Ч.ЗОТОЛ
Лондоны арбитр Монголын Засгийн газрын сөрөг нэхэмжлэлийг энэ сарын дундуур хэлэлцэх товтой байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.
Эрх зүйн хүрээнд хоёр талын хооронд ямар асуудал үүсээд байгаа вэ гэвэл Оюутолгой компани өнгөрсөн онд татварын асуудлаар Монголын Засгийн газрыг Лондоны Арбитрын шүүхэд өгсөн юм. Гэтэл АНУ болон Их Британийн үнэт цаасны хороон дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс “Рион Тинто”-г буруутгаж гомдол гаргаснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Тэр дунд “Оюутолгойн гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч тал Монголын нөлөө бүхий хүмүүс, Засгийн газрын гишүүн байсан нэр бүхий хүмүүст авлига өгсөн байж болзошгүй” гэдэг асуудал яригдсан гэдэг. Энэ нь нотлогдвол анхнаасаа асуудал дагуулж ирсэн хөрөнгө оруулалтын гэрээ хүчингүй болох, алдааг засах нөхцөл байдал үүснэ гэдгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар сөхөж тавьснаар Монголын Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа. Тэгвэл энэ асуудлыг Лондоны арбитр энэ сарын дундуур хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Харин үүнийг угтаад бас нэг шинэ нөхцөл байдал бий болсон нь Рио Тинто компани Далд уурхайн зардлын хэтрэлтийг үндэслэлгүй нэмж, нөхцөл байдлаа хөрсний чулуулагтай холбоотой геотехникийн хүндрэл гэж танилцуулсан нь нотлогдохгүй байгааг хөндлөнгийн шинжээчдийн баг илрүүлээд байна. Тэгэхээр шүүх нотлох баримтыг дахин авч үзэх шаардлага үүсч, Монголын Засгийн газар барьцаа лавшруулж асуудлыг улам нарийн шийдүүлэх боломж гарчээ.
Эх сурвалж: www.polit.mn