
Э.ОРХОНСҮРЭН
Манай улсын нэгэн эрдэмтэн хорт хавдрыг эмчлэх шинэ бодисыг ургамлаас нээжээ. Тэрээр энэ нээлтээ АНУ-д баталгаажуулсан байна. Энэ хүн бол Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, Төрийн соёрхолт, Академич Д.Батсүрэн. Шинэ нээлтийн эзнийг “Соён гэгээрлийн цаг” ярилцлагад урилаа.
-Юуны өмнө танд нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэе. Хорт хавдрыг эмчлэх шинэ бодисыг илрүүлж түүнийгээ баталгаажуулсан гэсэн. Судалгааг хэзээнээс хийж эхэлсэн талаар яриагаа эхлэх үү?
-Ургамлын баялаг нь дэлхийн улс, орны хөнгөн, хүнс ба эмийн үйлдвэрийн зонхилох түүхий эдийн нэг. Орчин үед ургамлын бодисын химийн нарийн бүрдэл, молекулын бүтцийн судалгаа дэлхийд өргөн цар хүрээтэй хийгдэх болсон. Ингэснээр танин мэдэхүйн асар их баялаг бий болж олон зуун ашигт бодисуудыг нээж, үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаанд нэвтрүүлсээр байна. Органик бодисыг дотор нь синтезийн ба байгалийн (ургамал, амьтан, микро организм) гаралтай гэсэн үндсэн бүлэгт хуваадаг.
Монгол орны байгалийн органик бодисын гол түүхий эд нь ургамлын баялаг бөгөөд түүний дотор 700 гаруй эмийн ургамал чухал байрыг эзэлдэг.Байгалийн түүхий эд дэх органик бодисын химийн судалгааг байгалийн нэгдлийн хими гэж өргөн утгаар нь ойлгож болно.
Эмийн ургамлын дотор агуулагдаж байгаа фармакологийн тодорхой үйлдэлтэй байдаг биологийн идэвхт бодисууд гэж нэрлэгдэж заншсан алкалоид, флавоноид, кумарин, ксантон, лактон, лигнан зэрэг бага молекулт бодисуудын бүрдэл, химийн нарийн бүтэц, физик, химийн шинж төлвийг судалдаг ухааныг байгалийн нэгдлийн хими гэж нэрлэдэг. Эндээс үзэхэд байгалийн нэгдлийн хими нь эмийн ургамлын дотор агуулагдаж байгаа биологийн идэвхт нэгдлийг химийн ямар нэгэн хувирал өөрчлөлтөд оруулахгүйгээр цэвэр байдлаар ялгах, тэдгээрийн физик химийн шинж төлөв, молекулын бүтэц байгууламжийг судлан тогтоодог тулгуур судалгаа юм.
Миний бие өвөрмөц бүтэц бүхий энэхүү шинэ бодисыг олж байгалийн нэгдлийн хими сэтгүүлд нийтлүүлсэн бөгөөд 1982-1983 онуудад Chemical abstracts, Реферативный журналд бүртгэгдсэнээр олон улсын хэмжээнд баталгаажуулсан юм. Үүний дараагаар Америкын эрүүл мэндийн институтын хорт хавдар судлалын төвийн захирал хамтын судалгаа хийе гэсэн санал тавьсан. Гэвч тэр үед нам засаг өөр байсан учир капиталист улстай харьцаж болохгүй гэдэг үүрэг өгөөд судалгаагаа эхлүүлж чадаагүй юм. Харин 2002 онд солонгосын хэсэг эрдэмтэдтэй хамтарч төсөл хэрэгжүүлж байхдаа энэ бодисоо танилцуулж судлагаа хийж эхэлсэн. In Vitro ба In Vivo судалгааны дүнд уг бодис нь хорт хавдарыг эмчлэхэд хүчтэй нөлөө үзүүлж байгааг баталсан. Эхлээд Солонгосын патентыг харин өнгөрсөн онд Америкын патентыг авсан юм.
Манай орны эмийн ургамлын биологийн идэвхт бодисуудын химийн найрлага, бүтэц урьд өмнө хөндөгдөж судлагдаагүй байсан. Энэ чиглэлийн судалгааны эх суурь ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнд 1973 оноос эхлэн тавигдсан түүхтэй. Байгалийн нэгдлийн химийн лабораторийн ажилтнуудын гол зорилгын нэг бол байгалийн шинэ нэгдэл олох, илрүүлэх явдал байдаг.
Энэ хугацаанд хими, хими-технологийн хүрээлэнгийн байгалийн нэгдлийн химийн лабораторийн ажилтнууд 120 гаруй эмийн ургамал судалж, тэдгээрээс 1000 гаруй биологийн идэвхит нэгдлүүдийг ялгаж, тэдгээрийн бүтцийг таньж тодорхойлсны дотор дэлхийн шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдээгүй байсан 170 шинэ бодисыг анхлан олж тогтоосон. Ингээд тэдгээрийн бүтэц байгууламжийг тогтоосноор дэлхийн байгалийн нэгдлийн химид тодорхой хувь нэмэр оруулсан юм.
-Та байгалийн шинэ бодис гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
Эмийн ургамлаас ялгаж, бүтцийг нь тогтоосон бодис нь ургамал, амьтнаас дэлхийн аль нэг оронд урьд өмнө огт ялгагдаагүй байвал түүнийг байгалийн шинэ бодис гэж үзээд шинэ төрсөн хүүхэддээ эцэг, эх нь нэр өгдөг шиг зохиогч өөрийн шинэ бодист нэр өгч тэр бодисын бүтцийг хэрхэн баталсан талаар эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, түүнийг дахин хянан магадлагаа хийдэг олон улсын сэтгүүлд нийтлүүлдэг уламжлалтай. Шинэ бодисын бүтэц “Chemical abstracts”, “Dictionary of Natural products” зэрэг дэлхийн байгалийн нэгдлийн химийн томоохон лавлахуудад байгалийн шинэ бодисоор бүртгэгдсэн тохиолдолд зохиогч байгалийн шинэ бодис оллоо гэж үздэг. Дээр өгүүлсэн 1000 гаруй бодисыг идентификаци/таньж тодорхойлох/ хийсэн ба 170 байгалийн шинэ бодисын бүтцийг баталж, байгалийн шинэ эх булгийг илрүүлсэн явдал нь шинэ мэдлэг, шинэ мэдээлэл бий болгож буй бодит тоо баримт юм.
Тус лабораторийн ажилтнууд ажлынхаа үр дүнг боловсруулан эрдэм шинжилгээний 250 гаруй цуврал өгүүллүүдийг олон улсын тогтмол хэвлэлүүдэд нийтлүүлсэн нь олон орны эрдэмтдийн хүртээл болон ашиглагдаж байна. Үүнийг дэлхийн эрдэмтдийн бүтээлийг үнэлдэг “Impact factor”–ийн ишлэлээс харж болох юм. Тухайлбал, тус лабораторийн ажилтнууд Японы тав, Америкийн зургаа, Английн хоёр, Германы 10, Австрийн гурав гэх мэт 18 орны 45 сэтгүүлд дээрх бүтээлээ нийтлүүлсэн.
-Таны судалгааны практик үр дүнг юугаар илэрхийлэгдэж болох вэ?
-Миний судалгааны стратегийн ач холбогдолтой эцсийн зорилго бол ургамлын гаралтай нөхөн сэргээгдэх түүхий эдээс цоо шинэ эм бүтээж, Монголын хэмээх тодотголтой бренд бүтээгдэхүүн бий болгож, эхний удаад импортлох, цаашдаа экспортлох асуудал юм.
Тус лабораторийн ажилтнууд ургамлын гаралтай байгалийн идэвхит нэгдлүүд судалдаг учир биологийн шинэ идэвхи илрүүлэхээр ажилласаар ирсэн. Тухайлбал, исэлдэлтийн эсрэг идэвхи, хорт хавдрын эсрэг идэвхи, вирусын эсрэг идэвхи, бактерийн эсрэг идэвхи, цус шингэлэх идэвхийг илрүүлэхийн төлөө ажилласаар байна.
