Ч.ЗОТОЛ
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Дархан-Уул аймгаас сонгогдсон залуу гишүүн Г.Дамдинням тойргийнхоо асуудлыг төрийн бодлогын түвшинд шийдвэрлүүлэх, олон нийтийн анхааралд хүргэснээр хяналттай болгох зэргээр шинэлэг байдлаар ажиллаж ирсэн. Тэрээр УИХ-ын гишүүдийг араасаа дагуулах нэг бус шинэ жишиг тогтоох бололтой. Түүний нэг нь УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойшхи нэг жилийн ажлаа цахимаа тайлагнасан нь юм.
Түүний хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд долоон хууль, тогтоолын төсөл санаачлан боловсруулахын зэрэгцээ Дарханы зам, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний хэрэгжилт, бүтээн байгуулалт, тариаланч ногоочид, бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдсан гол асуудлуудыг Засгийн газар, УИХ-аар шийдвэрлүүлэх чиглэлд ажиллажээ.
УИХ –ын БСШУС-ын байнгын хорооны даргаар сонгогдсоноор соёлын салбарт анхаарч, сүүлийн 26 жил өөрчлөлт ороогүй байсан Соёлын тухай хууль, Киноны тухай хуулийг батлуулснаар төрийн бодлого, чиглэл тодорхой болгосон. Оюутолгойн түр хороонд ажиллаж байгалийн баялгаа ард түмэнд өгөөжтэй хэлбэрээр хуваарилахад шийдэл олох чиглэлээр ажиллаж ирсэн. Мөн УИХ-ын чуулганаас гадна зургаан байнгын, түр, дэд хороо болон 12 ажлын хэсэг, 15 парламентын бүлэгт харьяалагдахын зэрэгцээ нийт 800 гаруй албан хүсэлтийн хариуг холбогдох байгууллагад хүргүүлэн шийдвэрлэжээ.
Цар тахлын үед олон хүн цуглуулахгүй байх, уулзалт, хурал цуглаан хийхийг хориглосон үед техникийн дэвшил ашиглан цахим орчинд сонгогч, олон нийтэд нээлттэй хүргэсэн цахим тайланг хэн ч хаанаас ч үзэж танилцах, өөрийн санал бодлыг бичиж үлдээх боломжтой юм.
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын тайлантай танилцах линк:
https://online.flippingbook.com/view/75837528/
Эх сурвалж: www.polit.mn