгөөс 14 сая төгрөгөөр хямдарсан бөгөөд барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон” гэв.

“MONGOLIAN MINING-2021”-ТЭЙ ДОЛОО ХОНОГ

Манай улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол салбар болох уул уурхайн “Mongolian mining-2021” олон улсын үзэсгэлэн 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд олон улсын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг Буянт-Ухаа спортын цогцолборын гадаа болон дотор танхимд танилцуулж байв. Энэ жил Беларус, Бельги, Чех, Япон, БНХАУ, Солонгос, Швед, Их Британи, Унгарын компани багтсан 100 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Үүнээс харахад “Mongolian mining-2021” үзэсгэлэн уул уурхайн салбарын чухал ач холбогдол бүхий том арга хэмжээ болохыг харуулж байна. Энэ талаар УУХҮЯ-ны уул уурхайн бодлогын газрын техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар “Уул уурхайн салбар нь ДНБ-ий 20 гаруй, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн төсвийн орлогын 40 орчим хувийг бүрдүүлдгээс харахад Уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлэгч чухал салбар гэдгийг харуулж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэд бүтэц, шинэ техник технологийг бүрдүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн олборлох салбараас боловсруулах салбарт шилжих шилжилтийн үе тохиож байгаа” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

53 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

53 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

53 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

53 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

53 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

53 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

53 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

53 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

53 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

15 цаг 15 мин