Биологийн шинэ идэвхи илрүүлэх нь нээлтийн зиндаанд тооцогддог бүтээл бөгөөд хими, физик, молекулын биологи, иммунологи зэрэг олон салбарын уулзвар дээр гүйцэтгэдэг нийлмэл судалгааны үр дүнд бий болдог ба улмаар цоо шинэ эм бүтээх, бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэгэн хүчин зүйл болдог юм.
-Танай хүрээлэнгийн сүүлийн үеийн судалгааг сонирхмоор санагдлаа. Яг одоо хийгдэж байгаа ямар төрлийн судалгаа байна вэ?
-Хүрээлэнгийн байгалийн нэгдлийн химийн лабораторийн ажилтнууд БНСУ, Белорусь, Болгарын эрдэмтэдтэй хамтран биологийн дөрвөн шинэ идэвхи олж тогтоосон. Эдгээрээс гурав нь олон улсын патентаар баталгаажаад байна. Дөрөв дэх нь баталгаажих шатандаа явж байгаа. Биологийн шинэ үйлчилгээг олохын тулд зөвхөн цэвэр бодис дээр молекул биологийн төрөл бүрийн судалгааг 6-10 жил хийдэг. Ингэснээр бодисын үйлчилгээний молекулын механизмыг тогтоож олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгддөг урт хугацааны ажил байдаг.
-Ямар төрлийн ургамлаас энэ бодисыг гаргаж авсан бэ. Манай орны аль бүс нутагт ургадаг юм бол?
-Дагуурын хүж өвснөөс дауринол нэртэй өвөрмөц бүтэц бүхий шинэ бодисыг нээж, түүний бүтэц байгууламжийг баталсан. Дауринол нэртэй бодис одоогийн байдлаар зөвхөн Монгол оронд ургадаг хүж өвсөнд хуримтлагдан нийлэгждэг бөгөөд бидний үзэж байгаагаар олон төрлийн хорт хавдар, үүний дотор бүдүүн ба шулуун гэдэсний хорт хавдарт идэвхтэй нөлөөлдөг нь тогтоогдсон.
-Тэгэхээр энэ талаарх туршилтыг ямар хугацаанд хийсэн бэ. Яг үнэхээр хорт хавдрын өвчлөлд туршилт хийсэн юм уу?
-Уг бэлдмэлийн туршилтыг шулуун, бүдүүн гэдэсний хорт хавдрын эс болон ходоод, уушги, хөх, элэгний хорт хавдрын эсийн өсгөврийн шугамуудад зургаан жилийн турш явуулсан. Мөн харханд эмгэг загвар үүсгэж уг бэлдмэлээр эмчлэх туршилтыг сүүлийн гурван жил хийж байна. Энэхүү бэлдмэлийн хамгийн гол ажил болох эмийн цэвэр бодис ялгах, эмийн бэлдмэлийн суурь судалгааны ажлыг Монголын талын зохиогчид гүйцэтгэсэн. Харин молекулын биологи, биотехнологийн цуврал туршилтыг Солонгосын эрдэмтэдийн баг хийж гүйцэтгэсэн. БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн C.W.Nho,K.S.Kang, S.B.Lee, Хими, хими-технологийн хүрээлэнгийн ажилтан Академич Д.Батсүрэн, доктор (Ph.D) Ж.Тунсаг нарын бүтээсэн хорт хавдрыг эмчлэх, урьдчилан сэргийлэх дауринол агуулсан эмийн бэлдмэл нь (WO/2008/146989) A PHARMACEUTICAL COMPOSITION CONTAINING DAURINOL FOR THE PREVENTION AND TREATMENT OF CANCERS) хавдрын эсийн S фазыг сонгомол хэлбэрээр бүрхэж, хавдрын эсийн үржлийг зогсоох ба Арортоsis-ын процессыг сэргээх замаар хавдрын эсийн тодорхой үе шатанд давхар үйлчилгээ үзүүлдэг механизм бүхий шинэ нэр төрлийн эмийн бэлдмэл юм.
-Эмийг хэзээ эмчилгээнд гаргах вэ. Эх орондоо боловсруулж, үйлдвэрлэх боломж байгаа болов уу?
-Энэ эмийг анагаах ухааны практикт нэвтрүүлэхэд клиникийн туршилт хийх шаардлагатай. Туршилтанд хэрэгтэй эмийн субстанци гаргах, эмийн хэлбэрүүдэд шилжүүлэх, клиник туршилт тавих эмч нарын цалин, ургамлыг үрээр тарималжуулахад доод тал нь 250 сая төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байна. Тиймээс Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд болон шийдвэр гаргах төвшний эрхэмүүд энэ асуудлыг анхаараасай гэж хүсч байна. Саяхан БШУ-ны сайдын нэгэн ярилцлагад “ЭМШУИС-д чихрийн шижин, хавдрыг эмчлэх хоёр том судалгааг хийж эхэлнэ. Энэ бол дэлхийн нээлт байх болно” гэсэн байсан. Миний бодлоор нэгэнт бий болсон суурь судалгааны хорт хавдрыг эмчлэх маш тодорхой үр дүнг анагаах ухааны практикт нэвтрүүлэх нь шинжлэх ухааны тулгамдсан асуудлын нэг юм. Сүүлийн гурван жил энэ асуудал саатаад байна. Инновацийн төсөл шалгаруулахад гурван жилд 90 сая төгрөг өгдөг нь клиник туршилт хийхэд хүрэлцэхгүй байгаа юм. Цөм технологийн төсөл шалгаруулах үед тэр болгон дэмжигдэхгүй олон шалтгаантай юм.
-Энэхүү бодис нь ямар үйлчилгээ үзүүлэх вэ. Ямар нэг сөрөг нөлөө бий юу?
Эмийн гол үйлчлэгч бодис дауринол нь цоо шинэ хавдар устгах агент болохыг дэлхийд анх удаа тогтоолоо. Түүнчлэн Дауринол нь төрөл бүрийн хорт хавдрын эсийн төрөлжин ангижрах процессыг дарангуйлагч, эсийн циклийг тусгаарлан саатуулагч блокер, ферментийн каталитик ингибитор болохыг молекул биологийн бүлэг туршилтуудаар анх удаа тогтоосон нь эмийн шинэ бэлдмэл бий болгох үндэслэл болсон юм. Хорт хавдрын эсийн төрөлжин ангижрахын эсрэг идэвхи, хорт хавдрын эсийн ДНХ-ийн нийлэгжилтийг зогсоох төлөв, дауринолын архаг хоруу чанар, эмчилгээний тун, цусны факторуудад нөлөөлөх нөлөө, эмийн хэлбэрүүдийг тус тус тогтоогоод байна. Иймд энэхүү шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд зөвхөн хөрөнгийн эх булаг шаардаж байгааг дээр өгүүлсэн билээ. Харин хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор арилнафталины лигнан зонхилсон өвөрмөц найрлага бүхий бэлдмэлийг гаргаж аваад байна.
Хорт хавдарын эхний үе олон шинж тэмдгээр илэрдэг нь практикаас тодорхой болсон. Тухайлбал, нойр муудах, хоолны дуршил буурах, бие үргэлж сулрах, онош тодорхойгүй өвдөх, бие болон хүзүүгээр улаан мэнгэ үүсэх, удамшлын эрсдэлтэй байх, цусны өөрчлөлтэй болох, хэт турах, церроз ба вирусын суурь өвчтэй байх зэрэг болно. Яг ийм шинж тэмдэг бүхий хүмүүст зориулан дээрх урьдчилан сэргийлэх бэлдмэлийг гаргасан болно. Бидний гарган авсан хорт хавдраас урьдчилан сэргийлэх бэлдмэл нь эмчилгээний бэлдмэлээс олон дахин бага концентрацитай боловч олон улсын патентын шаардлагад тохирч байгаа болно.
-Манай уншигчид энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл таньтай хэрхэн холбогдох вэ?
-Энэ тохиолдолд 70153943, 99179338 дугаарын утсанд хандаж шаардлагатай мэдээллийг авч болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
df