Г.ГАНЧИМЭГ
ХОЁР БАНШ НЬ ХААЧИВ?
Нийтийн хоолны газар ээжтэйгээ хамт банштай шөл идэж суусан тав, зургаа орчим настай жаалхүү “Хоёр банш нь хаачив” гээд байх юм. Ээж нь хүмүүсээс санаа зовсон бололтой “Дуугүй, хоолоо ид. Явъя” гэж хүүгээ зэмлэх нь сонсогдов. Нээрээ, жаалхүүгийн хоёр банш нь хаачсан юм бол. Инфляц л идчихсэн бололтой. Нэг таваг шөлөнд 10 банш байдаг шүү дээ. Харин одоо найм болоод удаж байгаа. Хүүхэд л гэнэн томоогүй зангаараа хоёр баншаа нэхэж байгаа болохоос томчууд үүнийг аль хэдийнэ анзаарсан. Нэрэлхээд л асууж чаддаггүй юм. Үнэндээ ийм жишээ та бидний алхам тутамд л таарсаар байгаа. Таваг шөл төдийгөөр биш хувцас, байшин, машин худалдан авахдаа ч өндөр үнэ төлөх сонголтгүй сонголтыг хийгээд удаж байна.
Хэрэглээний үнийн индекс буюу инфляц энэ оны тавдугаар сард өмнөх сарынхаас 1.5 хувь, оны эхнээс 6.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.7 хувиар өсчээ. Инфляц ийнхүү тасралтгүйгээр өөдөө цойлоход хүнсний бараа, ундаа, усны үнэ өмнөх сарынхаас 2.8 хувь, зочид буудал, нийтийн хоол 2.6 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 1.6 хувь, бусад бараа үйлчилгээ 1.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, бид өмнөх оны мөн үеийнхээс 13.7 хувиар илүү үнэ төлж, төдий хэмжээгээр бага бараа бүтээгдэхүүн худалдан авч байна гэсэн үг.
Гэтэл гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 863 тэрбумд хүрч, өмнөх сарынхаас 21.4 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар өссөн байх юм. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 32 тэрбум төгрөг буюу 3.9 хувиар өссөн үзүүлэлт аж.
Хямралын үед “хямдралтай” хэмээх шошготой бараа бүтээгдэхүүний үнэ, үйлчилгээний өртөг бодитоороо өндөр гэдэг ангилалд ордог. Иймэрхүү байдлаар “sale” зарладаг жишиг манайд тогтоод удсан. Үнэндээ мөнгөний ханш, үнэ цэнэ хэдийнэ навс унаж, төгрөг биш цаас болчихсон. Тиймээс бүх зүйлд өмнөхөөсөө 13.7 хувиар илүү үнэ төлөөд, цагаан дээр хараар том тоонууд бичлээ ч жилээс жилд чанарын үзүүлэлт “жижгэрч”, хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэг л “амтгүй” болсоор.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИД Л “sale” ЗАРЛАЖЭЭ
Гэхдээ юм бүхэнд нэг л итгэл муутай хандаж, “эвэр хошуу”-лаад байж болохгүй. Хямралын үед бас хямдардаг бүтээгдэхүүн, үйлчилгээ байна.
Анх “Оффисын түрээсийг 40-50 хувь хямдруулаад байхад ирэх хүн алга” гэдэг “бор шувуу” нисэв. Ингээд хотын төвийн оффис түрээслүүлдэг хэд хэдэн барилгаар орж үзлээ. Зарим нь шилэн хаалтны цаана хов хоосон байв. Ингээд л хамгийн түрүүнд “нээрээ, хямарчихаж” гэсэн бодол зурсхийлээ. Гэтэл A зэрэглэлийн бүсийн оффисын түрээсийн үнэ нэг их хямдраагүй аж. Учрыг лавлахад, түрээслүүлэгчид “Нэг нь гарахад нөгөө нь ороод л ирдэг. Өнөөдөр үгүй ч маргааш түрээслэх болно. Эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэйгээр зарим нь 10 хувь хүртэл хямдрал зарласан байна. Харин 40-50 хувийн хямдрал гэж хаана ч байхгүй шүү дээ” гээд нэг л бардам хариулах юм. Харин В, C зэрэглэлийн бүсэд нөхцөл байдал арай ондоо. Энэ бүсэд түрээсийн байранд үйл ажиллагаа эрхэлдэг компани, бизнес эрхлэгчдийн хувьд иргэдийн худалдан авах чадвар буурсан нь илт мэдрэгддэг гэнэ. Тиймээс түрээслүүлэгчид нь 10-15 хувиар “sale” зарлажээ. Харин “50 хувь хүртэл хямдруулах боломжгүй. Хар ухаанаар тайлбарлахад бид 40 мянган төгрөгийн үнэтэй бараагаа 20 мянгаар зараад байвал ямар ашиг олох вэ. Бүр алдагдалд орно. Үүний оронд түрээслүүлээгүй нь дээр” гэж байлаа.
“Актив зууч” компанийн мэргэжилтнүүд “Орон сууцны түрээс 20 хувиар, офиссын түрээс 10-15 хувиар буурсан. Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үнэ буурсан нь шинээр олон барилга ашиглалтад орж буй учраас эрэлт буурсантай холбоотой” хэмээн тайлбарлав. Юутай ч “sale” 10 хувь гэж бичээд хямдраагүй үнэтэй бараа бүтээгдэхүүн зарж “молиго үмхүүлчихээд” учрыг лавлахаар “Валютын ханш өсөөд үнэ нь нэмэгдсэн. Харин одоо шинэ буюу нэмэгдсэн үнээр нь биш хуучин үнээр зарж байгаа юм” гэдэг тайлбарын хажууд хамаагүй бодитой, “амьд” хямдрал юм. Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн төлбөр 10-15 хувиар хямдарна гэдэг нь.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин