О.Амарсайхан: Бразил, Английг финалд үлдээсэй гэж хүсч байна

2014-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЖАВХЛАН 

Хөлбөмбөгийн хорхойтнуудын удаан хүлээсэн баяр эхэлж, халуухан Бразилд дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн нээлтээ хийлээ. Спортын хаан хөлбөмбөгийн олон сая хөгжөөн дэмжигчийн магнай тэнийж, цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухтайхан суух цаг ирлээ. Тэдний нэг, хөлбөмбөгийн үнэнч фанат О.Амарсайхантай хөөрөлдсөнөө хүргэж байна.

-За, ДАШТ эхэлж байна. Та ч их догдолж байна уу?

-Тийм ээ. Дөрвөн жил хүлээн байж учран золгодог, дэлхий даяар хөлбөмбөг сонирхогчдын магнайг тэнийлгэсэн том баяр эхэлж байхад сэтгэл хөдлөхгүй гээд яахав.

-Хэзээнээс ДАШТ-ийг үзэж эхэлсэн бэ?

-Энэ тухай ярихад багахан түүх сөхөх хэрэгтэй болох нь. Миний хувьд анх 1980 онд Москвад болсон зуны XXII олимпийг “Рекорд” гэдэг хар цагаан зурагтаар үзэж сонирхон их спорт гэдэг агуу зүйлийн сайхныг харж мэдэрсэн гэхүү дээ. Тэр үед би есхөн настай жаал байлаа. Манайх Богд уулын Залаатын аманд зусдаг байсан. Аав маань тэгэхэд Үйлдвэрчний төв зөвлөлд удирдах албанд ажилладаг байсан болохоор тухайн цаг үеийн МАХН-ын гишүүдийн шаардлага “ёсоор”  орос хэвлэл их захиалан уншдаг байж.

 

“Правда”, “Новое время”, “Спутник” зэргээс гадна “Советский спорт” сонин захиалдаг байсан нь зуны амралтаараа гадаа тоглохоос өөр сатаарах зүйлгүй жаахан хүүхдэд тун их “Олз” болсон хэрэг. Ийнхүү их спортын амтанд орчихоод байсан болохоор 1982 онд Испанид болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг жинхэнэ шимтэн үзсэн дээ. Тэр үед ЗХУ задраагүй байсан болохоор СССР гэсэн нэрээрээ ДАШТ-д орол­цох эрхээ авсан байлаа. Оросууд өөрсдөө оролцож байгаа болохоор дэлхийн аваргын тоглолтуудыг Үндэсний төв телевизийн сувгаараа дамжуулсан нь сайхан завшаантай хэрэг болов. Социализмын үе байсан болохоор манайд Монголын үндэсний телевиз, Оросын төв телевиз гэсэн хоёрхон суваг гардаг байсан гэхээр мэдээллийн эх үүсвэр ямар цөөхөн, хаагдмал орчинд байсан нь мэдэгдэх биз.

-Оросууд хэсэгтээ Бразил, Шотланд, Шинэ Зеландын багуудтай учраа таарч эхний тоглолтдоо хөлбөмбөгийн ид шидэтнүүд гэгддэг Бразилын шигшээ багтай тоглосон санагдана.. ?

-Энэ тоглолт  ми­ний телевизээр үзсэн ДАШТ-ий анхны тог­лолт юм. “Цагаан Пеле” хэмээгдэж байсан до­могт Зико, “Доктор” Сократэс, Фалькао, Эдер зэрэг одуудаас бүрд­сэн бразилчууд энэ тэмцээний гол фаворитаар нэрлэгдэж байсан ч оросууд тоглолтыг тун муугүй эхэлж санаачлагыг гартаа аваад зогсохгүй 34 дэх минутанд Андрей Баль 16 метрийн шугамын гаднаас цохиж гоолдон ах нар тэргүүлж эхэлдэг юм байна. Монголчууд ч оросуудыг “Ах нар” хэмээн нэрлэж ихэнх нь тэднийг дэмждэг байсан цаг болохоор би ч дотроо оросуудыг битүүхэн хожчоосой гэж л бодож байсан. Тоглолтын хоёрдугаар хагаст бразилчууд яах аргагүй классик тоглолтоо үзүүлж тооны харьцааг тэнцүүллээ. Ингээд тоглолтын цаг дуусахаас хэдхэн минутын өмнө Эдер алсын цохилтоор Бразилын хаалганд гоол оруулснаар 2:1-ээр хожиж байсан даа. Хэдийгээр жижигхэн хар цагаан зурагтаар үзсэн ч гэлээ энэ тоглолт хөлбөмбөгийн гайхамшгийг бяцхан жаалхүүд хангалттай мэдрүүлж өгсөн шүү.

-Та анхнаасаа аль багийг дэмжиж байв, одоо аль багийг дэмждэг вэ?

-Тэр үед хүмүүс ихэвч­лэн Бразил, Аргентин, Баруун Герман, тэгээд мэдээж ЗХУ зэрэг ор­нуу­дыг ихэвчлэн дэмж­дэг байсан. Би яагаад ч юм Английн шигшээ багийг дэмжиж эхэлсэн юм. Англичууд 1982 оны ДАШТ-д түрүүлэх магадлалтай биш байсан ч хэсэгтээ Франц, Чех, Кувейтийн багуудтай учраа таарч хэсгээ тэргүүлэн гарч ирсэн. Бобби Робсон дасгалжуулагчтай Английн шигшээ баг Мишель Платинигээр ахлуулсан Францтай хийсэн тоглолт санаанд тодхон үлджээ. Тоглолт эхлээд нэг минут ч болоогүй байхад Английн шигшээ багийн ахлагч Брайан Робсон гоол оруулснаар англичууд тэргүүлж улмаар 3:1-ээр хожиж байв. 1982 оны ДАШТ их сонин хэв маягтай өрнөсөн. 24 баг зургаан хэсэгт хуваагдан тойргоор тоглож хэсгээ тэргүүлсэн хоёр баг нь цаашаа шалгарсан бөгөөд 12 баг дахин дөрвөн хэсэгт хуваагдан тойргоор тоглож хэсгийн ялагч дөрвөн баг хагас шигшээд тулан үзүүр түрүүнд хэн нь үлдэхээ тодруулж байлаа. Англичууд дараагийн хэсэгт Баруун Герман, нутаг дээрээ тоглож буй Испанитай оноолт таарч хоёр тэнцсэн Испанийг хожсон немцүүд хагас шигшээд шалгарсан юм. Тэр цагаас хойш Английн шигшээ багийг балиашигласан хэвээр л байна даа.

-Энэ удаа Бразилд ямар баг түрүүлэх бол? Харин таны хувьд аль багийг түрүүлнэ гэж бодож байна даа, нэг багийг нэрлэхгүй юү?

-Шууд тэр гээд хэлэхэд хэцүү л дээ. Хөлбөмбөг бүх тивд жигд хөгжчихсөн болохоор хэн ч хэнийгээ хожиход гайхах юмгүй. Тэгэхдээ чадвар гэж нэг юм бас байна аа. Ямар ч тэмцээнд түрүүлэх магадлалтай гэж нэрлэгдэж, шөвгийн дөрөвт орох боломжтой багууд нэгээр тогтохгүй байдгийг хөлбөмбөг сонирхогчид бүгд мэднэ. Энэ жилийн хувьд нутаг дээрээ 64 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авч 64 жилийн өмнөх гашуун ялагдлынхаа хариуг авахаар бараг шүдээ хүртэл хурцалж байгаа ногоон талбайн “Ид шидтэнгүүд” болох бразилууд финалд үлдэх биз дээ. Харин тэдний өрсөлдөгч нь Англи байгаасай гэж хүсч байна.

-Таны Англи аль хэр хол явах бол...?

-Английн шигшээ баг тив дэлхийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэлгүй нэлээд удлаа. ДАШТ-ий хувьд 1990 онд Италид болсон тэмцээний хагас шигшээд нөгөө л германуудад пенальтаар хожигдсоноос хойш шөвгөрч амжаагүй яваа бол, Европын аварга шалгаруулах тэмцээнийг 1996 онд нутаг дээрээ зохиосон ч мөн л хагас шигшээд Германд хожигдсон. Энэ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүр түрүүнд үлдэнэ гэж яригдахгүй ч гэлээ нэлээд хол явна гэж итгэж байна. Англичууд хэсэгтээ дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали, хоёр удаагийн аварга Уругвай зэрэг луугаруудтай таарсан бо­лохоор хэсгээсээ гарахын тулд ядаж аль нэгийг нь зайлшгүй хожих шаардлагатай. Энэ даалгавраа амжилттай биелүүлж, улмаар цаашаа наад зах нь шилдэг наймд, аз ёндоо байвал финалд ч шалгарах боломжтой л гэж харж хүлээж байна даа.

-ДАШТ болгоноор шинэ од төрдөг бичигдээ­гүй хуультай. Тэгвэл Бразилын ногоон талбайд ямар тоглогч од болон гялалзах бол?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгон шинэ залуу оддыг төрүүлэн гаргадаг сайхан “уламжлал”-тай. Энэ удаа ч мөн тэгэх нь тодорхой байх. Энэ жилийн хувьд эзэн орны залуу од Неймар, Английн шигшээ багийн Рахим Стэрлинг гэх мэтчилэн гялалзаж мэдэх залуус олон байгаа.

-Монголын хөлбөмбө­гийн шигшээ баг хэзээ нэгэн цагт дэлхийн авар­гад орно гэж боддог уу. Тэр цаг хэзээ юм бол?

-Манайд хөлбөмбөг 60-аад оны үед тун эрчимтэй хөгжиж Азийн орнуудын түвшинд муугүй тоглолтыг үзүүлж байсан гэдэг. Ц.Чомбуу гээд хаалгачийн тухай гэхэд л домог шиг яриа хүүхэд байхад сонсогддог л байлаа. Харамсалтай нь энэ сайхан спортын төрлийг бодлоготойгоор зөв хөгжүүлээгүй, цаг их алдсанаас зогсонги байдалд орж бусад улс орноос хол хоцроод байна л даа. Тэгэхдээ одоо хүүхэд залуучууд хөлбөмбөгийг маш их сонирхдог болсон, бэлтгэл сургуулилт хийх талбай хувцас хэрэглэл ч хангалттай болсон байна. Ур чадвараа хөгжүүлэх болон техник тактикын хувьд хоцрогдлоо нөхөх боломж бололцоо байгаа л гэж боддог. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, нэг сайхан нартай өдөр Монголын шигшээ баг ДАШТ-д оролцох байх л гэж хэлье дээ.

-Таны хобби бол үнэхээр хөлбөмбөг юм байна. Олон хоббины дотроос энэ хобби юугаараа гоё вэ?

-Бидний үеийн хүү­хэд багачуудын гол тог­лоом наадам бол гадаа тоглох л байлаа. Лапта, маатаг, за тэгээд л бөм­бөг өшиглөнө дөө. Дэл­гүүрт гурав, ес, 13 төгрөгийн резинэн бөмбөг зардаг байсан, тэрүүгээр л өвөлдөө ка­ток дээр хоккей, зундаа байшингийнхаа гадаа хөлбөмбөг тоглож өс­сөн. Манай ангийнхан тавдугаар ангиасаа л цаг л гарвал бөмбөг өшиглөж тоглодог байсан болохоор сургуулийнхаа аваргыг аравдугаар анги төгстлөө өөр ангид алдаагүйд нэг их гайхах зүйлгүй биз.

Хөлбөмбөг бол хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, ур чадвар, сийрэг ухаан зэрэг олон зан чанар шаарддаг спорт болохоор багаасаа л энэ спортод сэтгэл зүрх­нээсээ хайртай болсон доо. Ялангуяа дэлхийн хэмжээний оддын уран гоё тоглолтыг зурагтаар үзэж, дэргэдээс нь ха­рах шиг сайхан зүйл, таашаал хаа байх билээ. Тэр байтугай өөрсдөө тоглоход ч гэсэн хожил, хожигдлын амтыг мэдрэх, сэтгэл хөдлөл хор шар гээд үнэхээр алжаал тайлж чаддаг спорт шүү.

-Талбайн эзэд зургаа дахь удаагаа алтан цом өргөж чадах болов уу?

-Чадна гэж 100 хувь хэлэх ямар ч боломжгүй. 64 жилийн өмнө нутагтаа болсон ДАШТ-д тэд түрүүлж, цомоо гардан авах гэж 200 мянган хүний багтаамжтай Маракана цэнгэлдэх хүрээлэнгээ ашиглалтад оруулж амжсан ч харамсалтай нь шийдвэрлэх тоглолтод Уругвайн багт 1:2-оор хожигдож аман хүзүүдсэн. Улс даяараа бараг гашуудлын байдалд орж, нэг бус хүн амиа хүртэл хорлож байсан гашуун түүх бий. Энэ алдаагаа засах ховорхон боломж Бразилийн багт тохиогоод байгаа болохоор хөгжөөн дэм­жигч­дийнхээ өмнө анх удаагаа дэлхийн аваргад түрүүлж баяр цэнгэлийн дээдийг эдлүүлэх гэж “Пентакампеон”-ууд амиа тавихаас ч буцахгүй биз.

-Үхлийн хэсгээс ямар баг гарах бол та юу гэж бодож байна?

- Үхлийн хэсэг бол яалт ч үгүй Англи, Уругвай, Итали, Коста Рика орсон “Д” хэсэг. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд өөр өөрийн таамгаа дэв­шүүлж байгааг харахад Английн шигшээд нэг их найдлага тавихгүй байгаа нь ажиглагдана билээ.  Тэгэхдээ миний хувьд Английн шигшээг хэсгээсээ гарна гэдэгт итгэж, найдаж байна. Нөгөө баг нь Уругвай бай­гаасай гэж бодож байна.

-Та 2010 оны ДАШТ-ийг очиж үзсэн. Одоо бас явах гэж байгааг тань сонслоо. Та ер нь хөлбөмбөгийн томоохон тэмцээнийг хэдэн удаа очиж үзсэн бэ?

-2002 оны ДАШТ тэмцээн Ази тивд, тэр тусмаа анх удаа хоёр оронд нэгэн зэрэг зо­хион байгуулагдахаар болсон нь хөлбөмбөг со­нирхогчдын хувьд маш таатай мэдээ байлаа. Ту­­хайн үед манайхан Со­лонгос руу ажил хийхээр их ч явж нэлээд нь харлаад үлддэг байсан болохоор визний шалгуур тун өндөр, гарах нь ховор, шагаар бол 5000 ам.доллар хүрч байсан. Цагийг нь тулгаад явж хөлбөмбөг үзнэ гэвэл тэр консулынхан нь итгэхгүй гэж тооцоолоод 2001 оны намар аравдугаар сард олон улсын сайн дурын байгууллагын шугамаар анх Сөүлийг зорьсон. Солонгос руу дөрвөн удаа яваад ямар нэгэн зөрчилгүй буцаж ирсэн бол тав дахиас нь виз авах шаардлагагүй болох тухай шийдвэр гарчихаад байсан болохоор онцын шалтгаангүйгээр дахин гурван удаа явж 2002 оны Цагаан сар гэхэд Солонгос руу визгүй явах болзлоо хангаж байлаа шүү дээ. Тухайн үед Солонгосоос ганц хоёр хуучин машин ачуулж зардлаа нөхөж байсан.

-2006 оны ДАШТ-ийг үзэж чадсан уу?

 -2006 онд хувийн, хувьсгалын ажил давхцаад явж чадаагүй. 2010 онд  хөлбөмбөгийн ДАШТ Африкт болох байсан тул хүмүүс тийшээ зүглэх аюултай гэцгээж байсан ч би явахаар шийдэж бэлтгэлээ базааж эхэлсэн. 2009 оны өвөл Өмнөд Африкт дэлхийн миссийн тэмцээн болж Монголоос оролцох төлөөлөгчидтэй UBS телевизийн  баг хамт явж сурвалжилсан юм. Тэдний бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэж байсан тэнд нэг монгол бүсгүй суурин амьдардаг тухай гарч байсан. Найдаа гэх тэрхүү бүсгүйтэй хол­­бог­дож мэдээлэл авах зорилгоор UBS телевизийн хүмүүстэй холбогдон и-мэйлийг нь олоод авлаа шүү. Тэгээд бичлээ. “Би хөлбөмбөгийн фанат хүн байгаа юм аа, Өмнөд Африкт очиж дэлхийн аваргын тоглолт үзэх гэж байгаа, мэдээлэл өгөөч” гэх зэргээр. Цагийг нь тулгачихвал амаргүй гэдгийг туршлагаараа мэдэх тул эртнээс “нүхээ малтаж” байгаа хэрэг. Тэгээд 2-3 сар и-мэйлээр харилцаад нэ­лээн танил болоод авлаа. Бээжинд очиж материалаа өөрийн биеэр визээ авах байсан тул тэр талын бэлтгэлээ хангаж, тоглолтын тасалбар зэргээ захиалаад авчихав. Гэтэл Найдаа маань ч намайг гэртээ хүлээж авна гэж байна. Ийнхүү ганцаараа холын Африк орныг зорих боллоо. Уг нь манай 10 жилийн ангийн найз маань хамт явна гэж байсан ч ажил төрөл гараад амжаагүй юм. Адрианыд тааваараа байж ийш тийшээ явахдаа хүртэл унаагаар нь хүргүүлж, тосуулж сайхан байсаан. Найдаа болон түүний нөхөр Адриан хоёртоо маш их талархаж явдгаа дахин илэрхийлмээр байна.

