С.САРУУЛ
Засгийн газар иргэдэд ковидгүй зуныг амласан. Гэтэл цар тахлын халдварын тоо буурах нь битгий хэл 24 цагт 2000 давлаа. Мөн халдвараас болж алтан амь үрэгдсэн харамсалтай мэдээтэй өглөөг угтдаг боллоо. Мэдээж нийтийн эрүүл мэндийг хамгаалах нь төрийн үүрэг. Төр иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад маш сайн анхаарч ажиллах учиртай. Тиймээс халдварын тархалтыг хумих А, Б, В гээд хэд ч хамаагүй маш сайн төлөвлөгөө боловсруулж хамаг сайнаараа хичээж ажиллах ёстой юм. Тэгвэл нөгөө талаас халдварын хамаг бурууг төрд үүрүүлэхээс урьтаж иргэд ухамсар, хариуцлагаа эргэж харах цаг иржээ.
Цар тахал тархчихаад байхад вакцинд найдаж хэдэн арав, зуугаараа зугаалж цэнгэж, баярлаж наадаж байна. Хамгийн наад зах нь вакцины дархлаа бүрэн тогтоогүй байхад маскаа тайлж олноороо цугларах нь эрсдэлтэйг ухамсарлах хүн цөөн байгаа нь харамсалтай. Мөн сүүлийн сар шахам өдөр алгасахгүй одон, медаль тарааж, орон нутагт сонгуулийн уулзалт хийсны гор энэ өдрүүдэд гарч байна. Сүүлийн гурав хоногт л гэхэд номын худалдаа хэссэн хүмүүс төв талбайгаар дүүрэн байх жишээтэй. Дэглэм зөрчиж ажиллаж байгаа караоке, баар ч цөөнгүй байгаа нь нууц биш. Амралтын өдрүүдэд бөөнөөрөө голын эрэгт найрлана. Ийм дүр зураг, үйлдэл хаа сайгүй байгаа нь Монголчууд өөрсдөө ковидгүй зуныг хүсэхгүй байгааг харуулж байна. Тиймээс шоуны арга хэмжээгээ зогсоож иргэд ухамсар, хариуцлагатай байхгүй л бол төрийн албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаад ямар ч үр дүн гарахгүй.
Эх сурвалж: www.polit.mn