С.САРУУЛ
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулж, зарим төрийн байгууллагуудын 60 автомашиныг дайчилгаанд хэрэглүүлэхээр хүлээлгэн өгсөн юм. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Улсын хэмжээнд коронавирусийн тархалт нэлээд нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын ачаалал ихсэж байна. Иймд Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын 14 яамны буюу төрийн захиргааны албан тушаалтны ашиглаж байсан 60 автомашиныг түр хугацаанд коронавирусийн эсрэг дайчилгаанд ашиглуулахаар болсон. Тодруулбал, батлагдсан тохиолдлууд болон Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор нэг яамнаас таван автомашиныг эрүүл мэндийн салбарт ашиглуулахаар болж, үүнийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгч байна.Эдгээр автомашинуудыг НЭМГ хүлээж авч, цааш дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд гээд хэрэгцээ шаардлагатай газруудад хуваарилах юм” гэсэн юм.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд бусад яамд тус бүр таван автомашиныг дайчилж байна. Ингэснээр гэрээр эмчлэгдэж байгаа иргэнд болон ойрын хавьтлуудад шуурхай хүрч, эмнэлгийн тусламж үзүүлэх, эрэмбэлэн ангилах гээд маш олон үйл ажиллагаанд тус дэм болж байна. Эрүүл мэндийн байгууллага, эмч ажилчдын ачаалал өндөр энэ үед техник хэрэгслийн дутмаг байдлаас болж хариу арга хэмжээний багийн ажилчид иргэдэд хүрч очих эмнэлгийн тусламж үйлчилгээ хүндрэлтэй байсан. Тиймээс ийнхүү 60 автомашиныг хүлээлгэн өгснөөр дээрх асуудал шийдэгдлээ. Цар тахлын эсрэг ажилд хамтран ажиллаж байгаа бусад яамууддаа талархаж байна" гэв.
Эх сурвалж: www.polit.mn