С.САРУУЛ
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан дүүргүүдийн Засаг дарга нар болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай өргөтгөсөн уулзалт хийлээ. Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болох эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, Коронавирусийн халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудал энэ үеэр хөндөгдөж байв.
Дүүрэг бүрт Явуулын амбулатори ажиллаж эхэлснээр өвчтөнүүдийг хүнд, хөнгөн шинж тэмдгээр нь эрэмбэлж гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг бүрэн хяналтад авч, эмнэлгийн ачаалал буурч эхэлжээ.Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 0-18 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд олноор халдвар авч, хүндэрч байгаа нь зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч орны хүрэлцээ муу байна гэв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд хүчилтөрөгчийн аппаратаар хангах асуудлыг шийдэж өгөх саналыг Шадар сайдад уламжилсан юм. Энэ үеэр “Нөхцөл байдал амаргүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүндрэл, эрсдэл бодитоор нүүрлэж буйг ойлгож байна. Тодорхой байршлуудад 1,500 орчим ор дэлгэгдэнэ. Эдгээр газруудыг хүчилтөрөгчөөр бүрэн хангах бэлтгэл ажлыг хангаж 1000 орчим баллон захиалсан байгаа. Цаашид ч хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn