Ч.ЗОТОЛ
Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан Уулын баяжуулах“Эрдэнэт” үйлдвэрийн тухай манай сайт Монгол Улсын гавьяат эдийн засагч Т.Балжиннямын “Оюутолгой аз уу, эз үү” номын “Эрдэнэт үйлдвэртэй холбогдсон зам мөр, сэтгэлд хоногшсон үйл явдлууд” бүлгээс түүхэн баримтыг онцлон зохиогчийн зөвшөөрлөөр цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаа “Эрдэнэт”-ийн хөгжилд ээлтэй саналуудаас эш татав.
Түрүүч нь Баатар үйлдвэр “Эрдэнэт”-ийн тухай 100 баримт, “Эрдэнэт” үйлдвэрийн тухай түүхэн баримтууд-2, “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-3, “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-4, “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн үйл явдал-5, “Эрдэнэт”-ийн түүхэн баримт-6 , “Эрдэнэт”-ийн өгөөж буюу түүхэн баримт-7
71. “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн 10 жилд орлогын, гаалийн, үл хөдлөх хөрөнгийн татвар болон ашигт малтмалын, эдэлбэр газрын, усны, тээврийн, гадаадын мэргэжилтний ажлын байрны төлбөрөөр нийтдээ таван их наяд, 29.9 тэрбум төгрөгийн орлого улс, орон нутгийн төсөвт оруулсан байна.
72. Сүүлийн үеийн мэдээгээр “Эрдэнэт” үйлдвэр дахиад 20-30 жил ажиллах нөөцтэй гэжээ.
73. Тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагад Оюутолгой ордын хайгуулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд, үйлдвэр ашиглалтын хугацаанд ордоос хувь эзэмших замаар ногдол ашиг хүртэх боломжтойг санал болгож байв. Айвенхоу Майнз компанийн гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд Оюутолгой ордын хайгуулын ажилд хамтрах хөрөнгө оруулагчийг олохоор эрэлд гараад байсан юм.
74. “Эрдэнэт” үйлдвэр Оюутолгой ордын хайгуулын ажилд оруулсан хөрөнгийг цаад тал нь 5-5.5 жилд бүрэн эргүүлэн авах бөгөөд 40-50 жилийн хугацаанд эзэмшсэн хувьцаандаа ногдол ашиг хүртэх боломжтой байв.
75.Монголд хар төмөрлөгийн үйлдвэр хөгжүүлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс анхаарч судлах, ялангуяа Дархан, Сэлэнгэ болон Булган аймгуудын нутагт орших төмрийн хүдрийн ордуудыг түштглүүлэн үйлдвэр байгуулахад газар зүйн байршил, эдийн засгийн хувьд ихээхэн тохиромжтой.
76. “Эрдэнэт” үйлдвэр Улаан овоогийн нүүрсний ордын хайгуулд нэг тэрбум орчим төгрөг зарцуулсан, мөн Хөрөнгө оруулалтын технологийн шинэчлэл \ХОТШ\-ийн банкны хувьцаа эзэмших зорилгоор 30.4 сая ам.долларын хөрөнгө оруулсан боловч өнгөрсөн хугацаанд эдгээрээс ямар нэгэн орлого олж, ашиг хүртээгүй.
77. Төрийн шагналт, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Сандуйжав амьд сэрүүн байхдаа “Эрдэнэт”-ийн овооны ордын ойр орчимд байгаа илрэлүүдийг нарийвчлан судлах, ялангуяа ордын хагарлын дагуу талбайд алт, полиметаллын сонирхолтой бүс байх магадлалтай гэж ярьдаг байв.
78. Ордын ашиглалтын гаднах талбайд хуримтлуулан хадгалж буй одоохондоо ашиглахгүй байгаа бага агуулгатай хүдрийн овоолго \отвал\-ыг цаашид өөрсдөдөө ашиглахаар зохистой зөв байрлуулах нь үйлдвэрийн ажиллах хугацааг уртасгахад чухал юм.
79. Үйлдвэрийг барьж байгуулахад Монголын болон Оросын талаас оруулсан хөрөнгө оруулалтыг ногдол ашгийн хуваарилалтаар хэдэн жилийн өмнө бүрэн нөхсөн байдлын талаар Зөвлөлийн хүрээнд авч үзэж, Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу бүтээгдэхүүн, ашгийн хуваарилалтын талаар Монголын тал өөрийн байр сууриа Оросын талд тааламжтай нөхцөл байдалд дипломат шугамаар илэрхийлж болох талтай.
80. Одоогийн байдлаар Монгол Улстай хамтран байгуулсан компаниудыг оролцуулахгүйгээр манай орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд монголчуудын хөдөлмөрийг дутуу үнэлж, хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээнд тохируулан цалин, хөлсийг ажиллагсдад олгож байна.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж. www.polit.mn