Тэнд Бразил-Кот Дивуарын хэсгийн, АНУ-Ганын 1/8 шигшээ, Аргентин-Мексикийн 1/4 шигшээ тоглолтыг үзээд ирсэн. Уг нь Английн хөгжөөн дэмжигчийн хувьд тэднийг хэсгээсээ нэгээр гарна гэж най­даад Рустенбург хотод болох хасагдах шатны тоглолтын тасалбар худал­дан авсан. Гэтэл англичууд маань хэ­сэг­­­тээ хоёроор гарч жаа­хан харамсалтай юм бол­сон. Миний дэмждэг “Ливэрпүүл”-ийн ахлагч Стивэн Жэррард шигшээ багаа ахлан тоглож бай­сан юм. Ахлагчийнхаа тоглолтыг амьдаар үзэх цаг ирэх байлгүй дээ л гэсэн бодол тээсээр буцсан, үнэхээр ч нэг их удаагүй ээ.

-Таны тэргүүлдэг Мон­гол дахь Ливэрпүү­лийн хөгжөөн дэмжигч­дийн клуб тун идэвхтэй байдаг ...?

-Тийм ээ. Манай Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клубын нэг гол зорилго нь дэмж­дэг багийнхаа тог­лолтыг цэнгэлдэхэд нь үзэх аялалыг зохион байгуулах. 2011 оны зун Ливэрпүүл клуб Ази ти­вээр аялан тоглолт хийж урд хөршийн Гуанжоу хотод ирэхэд бид 11 хү­ний бүрэлдэхүүнтэй зорьж очин үзэж байлаа. Дараа нь Ливэрпүүлийн төрөлх цэнгэлдэх хү­рээлэн болох Анфилд руу аялах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж 2013 оны тав­дугаар сард фен клу­бын найман гишүүн Будант Альбионыг зорьж дэмждэг багийнхаа тог­лолтыг, орчин ца­гийн домог болсон ба­гийн ахлагч Стивэн Жэррардыгаа дэргэдээс нь харж жинхэнэ таашаал авч байсан юм.

Европын аварга шалгаруулах тэмцээний хувьд сонирхолтой хэдий ч нэг их зорьж очиж үзэх бодол төрдөггүй байсан ч 2012 онд Польш, Украинд болохоор нь тэсэлгүй явчихсан. Орчин үеийн хөлбөмбөгийн шилдэг тоглогчид, тэр дотроо хагас хамгаалагчдыг багтаасан Испани-Португалын тоглолтыг Донецк хотын Донбасс Аренад үзэж байсан маань бас л сайхан дурсамжийг сэдрээж байна.

-Таныг Бразил руу явна гэдгийг сонссон. Ертөнцийн нөгөө бөөрөнд болж байгаа юм чинь багагүй бэлтгэл орсон байх гэж бодлоо..?

-Энэ жилийн хувьд эртнээс бэлтгэлээ базааж өөрийнхөө хэмжээнд сайн судалсан. Найз болон найзынхаа андууд гээд дөрвүүлээ Бразил улсыг зорих болоод байгаа нь миний хувьд хамгийн олуулаа ДАШТ үзэхээр явж байгаа тохиолдол болж байна. Бид хагас шигшээ, гуравдугаар байрын төлөөх болон финалын тоглолтыг үзэх тасалбар авсан байгаа. Домогт “Маракана” цэн­гэлдэх хүрээлэнд ДАШТ-ий финалын тоглолт үз­нэ гэдэг хөлбөмбөг со­нирхогч хэн хүний бас нэгэн мөрөөдөл шүү дээ. Тийм болохоор мөрөөд­лийнхөө нэгээхэн хэсгийг бие­лүүлэх гэж байгаадаа тун ч сэтгэл хангалуун байна.

-Ярилцсанд баярлалаа. Таныг Бразилаас ирэхээр дахин уулзая?

-Сониныхоо редакцид урьж, сонирхолтой яриа өрнүүлсэн танай хамт олонд талархлаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

12 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 3 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 16 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 22 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 27 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 14 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 14 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 2 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 34 мин