С.САРУУЛ
Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Тусламжийн ачааг тээвэрлэсэн Швейцарийн Засгийн газрын тусгай үүргийн агаарын хөлөг долдугаар сарын 13-ны өглөө буюу өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд газардав.
Тусламжийн хүрээнд энэ удаад амьсгалын аппарат 40, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 45, хүчилтөрөгчийн хамрын гуурс, амны хаалт зэрэг нийт 657.891 швейцарь франк буюу хоёр тэрбум 37 сая гаруй төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг ирүүлснийг Швейцарийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал Др. Стефани Бурри Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ цар тахлын хүнд хэцүү цагт Швейцарь-Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болсон энэхүү хүмүүнлэгийн тусламжийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд тоног төхөөрөмжүүд хэрэгцээ шаардлагатай газруудад хүргэгдэж цар тахлын аюулт өвчнөөс олон хүний амь нас, эрүүл мэндийн хамгаалахад тус болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Эрүүл мэндийн яамнаас дээрх тоног төхөөрөмж, хэрэгслийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд болон хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, түүнчлэн төрөлжсөн мэргэшлийн зарим төвд хуваарилж хүргүүлэх ажлыг зохион байгуулах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn