
Ч.ЗОТОЛ
“Ярилцах цаг” булангийн зочноор МАН-ын нийгмийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Чинзоригийг урилаа.
- 2012 оны сонгуулиар Өвөрхангайд нэр дэвшиж өрсөлдсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн маргааны асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, Нэгдсэн сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаад хандсан гэсэн мэдээлэл гарсан. Та хоёрт ямар нэгэн хариу ирүүлсэн үү?
-Төрийн захиргааны байгууллагууд хуулиараа 30 хоногийн дотор иргэдийн хүсэлтэд хариу өгдөг. Хугацаа хараахан болоогүй байна. Энэ сарын дундуур хариу өгөх байх.
-Та хоёр өөрсөдтэйгээ холбоотой сонгуулийн маргаантай асуудлаар хандсан уу?
-Хамгийн гол нь сонгуулийн маргаантай асуудлууд одоо хүртэл дуусахгүй үргэлжилж байгааг нягталж цэгцлэх ёстой. Ялангуяа Өвөрхангайд үүссэн маргаантай асуудлыг шүүхийн оролцоотой шийдвэрлэсэн нь зөв үү, буруу юу. Шүүхээс гаргасан шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ зөв хэрэглэсэн үү, буруу хэрэглэсэн үү гээд асар олон зөрчилтэй асуудлууд байдаг. Н.Төмөрхүү бид хоёрыг насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэж буруутгадаг. Гэхдээ тэр хүүхдүүдийг хэн оролцуулсан бэ гэдгийг тогтоосон зүйл байдаггүй. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон бол хуулиараа МАН ч нэг субьект, Ч.Чинзориг ч, Н.Төмөрхүү ч ялгаагүй нэр дэвшигч. Шүүх үнэхээр насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон гэж үзэж байгаа юм бол хэн нь оролцуулсан бэ гэдгийг тогтоогоогүй. Тийм учраас асуудал мөн маргаантай. Нөгөөтэйгүүр, шүүх хүний гэм бурууг тогтоож болох ч бас л маргаантай байдлаар хандсан. Асуудлыг хэлэлцсэн Хан-Уул дүүргийн шүүх ч, Өвөрхангай аймгийн шүүх ч Чинзориг, Төмөрхүү хоёрыг буруутгаж, “Насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан байна” гээд байдаг атлаа ерөөс шүүх хурал хийгээгүй. Мөн ийм өргөдөл, нэхэмжлэл ирсэн, та хоёрыг буруутгаж байгаа юм байна гэдэг мэдээллийг бидэнд огт өгч байгаагүй. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн шүүх ч, Өвөрхангайн шүүх ч бид хоёрыг хариуцагчаар, гуравдагч этгээдээр, давж заалдах эрх огт олгоогүй. Энд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан. Нөгөө талаас шүүх зөвхөн нэг талын гомдлоор бүхнийг шийдэх биш буруутгаж байгаа талыг ч мөн сонсч, мэтгэлцээний зарчмаар асуудлыг шийдэх зарчимтай. Гэтэл энэ зарчим алдагдаад байгаа юм. Өөр нэг асуудал бол шүүх бид хоёрыг буруутгаж шийдвэр гаргалаа ч гэсэн Сонгуулийн тухай хуулиар тойргийн хорооны гаргасан шийдвэр эцсийнх байна гэсэн заалттай. Тойргийн хороо шийдвэрээ өөрчлөөгүй. Харин СЕХ “шүүхийн шийдвэр гарсан” гээд тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгосон. Тэгвэл Сонгуулийн тухай хуулиараа хэрэв тойргийн хорооноос олгосон түр үнэмлэхийг хүчингүй болгосон бол сонгуульд хамгийн өндөр санал авсан хоёр хүний дараагийн хүнийг сонгогдсонд тооцож Их хуралд өргөн барина гэсэн хуулийн заалт байдаггүй. Энэ мэтээр шүүх тэгш бус хандсан, СЕХ хуулийг буруу хэрэглэсэн зэрэг асар их зөрчил, маргаантай, эрх барьж байгаа нам хүчээр түрсэн, хөрөнгө санхүү гаргасан луйварчин, мөрийтэй тоглоомчдод боломж олгосон зүйлүүд байгаа учраас асуудлыг нээлттэй хэлэлцүүлж, нэг мөр болгох нь зүйтэй. Энд зөвхөн бид хоёрын эрх ашиг байгаа юм биш, нийт Өвөрхангайчуудын эрх ашиг зөрчигдөж байгаа. Нөгөө талаас ардчилал байх уу, үгүй юу гэдэг асуудал ч тавигдана.
-Тэгвэл өнөөдөр Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн гээд явж байгаа нь хэр зохистой вэ.Тэдэнд хууль эрхзүйн болон ёс суртахууны эрх байна уу?
-Хууль зүй талаасаа олон зөрчилтэйг би түрүүнд хэлсэн. Нөгөөтэйгүүр шударга ёс, хүн чанар, ёс зүй талаасаа тэр хоёр нөхөр парламентын гишүүн гээд, тэнд нүүрээ улайлгаж суухаасаа ичих хэрэгтэй. Г.Батхүү “Би Өвөрхангайн иргэдийг төлөөлнө. Би та бүхний сонгох эрхийг төлөөлж байна” гээд суух, үг хэлэх ёс суртахууны эрхгүй. Г.Батхүү, Д.Зоригт нар, Н.Төмөрхүү бид хоёроос 1500-6700 саналаар дутуу, маш бага санал авсан хүмүүс шүү дээ. Тэгээд ичих ч үгүй шүүхийн хуулиа илт зөрчсөн, ердөө нэг шүүгчийн захирамжаар “хэргийн эзэн, хэнгэрэгийн эзэн” гэж буруутгагдаад байгаа С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрыг огт оролцуулалгүйг гаргасан шийдвэрээр асуудал шийдээд байгаа нь Монголын ардчиллын түүхэнд хар толбо үлдээсэн маш том эмгэнэл. Хувь хүний хувьд ч гэсэн тэдгээр нөхдөд “Би Өвөрхангайг төлөөлж байна” гээд суух улаан нүүр байхгүй. Луйварчид, мөрийтэй тоглоомчдод, ичих булчирхай, санаа зовох зүйл хумсын чинээ ч алга. Түүнээс гадна тэр хоёр Өвөрхангайд ч гэсэн очиж чадахгүй байгаа. Д.Зоригт сонгуулиас хойш Өвөрхангай аймгийн босгоор ганц ч алхаагүй. Г.Батхүү ганц, хоёр удаа нутгийн дээс алхсан. Тэгэхдээ яаж байна гэвэл, өнгөрсөн сард Өвөрхангайд очиж иргэдтэй уулзалт хийсэн дүр үзүүлсэн байна лээ. Тэр нь зөвхөн өөрийнхөө намын хэдэн хүнтэй уулзсанаас цаашгүй. Ардын намын гишүүн юм асуух гэхээр “Зөвхөн бичгээр асуулт авна” гээд өөрийнхөө намынхнаар асуулт бичүүлж тэрэнд нь хариулсан болоод хам хум буцчихаж байгаа юм. Тэгэхээр тэр нөхөр Их хуралд Өвөрхангайн иргэдийг төлөөлөх эрхгүй, тийм чадамж, боломж ч өөрт нь алга. Хажуугаас нь харж байхад ийм л өрөвдөлтэй дүр зураг харагдаж байх юм. Харин Төрийн ордонд нэр хэмээгээд сууж байгаа юм биз дээ. Өвөрхангайнхантайгаа нүүр бардам очоод уулзчихаж чадахгүй, дандаа хулгай хийж яваа юм шиг, үдшийн бүрийгээр давхиж очдог. Тэгээд өөрийнхөө намын хэдэн хүнтэй уулзахаас хэтрэхгүй. Уулзаад тав гурван төгрөг өгчихөөд зугтдаг ийм л байдалтай байна. Хүнтэй уулзах нүүргүй болохоор сая очихдоо “С.Жавхлангийн тоглолттой, тоглолт хийх гэж байна” гээд Жавхлангаар гул барьж, нүүр хийж очсон дуулдана лээ. Хамгийн гутамшигтай нь төр, засгийн бодлогод өвөрхангайчуудын санал тусч чадахгүй байна. Тэд иргэдийг сонсч чадахгүй учраас орон нутгийн төсөв санхүү, хөгжлийн тухай өвөрхангайчуудын маань асуудал хоцорч, хохирч байна.
-АН олуулаа болохын тулд хүч түрэмгийлж Өвөрхангайн тойргийг булааж авлаа гэсэн шүүмжлэл тухайн үед гарч, хэвлэлүүд ч бичиж байсан. Гэсэн ч тэр асуудал эрчээрээ явсныг та юу гэж үзэж байна?
-2012 оны сонгуульд АН олонхи болоогүй учраас Их хурал дахь суудлынхаа тоог ямар ч хамаагүй үнээр нэгээр ч гэсэн нэмэгдүүлж засгийн эрхийг авахын төлөө хэт улайрсан ийм л асуудал. Тэр улайрлаасаа болж бүхэл бүтэн нэг аймгийн иргэдийн сонголтыг уландаа гишгэж байгаа нь харамсалтай.
-Энэ бүх асуудлын учиг болсон насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд хэн оролцуулсан юм бол?
-Батхүү, Зоригт нарын тавьсан занга байсан юм билээ. Нэг хүүхдийг нь сонгуулийн тойргийн хороонд ажиллаж байсан Мөнхбаяр гэдэг хүний дүү байна гэж тойргийн хороон дээр ярьсан тэмдэглэл бий. Тэр Мөнхбаяр гэгч нь АН-ын гишүүн, Ардчилсан намыг төлөөлж аймгийн тойргийн хороонд орсон байдаг. Нөгөө хүүхдийг нь Зүйл сумынх гэдэг. Сумын Засаг даргаар нь Баярсайхан гэж АН-ын гишүүн ажиллаж байсан. Түүний эгчийнх нь хүүхэд гэсэн. Ингээд үндсэндээ АН-ынхан зориуд тэр хоёр хүүхдэд МАН-ын подвольк өмсүүлж байгаад зургийг нь авсан байгаа юм. Тэрийгээ үндэс болгож хууль зөрчсөн байна гэсэн шийдвэрийг хүчээр гаргуулсан. Үнэхээр өөрсдөө занга тавьж, хүчээр хийгээгүй юм бол юундаа айгаад нуугдаад байдаг юм. Бид хоёрыг буруутгаж байгаа атлаа шүүх хуралд ганц ч ирдэггүй, тэр байтугай биднийг давж заалдах эрхгүйгээр хүчээр асуудлыг шийдүүлж байгаа нь ичгүүртэй, бас эмгэнэлтэй.
-АН нэгэнт олуулаа болсноор эвсэл байгуулж засаг барьсан. Засгийн ажлыг танай нам хэрхэн дүгнэж байна?
-Засгийн ажилд ганц манай нам ч биш иргэд бухимдалтай байгаа. Мөрийн хөтөлбөр нь л гэхэд хэрэгжиж байгаа юм алга байхад олон нийтийн зүгээс таагүй сэтгэгдлүүд хөврөхөөс аргагүй. Саяхан Их хурал дээр Засгийн газрын 2013 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн. Хэрэгжиж байгаагаасаа хэрэгжээгүй нь их байна. Олон зорилт дундаасаа тасарч алга болсон байх юм. Юуны өмнө нийгмийн хамгаалалтай холбоотой, ажилгүйдэл ядуурлыг бууруулах асуудал хангагдахгүй байна. Ялангуяа 2013 оны улсын төсвийг батлахдаа Засгийн газар ядуурлыг 29.8 хувиар бууруулна гэж баталсан байдаг. Гэтэл өнөөдөр бодит байдлыг аваад үзэхэд ядуурал буурах нь бүү хэл багагүй хувиар нэмэгдсэн байна.
-Танд ямар жишээ, баримтууд байна?
-Тухайлбал, монгол төгрөгийн худалдан авах чадвар 35-аас доошгүй хувиар суларсан. Энэ хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар унаж байна. Нөгөө талаас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ асар хурдацтайгаар нэмэгдэж байна. Бодитой тоо хэлэхэд, 2013 онд өрхийн орлого 10 орчим хувийн өсөлттэй гарсан, статистик үзүүлэлтээр. Тэгвэл 2012 онд өрхийн орлогын өсөлт 40 хувьтай гарч байсан шүү дээ. Үүнээс харахад зөвхөн 2013 онд л гэхэд өрхийн орлогын өсөлт 2.5 дахин буурсан байна. Гэтэл Засгийн газар үнийн өсөлттэй уялдуулан жил тутам цалин, тэтгэврийг нэмж байна гэсэн амлалтаа биелүүлсэнгүй. 2013 онд үнийн өсөлт, инфляц 13 хувьтай гарсан байхад цалин тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмсэнгүй. 2014 онд жаахан нэмсэн нэр хэмээлээ. Тэр нь тэтгэврийг 15 орчим, цалинг 10 хувь нэмсэн төдий. Энэ нь 2013, 2014 оны үнийн өсөлтийг нөхөж чадахгүй. Улсын хэмжээгээр өрийн сүлжээнд орчихсон. Эдийн засаг хямарсантай холбоотой манай улс олон улсын байгууллага, бусад улс орнуудад асар их өртэй болчихлоо. Иргэд ч их хэмжээний өр зээлтэй амьдарч байна. Судалгаагаар улсын нийт ажиллагсдын 30.5 нь цалингийн, тэтгэвэр авч буй ахмадуудын 83 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Үндсэндээ иргэд маань цалингаас цалингийн, зээлээс зээлийн хооронд амин зуулгаа өлөн зэлмэн залгуулсан байдалтай байгаа. Иргэдийн орлого нэмэгдсэн, ядуурал буурсан гэж хэлэх ямар ч үндэслэл алга.
-Ажилгүйдэл буурсан уу?
-Эрх баригчид ажилгүйдэл буурсан, буулгасан гэж мэдээлдэг. Гэтэл эсрэгээрээ байна. Ганц тоо хэлье, 2013 онд шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэний тоо өмнөх оноосоо 78.9 хувиар нэмэгдсэн. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 19.6 хувиар өссөн. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2013 онд ажилгүй болж ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэдийн тоо 2012 оныхоос 50 хувиар нэмэгдсэн байна. Ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2012 оныхоос хоёр дахин нэмэгдсэн. Энэ бүхнээс үзэхэд ажилгүйдэл, ядуурал огт буурсангүй. Тийм учраас МАН шүүмжлэхийн тулд шүүмжлээд байгаа юм биш, бодит байдал, статистик үзүүлэлтээс үзэхэд амьдрал сайжрахгүй байгааг тооцоо, судалгаатай хэлж байгаа юм.
-Энэ бүхнээс гарах, эдийн засгийг сайжруулах гарцыг та юу гэж үзэж байна?
-100 хоногт эдийн засаг сайжраад, ажилгүйдэл буурч, орлого өснө гэсэн байдал харагдахгүй байна. хамгийн гол нь төр, засаг хоёр зүйлд анхаарах учиртай. УИХ-д үндэсний зөвшилцөл бий болгох хэрэгтэй. Цөөнх гэж буланд шахалгүй хэлж ярьж байгаагаас нь оновчтой зөвийг нь авч хэрэгжүүлж нэгдсэн эрх ашгийн төлөө явах ёстой. Нөгөө талаас эдийн засгийн хууль эрхзүйн орчны тогтвортой байдлыг хангах учиртай. Мөн улс орныг хүндрэлтэй байдалд хүргэсэн данхгар бүтцийг хумих хэрэгтэй. Эдийн засаг хүндэрсэн хүнд үед тогтвортой байдлыг бий болгоё гээд хариуцлагагүй яам, сайд нарын толгойг илдэг байж таарахгүй.